Бутарч, үйрсэн будааны хугацаа нь дууссан байжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Бутарч, үйрсэн будааны хугацаа нь дууссан байжээ

Сар гаруйн өмнөөс зарим хэвлэл болон сошиал орчинд хуурамч будааны тухай мэдээлэл цацагдаж, иргэд ч энэ талаар хяналтын байгууллагуудад гомдол гаргасан байдаг.

Энэ дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  Монгол Улсад импортоор орж ирдэг 11 төрлийн будаанд шалгалт явуулжээ. Ингэхдээ "Сакура", "Алейка", "Бөмбөөлэй", "Фүжи", "Сувд" зэрэг 11 нэрийн цагаан будааг нэг сарын хугацаанд лабораториороор шинжилсэн байна.

Шинжилгээний дүнд "Агь" компанийн импортлон оруулж ирдэг "Слава", "Булган хүнс" компанийн "Жерак" будааны хугацаа дууссан зөрчил илэрчээ. Хугацаа нь дууссан дээрх будаануудыг "Боса", "Сансар" худалдааны төвүүд худалдаалж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, "Угаахаар цемент шиг үүрч, бутарч байна" гэх гомдол дагуулаад байсан будааны хадгалалтын горим алдагдаж, хугацаа дууссан байсныг өнөөдөр Мэргэжлийн хяналтын газраас албан ёсоор мэдээллээ.


  • Тухайн үед мэргэжлийн хяналтынхан "Будааны талаар мэдээлэл тараасан иргэд хэн нэгний захиалгаар компанийн нэр хүндэд халдаж байх магадлалтай" гэсэн байр суурьтай байсан юм. Тэгвэл иргэдийн гомдол үнэн болж, компаниуд хугацаа нь дууссан будааг иргэдэд худалдаалж байсан нь ийн тогтоогдлоо. Монгол Улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн улсаас импортын цагаан будаа оруулж ирдэг. Гэвч БНХАУ-аас ирдэг цагаан будааны 95 хувь нь хаяг шошгоны зөрчилтэй, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй гэх түгээмэл зөрчилтэй байдаг тухай өнөөдрийн мэдээллийн үеэр онцлов. Түүнчлэн импортын будаа оруулж ирдэг дотоодын томоохон компаниуд тухайн будааныхаа үйлдвэрлэсэн, савласан он сар, хугацааг зөрүүлж тавих зэргээр зөрчил гаргадаг нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тухайлбал, бүтээгдэхүүний савласан хугацааг үйлдвэрлэсэн хугацаа гэж шошго дээр тэмдэглэсэн байжээ.


  • Улсын байцаагчид шалгалтын явцад хадгалалтын хугацаа нь дууссан хоёр нэр төрлийн 93 килограмм цагаан будааг устгаж, 228 мянга 800 төгрөгийн торгуулийг "БОСА", "Булган хүнс" компанид тавьжээ. Компани, аж ахуйн нэгжүүд нэрийн бүтээгдэхүүнийх нь хадгалалтын хугацаа дууссан байхад хүнсний сүлжээ дэлгүүрүүдээс буцаан татан авалт хийгээгүй, шууд борлуулдаг байсан зэрэг зөрчлийг цаашид гаргахгүй байхыг хяналт, шалтгалтын байгууллагууд хатуу анхааруулж байна.

БЭЛТГЭСЭН Д.УЛАМБАЯР, Э.ЭНХБАТ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж