Монголчуудын зүрх сэтгэлд ариун дагшин Цастын орон гэдгээрээ хадгалагдан байдаг Түвд газар. Дэлхийн дээврийг эзэгнэн суух хувь төөрөгт төрсөн түвдчүүд өнөөдөр мянган жилийн баялаг түүх, соёлоо хадгалахын зэрэгцээ орчин цагийн хурд нь гүйцэгддэггүй амьдралын хэмнэлийг хэдийнэ өөртөө шингээжээ.
Түвд бол БНХАУ-ын онцгой эрхэт таван автономит бүсийн нэг. Хятадын баруун өмнөд хил дагуу нэг сая 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршино. Энэтхэг, Балба, Бутантай хиллэнэ. Сүүлийн тоо баримтаар гурван сая 430 мянган хүн ам Түвдийн өндөрлөгт оршин сууж байгаагийн 90 гаруй хувь нь түвдүүд. Хятадын засаг захиргааны нэгж дотор хамгийн сийрэг суурьшилтайд тооцогдоно. Газар нутгийн зонхилох хэсэг нь далайн түвшнээс 4000 метрээс өндөр.
Олон жил хаагдмал шахуу байсан Түвд орныг нээлттэй болгох Хятадын удирдлагын бодлого ид хэрэгжиж байна. Үзэсгэлэнт охиноо хүний хар нүднээс далд байлгаж байгаад хадамд гаргах цаг болонгуут өмсгөл зүүлттэй нь олны нүдэнд ил гаргаж, бусдын нүдийг хужирлаж буй эцэг шиг.
2018 оны тоо баримтаар Түвдэд 30 сая жуулчин зорчсон нь өмнөх 2017 оноос 31,5 хувь өссөн үзүүлэлт ажээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл Түвдийн аялал жуулчлалын орлого 2018 онд 49 тэрбум юаньд (ойролцоогоор 7,2 тэрбум ам.доллар) хүрсэн нь өмнөх 2017 оноос 29 хувиар өссөн дүн юм. 2019 онд 40 орчим сая жуулчин хүлээн авах таамагтай.
ХУУЧИН ТӨРХ
Жуулчдыг хамгийн их татдаг газрууд бол Буддын шашны 500-1000 илүү жилийн настай буддын сүм, хийдүүд. Мөн Лхасын Потала ордон.
Түүхээс авч үзвэл түвдүүдийн уламжлалт шашин бол Бонийн шашин. VII зууны эхээр Түвдийг сэргээн мандуулсан Соронзонгомбо хаан Цастын орноо энх амар төнхнүүлэх зорилгоор хөрш Балба болон Тан гүрнээс тус тус гүнж буулган авсан бөгөөд эдгээр гүнж Цастын орноо Буддын шашныг түгээн дэлгэрүүлсэн түүхтэй. Монголчуудын сайн мэдэх Их Зуу бас Мөнхий Зуу ч гэдэг хийдийг энэ хоёр гүнж үндэслэсэн. Эдүгээ Их Зуу хийдийн хаалга, довжоо, өнцөг булан бүр хэдэн зууны туршид мянган мянган сүсэгтэн, мөргөлчдийн хөлийн ул, гарын алганд мөлийн толийснийг харж болно.
Лхас хотын хойд чигт Улаан ууланд /Хурмастын шүтээн уул гэж мөн хэлдэг/баригдсан Потала ордныг эх суурийг мөн Соронзонгомбо хааны үед тавьж, тавдугаар Далай ламын үед барьсан. Потала ордныг бариулсан гол хүн нь монголчуудын Түвдэд тохоон томилсон Дэсрид Санжаажамц бөгөөд тавдугаар Далай лам жанч халсныг 15 жил нууцлан байж, хөрөнгө санхүү шийдүүлэн Потала ордныг босгосон ажээ.
Потала ордон 130 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 13 давхар, далайн түвшнээс 3600 метрийн өндөрт оршдог, дотроо 2000 гаруй тасалгаатай. Потала ордон Улаан ордон, Цагаан ордон гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ ордонд хэд хэдэн Далай ламын бунхан бий. Бунхан болгон урлагийн давтагдашгүй, хосгүй эрдэнэд тооцогдоно.
Нэг бунханд багадаа 450-500 кг алт орж, хэдэн зуун ширхэг үнэт чулуугаар чимэглэсэн. Энэ их эд баялаг нь сүсэгтнүүдийн өргөл барьц юм. Тэр дундаа Монгол газар нутагт шарын шашин дэлгэрснээс хойш Ар Монголын сүсэгтнүүдийн өргөсөн алт мөнгө голдуу хатуу эд баялаг Потала ордонд урлагийн бүтээл болон хувирчээ.
Потала ордныг 1989, 1994 онд сэргээн засварлажээ. 1994 оны сэргээн засварлах зардалд 200 орчим сая юань зарцуулсан хэмээн ордны тайлбарлагч Янжмаа бүсгүй хэлсэн. Өдөртөө 5000-6000 орчим хүнийг хүлээн авдаг. Потала ордныг үзэх сонирхолтой хүний хөл татардаггүй ч ордны даац, аюулгүй байдлыг бодолцон 6000-гаас хэтрүүлдэггүй байна.
ДОМОГ
Цастын орон үлгэр домог ихтэй. Түвдийн газар нутгийн хэлбэр нь дээшээ харсан эм мангасын дүртэй гэдэг. Мангасын биеийн үе бүхэнд сүм хийд барьсан, харин зүрхэн тус газар нь Лхас хотыг барьсан гэдэг. Мөн түвдүүдийн уг гарвал нь сармагчин болон эм мангасын удам гэдэг. Энэ нь монголчууд гарал үүслээ гоо марал, бөртэ чонотой холбон ярьдагтай нэн төстэй.
ШИНЭ ТӨРХ
Хуучны цагт Хүрээнээс гараад Лхаст очиж мөргөхийн тулд монголчууд нэг жилийг зарцуулдаг байжээ. Одоо харин эх газрын Хятадаас Түвдийн өндөрлөг рүү агаарын хөлгөөр, төмөр замаар, авто замаар яаж л бол яаж очих боломжтой болжээ.
Хятадын бүс нутгууд дотор эдийн засгийн хөгжлийн хурдаараа Түвд өнөөдөр толгой цохиж байна. 2018 оны эцсийн үзүүлэлтээр эдийн засаг нь 12 хувь илүү өсчээ. Хятадын хөгжил, шинэтгэлийн хорооны дүн мэдээгээр эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгдсэн ганц бүс нутаг болжээ.
2018 оны байдлаар Түвдийн ДНБ 140 тэрбум юань ($20.84 тэрбум) хүрч өмнөх 2017 онтой харьцуулахад 10 хувиар өссөн байна. Хятадын бусад бүс нутгийн ДНБ-ий дундаж өсөлт 6.6 хувьтай байсан гээд бодохоор Цастын орны шинэ төрх төсөөлөгдөнө.
Түвдийн Автономит бүсийн Гадаад харилцааны газрын дэд дарга ноён Сун Шиабо хэлснээр энэ бүс нутаг эдүгээ хөгжин цэцэглэж байна. 2018 оны байдлаар Түвдийн суурин газрын оршин суугчид ногдох орлого 33 мянган юань, хөдөөгийн оршин суугчид ногдох орлого 11 мянга 250 юань байна. Автозамын нийт урт 100 мянган км-т хүрчээ. Түвд даяар онгоцны таван буудал ажиллаж, Хятадын 48 хоттой агаарын замаар шууд холбогдож байна.
1959 онд түвд хүний дундаж наслалт 35 байсан бол одоо 70.6 хүрчээ. 2006 онд Хөх нуураас Лхас, 2014 онд Чинхайгаас Лхасын чиглэлийн төмөо зам ашиглалтад орсон нь бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн үндэс болжээ.
Өнөөдөр Түвдийн бүх тосгон интернэтэд холбогджээ. 1959 онд Түвдийн эдийн засгийн 70 гаруй хувийг хөдөө аж ахуй эзэлж байсан бол одоо энэ салбарын эзлэх жин 8.8 болж бууран орчин үеийн үйлдвэрлэлийн бусад салбар түрэн орж ирлээ.
Түвдийн сүрлэг уулсыг өндөр хүчдэлийн дамжуулах баганууд хэрж, уулсын хавцал дундуур авто зам гол мөрөнтэйгөө бөөр нийлэн дурайх аж. Зам дагаж хөгжил гэдэг үгийн биелэл энд жинхэнэ утгаа олжээ.
Бүтээн байгуулалтын их ажил өрнөж буйг илтгэх өндөр өндөр өргөх цамхаг, зуурмагийн машинууд бидний ойлголтоор хөдөө хээр ч энд тэндгүй тааралдсан. Синьхуа агентлагийн мэдээгээр Хятадын төв Засгийн газраас Түвдийн төмөр замын бүтээн байгуулалтад 800 тэрбум юань, авто замын бүтээн байгуулалтад 1,8 их наяд юанийг зарцуулаад байгаа юм.
Лхас хотод хуучны хороололтой зэрэгцэн шинэ суурьшлын бүс хүрээгээ тэлж байгааг харж болно. Гэхдээ шинэ суурьшлын бүсийн байшин барилга болгон үндэсний онцлогийг заавал шингээсэн байх нь атаархал төрүүллээ. Ялангуяа цонхны хүрээ, хаалганд үндэсний хээ, хийцийг заавал оруулсан нь яах аргагүй шинэ, хуучин хоёрыг сүлжээ.
ГИННЕСИЙН НОМД БҮРТГЭГДСЭН ТҮВДИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД:
- Фэнхуо уулын хонгил: Далайн түвшнээс 4,905 метрийн өндөрт баригдсан уулын хонгил, 1,338 метр урттай, инженер, техникийн 300 ажилтан нэг жилийн турш барьсан
- Тангула өртөө: Далайн түвшнээс 5,068 метрийн өндөрт байдаг, дэлхийн хамгийн өндөрт баригдсан төмөр замын өртөө
- Хунлун уулын хонгил: 1,686 метр урттай, хүчилтөрөгч багатай, хамгийн хүйтэн хэмтэй орчинд баригдсан дэлхийн хамгийн урт уулын хонгил
Холбоотой мэдээ