Гэр хорооллын замыг “халтуурддаг”-аа больё! | News.MN

Гэр хорооллын замыг “халтуурддаг”-аа больё!

Гэр хорооллын замыг “халтуурддаг”-аа больё!

Гэр хорооллын замыг “халтуурддаг”-аа больё!

Энд тэндгүй нүх үүсч, машин явахад ч бэрх болсон өгсүүр замаар машинууд сүлжилдэнэ. Уруудаж байгаа машинууд ч ялгаагүй аль болох нүх тойрч гарахыг хичээн, тормоз гишгэн урагшилж харагдав. Зарим жолооч машиныхаа аль нэг хэсгийг нүхэнд цохих нь хэвийн үзэгдэл болжээ.

 Өөд уруу сүлжилдсэн машинуудын дэргэдүүр өнгөрсөн иргэд цагаан тоосонд дарагдаж, дэмий л гараа савчуулах аж. Төв замтай нийлсэн уг туслах зам хичээл сургууль эхлэх, тарах цагаар хөл хөдөлгөөн ихтэй болдог байна.

“ӨДӨР БОЛГОН ТООС ШОРООНД ЯВСААР ХАРШИЛТАЙ БОЛСОН”

Сургуулийн хүүхдүүдийн гутал, хувцас замын тоосонд дарагдаж, ойр хавьд амьдардаг оршин суугчдын гэр, байшин, хашаа тэр чигээрээ тоосонд хучигдсан байх юм. Энэ зам бол Чингэлтэй дүүргийн 16-р хороо буюу Хайлааст, Баянхошууг холбосон 2.8 км авто замын эхлэл хэсэг. Анх энэ замын ажлыг 2016 оны зургадугаар сарын 10-ны өдрийн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  118 дугаар тогтоолоор Хувьсгалчдын гудамжнаас Хайлаастын авто зам хүртэлх замыг “Рингроуд” компанитай концессийн гэрээ байгуулан хийлгэхээр баталж байжээ.

Гэтэл өнөөдөр /2019.09.23/ хатуу хучилттай замын эхлэл хэсэг нь шороон зам болоод байна. Учир нь замын эхлэл хэсгийн 200 метр өгсүүр газрыг шороогоор нь үлдээснээс борооны усанд урсан шороонд дарагджээ. Иргэдийн зүгээс байнга тоос шороотой орчинд амьдарч байгаагаас эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх болсон тухай ярьж байв.

Сонгинохайрхан дүүргийн  28 дугаар хорооны иргэн Л.Болормаа “Манайх энэ хавьд амьдардаг. Би өдөр бүр энэ замаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ машинтай, машингүй зөөдөг. Өдөр бүр тоос шороотой газраар явсаар байгаад тоосны харшилтай болсон. Одоо амны хаалт зүүсэн ч гэсэн ханиалгаад байдаг болсон” гэв.

“Засмал замтай болсноор хойшоо Хайлааст руу явахад хотын түгжрэл дунд цаг алдахгүй амар болсон. Гэтэл хатуу хучилттай замын өсгүүр хэсэгтээ 200 метр газар дутуу орхисноор зам дагуу амьдардаг айлуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Манайх гэхэд өдөр, шөнийн алинд нь ч цонх, хаалгаа онгойлгох эрхгүй болсон. Хашаандаа чацаргана жимсний мод тарьдаг ч сааралтсан шороонд дарагдаастай. Бусад дүүргүүдээр явахаар ийм газрыг чулуун замаар хийгээд арга хэмжээ авчихсан харагддаг. Гэтэл шинэ зам тавиад жил гаруй болсон ч өдийг хүртэл 200-хан метр газрыг засч, янзлахгүй байгаад гайхаж байна. Бороо орсны дараа зам барьсан компанийн ажилчид гээд 20-30 хүн ирж цэвэрлэж харагддаг. Тэр илүү зардал гаргахын оронд замаа л гүйцээгээд тавьчихмаар санагдах юм” хэмээн тус хорооны иргэн Б.Тэмүүжин бухимдангуй ярилаа.

“ТЕНДЕР ЗАРЛАСАН. ГЭХДЭЭ НЭГ Ч КОМПАНИ ОРОЛЦООГҮЙ”

 Энхэл донхол замаар уруудаж явсан машины жолооч Д.Батсайхан “Би энэ замаар байнга явдаг. Энэ замаар машинтай явахад их хэцүү. Бороо орсны дараа бүр явах аргагүй болдог. Хойшоогоо хатуу хучилттай зам тавьчихаад яагаад ийм хэсэг зам үлдээснийг ойлгохгүй юм. Улс төрийн сонгууль хүлээгээд байдаг юм уу, бүү мэд. Энэ зам дээр машин тэргээ эвдэлсэн хүмүүс зогсож харагддаг. Би бас машинаа эвдэлж л байсан. Байнга ийм замаар явахаар машины амортизатор дороо эвдэрчих юм” гэлээ.

Замын эвдрэл гэмтлийн талаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны дарга П.Тунгалагаас тодрууллаа. Тэрбээр “Манай хорооны иргэд шинэ тавьсан замын эвдрэл гэмтлийн талаар гомдол санал их хэлдэг. Анх “Рингроуд” компанитай концессийн гэрээ байгуулж, ажлаа дуусган хүлээлгэж өгөхөд 600 метр газрыг шороон замаар нь үлдээнэ гэсэн. Тэгээд хорооны зүгээс ядаж 200 метр газар үлдээх хүсэлтийг тавьсан юм. Үлдсэн 200 метр налуу газрын замыг мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч тавих ёстой гэж хэлсэн. Хэдхэн хоногийн өмнө есдүгээр сарын 10-нд чулуун зам тавих тендер зарлахад нэг ч компани оролцоогүй юм билээ. Компаниудын зүгээс чулууны олдоц муу байна гэдэг хариултыг өгч байгаа гэсэн.

Өнгөрсөн хугацаанд 10 гаруй чулуун замын компаниудад газраа үзүүлсэн боловч хийж өгөх компани олдсонгүй. Замын ажил гүйцэтгэсэн компаниар шороон замын эвдрэлийг таван удаа янзлуулж, шороог нь цэвэрлүүлсэн. Хорооны мөнгөөр хоёр удаа янзалсан. Одоо хэд хоногоос дахин шороог нь хусахаар төлөвлөөд байна” гэв.

ЧУЛУУН ЗАМ ТАВИХАД 751.6 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ  

Шороон замаар машинтай явж байсан жолооч Э.Гомбодорж ярихдаа “Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Гэхдээ энэ замаар байнга явдаг. Энэ шороон замаар бороо орсны дараа машинтай явахад их хэцүү. Хойгуур шороон замаар явах гэхээр бас жалга ихтэй явахад хүндрэлтэй байдаг. Одоо эвдрэлтэй ч гэсэн энэ замаар өдөр болгон л явж байна. Манай машины дөрвөн амортизатор муудаад, саяхан сольсон” гэж учирлаж байв.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтан Х.Оргилсайхан “Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг холбосон 2.8 км хатуу хучилттай замын зургийг анх 2013 онд гаргаж, 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажлыг гүйцэтгэж, 2017 онд ашиглалтад оруулсан. Иргэдийн зүгээс “Замын эхлэл болон төгсгөл хэсгийн 200, 300 метр хэсэгт чулуун хучилт хийж өгөөч” гэдэг хүсэлтийн дагуу шороон замыг үлдээсэн. Чулуун зам тавихад тусдаа төсөв хөрөнгө баталж, тендер зарлах шаардлагатай байдаг. Одоо энэ ажлыг хийх 751.6 сая төгрөгийн төсөв батлагдаад, гүйцэтгэх компанийн тендер шалгаруулалтын шатандаа явж байна” гэсэн юм.

Гэр хороолол дундах зам барилгын ажлын төсөв хөрөнгөөс нь “хумсалж”, сэтгэлгүй ханддаг хандлагыг өөрчилье. Монгол Улсын иргэн хаана ч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл өнөөдөр бүтээн байгуулалт нэрээр иргэдийн эрхийг зөрчиж байгаа нь үнэхээр харамсалтай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 202.126.89.162

Баянгол дүүрэг гэж юу ч хийдэггүй дүүрэг нэг байнаа. 4 тэрбумын Явган хүний гарцны хэдэн төмөр л энэ жил гагналаа. Энэ жил бороо их орсоныг хэлэх үү энэ дүүрэгт харъяалагддаг бүх замууд нь битүү нүх сүв. Гэр хорооллын замаа засаж сайжруулна гэж байхгүй. СОНГУУЛЬ болохоор жоохон шороо түрж чулуу овойлдог дүүрэг дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж