"Эрдэнэт үйлдвэр" 790 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт үйлдвэр" 790 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2019.09.22/ Орхон аймагт ажиллалаа. Тус аймагт ажиллах үеэрээ Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Бэрэн металл” ХХК-ийн  гангийн үйлдвэр, "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ, "Эрдэнэт" дулааны цахилгаан станц /ДЦС/-ын өргөтгөлийн ажлуудтай танилцсан юм.


“Эрдэнэт” Шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-ын хувьд 2017 онд байгуулагджээ. Тус газар нь сургалт явуулах, судалгаа хийх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бөгөөд орон нутгаас 2017 онд 350 сая төгрөг, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 250 сая, 2019 оны эхний хагас жил 180 сая төгрөг нийтдээ 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. 2017 онд эхний хөрөнгө оруулалтаараа гагнуур электродын үйлдвэр, хүнд элементийн сорилтын лаборатори хоёрыг анх байгуулжээ.

Улмаар тус  оны 12 сар гэхэд 500 сая төгрөгийн борлуулалт хийсний зэрэгцээ орон нутгаас өгсөн хөрөнгө оруулалтаас илүү, парк өөрөө  хөл дээрээ босох нөхцөл бүрэлдсэн байна. Өнөөдрийн байдлаар тус паркт гагнуурын электродын үйлдвэр, хүнд элементийн сорилтын лаборатори, бизнес хөгжлийн төв, дөрвөн улирлын хүлэмж байхаас гадна парк өөрийн дөрөв, иргэд аж ахуйн нэгжүүдийн 29, нийт 33 үйлдвэрлэл, үйлчилгээг ажиллуулж буй.

2019-2020 ОН ГЭХЭД ПАРКИЙН ЦОГЦОЛБОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ 

“Эрдэнэт” Шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-ын захирал  Г.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэр маш том үйлдвэрлэл явуулж байна. Үүнд бид судалгаа хийсний үндсэн дээр  50 орчим үйлдвэрлэл байгуулах боломжтой гэж үзсэн. Эдгээр үйлдвэрлэлүүдийг байгуулах хамгийн эхний загвар болсон зургаан үйлдвэрийг паркийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхээр ажиллаж байна. Аймгийн зүгээс 10 мянган метр квадрат зай талбайг дэд бүтэцтэй нь бидэнд гаргаж өгсөн. 2019-2020 он гэхэд паркийн цогцолборыг ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна. Паркийн цогцолбор барилга баригдсанаар олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэгчид хамтдаа хөгжих нөхцөл бүрдэнэ, орон нутгийн татварын болон бусад орлого нэмэгдэж орон нутагт 100 орчим хүний ажлын байр шинээр бий болох юм. Дээрх үйлдвэрт 780 сая орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэв.

“Эрдэнэт” Шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ нь өдгөө социализмын үед хаягдсан байрыг амь оруулж ажиллуулаад байгаа бөгөөд хөрөнгө оруулалт хийхээр ирсэн хүмүүс түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг хэмээн халагладаг аж. Тиймээс тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Шинжлэх ухаан технологийн паркийг өөрийн гэсэн байртай болгох мөн  паркийн цогцолбор барилгын санхүүжилтийн асуудал дээр туслалцаа хүссэн юм.

ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ БҮРЭН ХЭМЖЭЭНД ЭХЛҮҮЛЭХЭД ОЙРОЛЦООГООР АРВАН САЯ АМ.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

Дараа нь “Бэрэн металл” ХХК-ийн гангийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэрийн нийт талбайн хэмжээ 16.5 га газар бөгөөд үйлдвэрийн үндсэн байгууламжаас гадна цахилгааны дэд станц, хүчил төрөгчийн станц, ус цэвэрлэх байгууламж, усны эргэлтийн систем,тоос цэвэрлэх байгууламж зэрэг туслах байгууламжийг агуулсан цогцолбор үйлдвэр гэдгээ ихээхэн онцлог юм. Үйлдвэр нь жилд 200.000 мянган барилгын арматур бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 500 мянган тонн барилгын арматур импортолдог байна. Ойрын  хугацаанд үйлдвэрлэл илүү сайн хөгжвөл импорт нэг сая тонн хэмжээнд хүрэх боломжтой аж.

Төмөрлөгийн үйлдвэрийн төслийн удирдагч Л.Бямбадорж “Манай үйлдвэрийн бүтээн байгуулалт 2014 оноос эхэлсэн. Үндсэндээ гангийн  үйлдвэрийн эцсийн шат дамжлага 2020 оны тавдугаар сард  бүрэн хэмжээнд ашиглалтад орно. Мэдээж хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байна. Үйлдвэрлэлээ бүрэн хэмжээнд эхлүүлэхэд ойролцоогоор арван сая ам.доллар шаардлагатай. Одоохондоо гангаас бусад үйлдвэр ажиллаж байгаа учраас нийт зах зээлийн 40-50 хувийг өөрсдийнхөө үйлдвэрээс хангахаар ажиллаж байна” гэлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс дотооддоо 3-4 зүйлийг үйлдвэрлэх ёстой гэдгийг тодотгож байлаа. Тэрбээр "Нэгдүгээрт эрчим хүчээ гаднаас бус дотоодоосоо хангах. Хоёрдугаарт нефтийн үйлдвэртэй болох. Цементийн үйлдвэр байгаа болохоор гангийн үйлдвэрээ  хөл дээр нь босгосноор улсын том бүтээн байгуулалтын ажил өрнөх боломжтой" хэмээн онцолж байсан юм.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ОНЫ ЭЦЭСТ 790 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр" нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон билээ. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтууд 100-аас дээш хувиар биелсэн байна. Тухайлбал, улс орон нутгийн төсөвт энэ оны эхний наймдугаар сард 688 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол оны эцэст 790 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр байгаа аж. Эрдэнэт овооны орд газрыг анх ашиглаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 370 метр гүнзгийрсэн бөгөөд цаашид Эрдэнэтийн овооны орд газрыг 700 метр хүртэл ил уурхайгаар ашиглах боломжтой юм. Тодруулбал, ил уурхайн гүнд орчимд сүүлийн гурван жил геологи хайгуулын ажлыг идэвхтэй хийсний үр дүнд 2006 онд дээрх орд газрын нөөц баялаг 40 жил ашиглаад дуусна гэсэн яриа байсан бол цаашид 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тодорхойлж чаджээ.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт овооны орд газрыг анх ашиглаж байсан үетэй одоог харьцуулах юм бол хүдрийн агуулга хоёр дахин буурсан. Уурхай гүнзгийрэх тусам хүдрийн агуулга буурч, хатуулаг нь нэмэгдэж байна. Уурхайчид бидний хэллэгээр уул геологийн нөхцөл хүндрэх талдаа байна. Технологийн сайжруулалт уулын ажлын зөв горимоор өртөг зардлаа хямдруулаад, ашигт ажиллагааны түвшинг хэвийн хэмжээнд барьж байна.

Хэдийгээр зэсийн үнэ унаж байгаа ч гэсэн бид өртөг зардлаа хямдруулах чиглэлээр нөхөж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх зардлаа биелүүлнэ. Улс орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгө уурхайчид бидний бодитоор үйлдвэрлэж байгаа үндэсний баялаг. Газрын хэвлий дор байгаа нөөц баялгийг газрын гадаргуу дээр гаргаж боловсруулаад тэрийгээ экспортлох эцсийн үр дүн нь ашиг. Бид сүүлийн гурван жил үйлдвэрлэлдээ өөрийн хөрөнгөөс  250 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Ингэж шинэчлэгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ажиллагааны түвшин арав орчим хувиар дээшилсэн. Ерөнхийдөө өвлийн бэлтгэл ажил дууссан. Засгийн газраас хүсэх зүйл алга харин ажилчдын цалин хөлсийг нэмэх асуудлаар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзоригтой ярилцаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид мэргэшсэн хүн бүрийг бүх шатанд ажиллуулах боломжийг У.Хүрэлсүх таны  тэргүүлсэн засгийн газар бидэнд олгосонд уурхайчид бид талархалтай байгаа” хэмээв. 

ЭРДЭНЭТИЙН ДЦС-ЫН ӨРГӨТГӨЛИЙГ 2020 ОНД АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Эрдэнэтийн ДЦС Төрийн өмчит хувьцаат компанийг CC-35 Mвт-ын турбогенератороор өргөтгөх ажлыг  наймдугаар сард эхлүүлжээ. Нийт өртөг 51.8 сая ам.доллар бөгөөд 2020 оны наймдугаар сарын 16-нд ашиглалтад хүлээлгэж өгөх юм.Өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын төрийн өмчит “Хунан индастриал екүймэнт инсталэйшни компани” гүйцэтгэж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бидний хамгийн чухал асуудал бол эрчим хүч. Эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх нь улсын аюулгүй байдалтай холбоотой. Гаднаас эрчим хүч авахаа байвал үнэ нь буурч  1.5 тэрбум ам.доллар Монголд үлдэнэ гэсэн үг. Улмаар ам.долларын ханш буурахаар мах,талхны үнэ буурна.

Бид суурь асуудлаа олон жил харалгүй явсан байна. Тийм учраас эрчим хүч, нефть, хүнс, үйлдвэрийн асуудлуудаа дотооддоо  шийдчих юм бол Монгол Улс  хөл дээрээ босоход ойрхон байна. Үүнд сэтгэл гарган ажиллаж, хөрөнгө мөнгөө эдгээр салбарт харамгүй зарцуулах ёстой” гэдгийг тодотгож байлаа. Өнөөдөр /2019.09.23/ Ерөнхий сайд Булган болон Хөвсгөл аймагт ажиллах бөгөөд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзах юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж