Токиод хөшгөө нээсэн хөрөнгө оруулалтын форум | News.MN

Токиод хөшгөө нээсэн хөрөнгө оруулалтын форум

Токиод хөшгөө нээсэн хөрөнгө оруулалтын форум

Токиод хөшгөө нээсэн хөрөнгө оруулалтын форум

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувьд өнгөрч буй долоо хоногт айлчиллаа. Айлчлал уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, Японы парламенттай хамтын ажиллагаагаа өргөтгөх гэсэн хоёр хэсгээс бүрдэв.

Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоогоод 47 жил болж буй. Энэ цагаас хойш хоёр улсын харилцаа жил бүр ахиж, шинэ түвшинд гарсаар ирсэн. Энэ хугацаанд хоёр улсын гадаад харилцаа 600 сая орчим ам.доллар болжээ. Хэдийгээр гадаад худалдааны тэнцэл харилцан адилгүй, Япон улсаас Монголын талд импортлох бараа бүтээгдэхүүний тоо бага боловч Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Хоёр улсын гадаад худалдааны дийлэнхийг мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, эсгийн урлал, хөнгөн цагаан тусгай зориулалтын машин, механизм, төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд Монгол Улс малын гаралтай түүхий эд, хөнгөн цагаан зэрэг цөөн тооны бүтээгдэхүүн экспортолдог юм байна.

Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцааны илгэлцэл суларсан, ялангуяа Монгол Улсын талаас сахилга муутай, хариуцлагагүй байж ирсэн ч сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр улсын харилцаа сайжирч байгаа гэдгийг энэ удаагийн айлчлалын үр дүнгээс харж болно гэдгийг албаныхан дүгнэж байлаа. Ялангуяа уул уухайн салбарт хөрөнгө оруулалт хийхээс эмээдэг япончуудын хувьд энэ удаад Токиод зохион байгуулагдсан “Япон, Монголын хөрөнгө оруулагчдыын форум”-д оролцогчдын тоо нэмэгдсэнээс харж болохоор байлаа.

Энэ удаагийн хөрөнгө оруулалтын форумд 300 гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалтын орчин болоод Монголын Засгийн газрын бодлогыг сонирхсон юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголыг сонирхож байгаагаа илэрхийлээд, тогтвортой, таатай хөрөнгө оруулалын орчин бий болгоход онцгой анхаарч буйг онцолж байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын хувьд ч хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, хөрөнгө оруулах боломж үргэлж нээлттэй байна гэдгийг форумын индэр дээрээс онцлон дурдсан юм.

Хөрөнгө оруулалтын форумд Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Монгол, Японы парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, нийслэлийн Иргэдийн хурлын дарга Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото форумыг нээж үг хэлсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар илтгэл тавьсан юм.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

-Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй ил тод орчин бүрдүүлж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого баримталж буй. 1990-2018 онд 23,9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн. Нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайн салбарт оруулсан нь тус салбарын эдийн засагт эзэлж байгаа байр суурийг тод харуулж байна гэж дүгнэж байна. Монгол Улсын уул уурхайн төслүүд хөрөнгийн биржид гарч эхэлж, цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай мэдээ бий. 2018 онд Тронтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн байна. Цаашид энэхүү үйл явц улам эрчимжиж, шинээр компаниуд давхар бүртгүүлэх сонирхлоо илэрхийлж байгааг онцолъё.

УИХ-аас Тавантолгойн бүлэг ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэлх хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжаалах шийдвэр гарснаас хойш бэлтгэл ажлаа хийж байна. IPO хийх хөрөнгийн эх үүсвэрийг төмөр зам, эрчим хүч, авто зам, нүүрс угаах үйлдвэр зэрэгт 5,2 тэрбум ам.доллар бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар Монголоос экспортлох нүүрсний тоо болон чанарыг нэмэгдүүлэх, ОХУ болон БНХАУ-ын бүс нутгаар дамжуулан Зүүн хойд Азийн улсуудад коксжих нүүрсээ нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Хөрөнгө оруулагч та бүхэнд энэ чиглэлээр хамтарч ажиллах санал нээлттэй байгааг энд онцолъё. Монгол Улсын хөгжлийн 149 төсөлд 20,4 тэрбум ам.долларын санхүүүжилтийн тооцооллыг гаргасан. Тиймээс хөрөнгө оруулагч та бүхэн бидэнтэй хамтран ажиллах, харилцан ашигтай, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхний хамтын хүчин чармайлт чухал юм. Бүс нутгийн хамтын ажиллагаа гэдэг нь ганц нэгээрээ хожих бус, бүгдээрээ хожих боломж бий болгодог, бизнесийн ихээхэн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА:

-Монгол Улсыг ардчилсан тогтолцоотой, залуу боловсон хүчинтэй, маш их баялагтай, хөгжлийн эхний шатандаа явж буй, дунд болон урт хугацаандаа хөгжих боломжтой улс гэж дэлхий нийт дүгнэж байна. Өнгөрсөн хугацаанд бид алдаж, оносон ч маш их зүйлийг суралцсан. Цаашид хууль эрх зүйн орчноо сайжруулж, хөрөнгө оруулагчдад нээлттэй улс болж байгаа гэж олон улсад дүгнэж байна. Канад улсад Европын сэргээн босголтын банкны Уул уурхай хариуцсан захирал “Алдаатай оноотой ч гэсэн Монгол Улс зөв замаар явж байна. Уул уурхайн салбарын хамгийн том тоглогч удахгүй болно гэдэгт дэлхий даяар итгэлтэй байгаа. Үүн дээр хамгийн түрүүнд зөвөөр, харилцан ашигтай хэн уул уурхайн салбарт орж чадна тэр компани, улс орон ашиг хүртэнэ” гэж хэлж байсан.

Бид хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн орчноо сайжруулахын тулд хичээж ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс мэдээ, мэдээллээ солилцохыг шаарддаг. Бид өнөөдрийг хүртэл Япон улсаас үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт татаж ирсэн. Бид Япон руу экспортолж байгаа нь бага, Японоос Монгол руу оруулж байгаа хөрөнгө оруулалт их, ялангуяа автомашины салбарт их өндөр байдаг. Уул уурхай, тэр дундаа тоног төхөөрөмж, техник татах зорилготой байгаа. Уул уурхайгаа дагаад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ, түүхий эдийн боловсруулалт дээр Япон улстай хамтран ажиллах боломж бий. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бас их байна гэж харж байна.

Монгол Улсыг уул уурхайн салбарын уналт, босолтыг дайраад гарч ирсэн учраас алдаа онооноосоо юу суралцсан, өнгөрсөн хугацаанд гаргасан алдаатай бодлогоо яаж сайжруулсан гэх мэт зүйлийг хөрөнгө оруулагчид их анхаарч байх шиг байна. Бид ч дотооддоо хууль эрх зүйн орчноо сайжруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж байна. Одоо бий болсон давуу талаа хөрөнгө оруулагчдад таниулж чадахгүй байна уу гэж хараад байна. Тиймээс бид хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр олон ажил хийх шаардлагатай байна.

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ П.ГАНХҮҮ:

-Япон улсын хувьд эрчим хүчний салбарт маш их тусламж үзүүлснийг Монголын ард түмэн мэднэ. Одоо хөгжлийнхөө энэ харилцааг арай өөр шатанд гаргаж, харилцан ашигтай төслүүд хэрэгжүүлье. Уул уурхайн нөөц дээр суурилсан Японы өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүн хийх чиглэлээр хамтран ажиллая гэдэг байдлаар төслүүдээ танилцууллаа. Бид гуйж явах биш, харилцан ашигтай төслүүд дээр хамтарч ажиллаач гэсэн саналаа тавьж байгаа юм. Тухайлбал, нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүн болгодог өндөр технологийн үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингээж, хөгжих боломжтой гэж харж байгаа юм. Энэ хүрээнд төслүүдээ танилцууллаа.

Бидний хувьд энэ удаад дөрвөн төсөл танилцуулсан. Тодруулбал, мөнгөний төсөл, нүүрс боловсруулах, зэс хайлуулах зэрэг төслөө танилцууллаа. Цаашид төслөө хэрэгжүүлэх, үр ашигтай болгохын тулд хоёр тал үе шаттай хамтарч ажиллах шаардлагатай. Зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтой гэдэг саналууд ч эхнээсээ гарч эхэлж байна. Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх, хууль эрх зүй нь өөрчлөгдөөд байдаггүй, хадгалагдаж байх гэдэг дээр анхаарлаа хандуулж байгаагаа хөрөнгө оруулагчид онцолж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчидтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн бодит өсөлтийг зорилтот түвшинд хүргэхийн тулд эрчим хүч болон дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй охин компаниудыг ерөнхий удирдлагаар ханган, компаниудын засаглал, хөгжлийн стратегийн асуудлыг Засгийн Газрын бодлого чиглэлтэй уялдуулан ажиллаж байна. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх хүрээнд бид нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч байна.

“Эрдэнэс Монгол” ХХК эдийн засгийн шинэ салбар бий болгож, нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлж байна. Австралийн Жейд метан компанитай хамтран “Эрдэнэс метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүллээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр шийдлээ хүлээж буй агаарын бохирдлыг бууруулахад энэхүү төсөл чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа юм.

“Эрдэнэс Монгол” ХХК БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүллээ.  Охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын “Sinosteel” компанитай хамтран нэмүү өртөг шингээх “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж буй нь манай улсын хувьд аж үйлдвэрийн цогцолборын эхлэл болохоос гадна гангийн экспортлогч болох ирээдүй хэмээн харж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2019-09-23 202.126.88.131

Esgii xiix gazar noxoi xereggyi gej …. ter b*** Oyunchimeg ch bas yuv

Avatar

Зочин 2019-09-23 202.9.45.124

Rio tintogiin ytsan xvvxeldei yrbagch Sumayabazarkyydig yux d daxij songoj blxgvi xariytslaga tootsii Xatyy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж