Дарсанд ногдуулах тусгай зөвшөөрлийн татварыг нэмсэн ч дотоодын усан үзмээр дарс нэрдэг аж ахуйн нэгжүүдэд ашигтай тусч байна хэмээн ОХУ-ын Усан үзмийн дарс үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Леонид Попович РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэлжээ.
ОХУ-ын Төрийн Дум дарсанд ногдуулах тусгай зөвшөөрлийн татварыг ирэх 2020 оноос нэмэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2019.09.19/ баталсан юм. Татварыг шатлалтайгаар нэмэх юм. Тухайлбал, одоо нэг литрт ногдох татвар 18 рубль байгааг 2020 онд 31, 2021 онд 32, 2022 онд 33 рубль болгон нэмэгдүүлнэ. Харин оргилуун дарсны татвар одоо 36 рубль байгаа бөгөөд үүнийг 2020 онд 40, 2021 онд 42, 2022 онд 43 рубль болгон нэмэгдүүлнэ.
Хэдийгээр ийнхүү нэмж байгаа ч Оросын газар нутагт ургуулсан усан үзмээр нэрсэн бол татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан юм. Энэ нь импортын дарсны үнэ өснө гэсэн үг юм.
“Дотоодын дарс үйлдвэрлэгчдэд энэ шийдвэр ашигтай тусч байна. Өөрсдөө усан үзмээ тариалаад, түүгээрээ дарс хийх сэдлийг өдөөж байна” хэмээн Леонид Попович хэлсэн байна.
Орос улс дарс үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой ч үндсэн түүхий эд дутагдалтайн улмаас гадаад орноос үндсэн түүхий эд болон бэлэн дарс авдаг. Төрийн Думын шийдвэр дотоодын дарс үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг олгож байгаа ч гадаад орноос дарс импортлох байдал 2030 он хүртэл хадгалагдах байх хэмээн Холбооны согтууруулах ундааны зах зээлийн судалгааны төвийн ерөнхий захирал Вадим Дробиз хэллээ.
Холбоотой мэдээ