УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол фокус байлаа. Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, хэсэгтээ амсхийсэн гишүүдийн ихэнх нь тойрогтоо ажиллаж, Төрийн ордон ч эл хуль байв. Гэсэн ч УИХ-ыг тараах саналыг энэ удаад МАН дотроосоо гаргаж, хөшигний ард хэдийнэ ярьж эхэлсэн. УИХ дахь МАН-ын бүлэг хурлаа өнөөдөр /2019.09.23/ зарлаж, Баасан гаригаас эхлэн гишүүддээ зар тараасан. Тэгэхээр УИХ-ыг тараах эсэх асуудал энэ долоо хоногт илүү тодорхой болно гэсэн үг.
Ямартай ч УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж байгаа нь үнэн бололтой. Уг бичигт ялангуяа МАН-ын гишүүдийн хэн хэн нь гарын үсгээ зурав гэдгийг тодруулахыг хичээв. Өнгөрсөн долоо хоногт ордонд ажилласан гишүүдийн хувьд дээрх асуудлаар хэдийнэ байр сууриа илэрхийлээд амжсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар УИХ-ыг тараахыг дэмжихгүй гэдгээ хатуу илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь,Л.Энхболд, Х.Болорчулуун нар дэмжиж, гарын үсгээ зурна гэдгээ хэвлэлийхэнд хэлсэн.
Одоогоор УИХ-ыг тараах бичигт гарын үсгээ зурсан нь УИХ-ын гишүүн М.Билэгт, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат, Ц.Гарамжав, Л.Болд нар юм. МАН-ын бүлгийн бусад гишүүн УИХ-ыг тараах асуудалд ямар байр суурьтай байгааг өөрсдөөс нь тодрууллаа.
Зөвхөн МАН-ын гишүүд гэж онцолсны учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүдийн хувьд МАН-ын 51 гишүүн УИХ-ыг тарахыг дэмжиж, гарын үсэг зурсны дараа дэмжинэ гэж дотроо ярилцжээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд “өдрийн од” шиг суудаг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс УИХ-ыг тарахыг дэмжих үү гэж асуухад тэрбээр “УИХ тарвал тараад, тарахгүй бол ажлаа хийцгээе л дээ. УИХ тарна, тарахгүй гэж нийгмийг донсолгох ямар хэрэг байгаа юм бэ. Би гарын үсэг зурах эсэхээ намынхантайгаа ярилцана, манайхан бас ямар шийдвэр гаргах нь уу, тэрийг нь харна даа” гэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Судалгаа нотолгоонд үндэслэж байж УИХ-ыг тараах асуудалд хандах ёстой. УИХ-ын рейтинг судалгаагаар тун хангалтгүй байгаа нь үнэн. Төрийн эрх барих дээд байгууллага, иргэд хооронд үл итгэлцэл, хүйтэн хөндий уур амьсгал байна гэдэг том эрсдэл. Бүх зүйлийг хүчээр барьж байгаа мэт болжээ. Тиймээс асуудлыг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Ээлжит бус сонгууль явуулах, эсвэл явуулахгүй байх үндэслэлээр хуваагдаж, бус хэлэлцэж шийдвэр гаргах нь зөв.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-УИХ-ыг тарааж эмх замбараагүй байдал үүсгэхийг би дэмжихгүй. Удахгүй есөн сарын дараа сонгууль явагдаж, ард олон бидэнд ч, сөрөг хүчинд ч, шинэ нэр дэвшигчдэд бүгдэд дүнгээ тавина. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана гэж үймэлдэж байснаас өмнөх мөрийн хөтөлбөрөө үнэлж цэгнэж, ирэх дөрвөн жилд хийхээр бодож буй ажил, мөрийн хөтөлбөрөө тооцоолж боловсруулж байвал улс оронд хэрэгтэй сэн.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-УИХ-ыг тараах үндэслэл гэж байх ёстой. Ажлаа хийж чадахгүйд хүрээд тарж байгаа юм уу, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахтай холбоотойгоор УИХ тарж байгаа юм уу гэдэг нь тодорхой бус байна. Энэ тохиолдолд олон хууль зөрчигдөнө. УИХ-ын ээлжит сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших бол сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн заалттай. Энэ мэт олон хуульд өөрчлөлт хийж байж шийдвэрлэх асуудал болов уу. УИХ-ыг яг ямар үндэслэлээр тараах нь тодорхойгүй байгаа учраас дэмжих, дэмжихгүй эсэхийг хэлж мэдэхгүй байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-УИХ-ыг тараахыг дэмжинэ. Ард нийтийн санал асуулгыг өндөр зардлаар зохион байгуулж байснаас УИХ-ын ээлжит бус сонгуулийг хамтад нь хийж, Үндсэн хуулийн шинэчлэлтэйгээ шинэ парламент нь цааш ажлаа үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна. УИХ-ыг тараах бичигт гарын үсгээ зур гэсэн шахалт дарамт байхгүй. Өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж байна. Ер нь нийгэмд ард түмний бухимдал ч их байна. Тиймээс шинэ Үндсэн хуультайгаа хамт шинэ парламент нь бүрдээсэй гэж хүсч байна. Парламентад гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг залуусын салхийг сэвэлзүүлэхийн төлөө ажилламаар байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Би дэмжиж байгаа. Гарын үсгээ ч зурсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, шинэ хариуцлага, ёс журам хэрэгжүүлэхийн тулд шинэ бүрэлдэхүүн хэрэгтэй гэж үзсэн учраас гарын үсгээ зурсан.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
-УИХ-ын гишүүд янз бүрээр тайлбарлаж байгаа байх. Эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын асуудал нэг хүнд байдаггүйтэй холбоотой гэж би хувьдаа ойлгож байна. Гаднын улсуудад бол Ерөнхий сайд нь тухайн бодлогынхоо зөв, буруу эсэхийг ард түмнээсээ асууж, дахин сонгууль зарладаг. Хэрэв эрх баригч намын даргын бодлого нь зөв гэж ард түмэн үзвэл намын гишүүдийг нь дэмжиж олонх болгодог. Ингээд дахин бүрдсэн шинэ парламент бодлогоо үргэлжлүүлэн явуулдаг.
Өнгөрсөн 20 гаруй жил бид хариуцлагын талаар ярьсаар ирсэн. Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгч, хариуцлага тооцдог байдлыг хуулиар баталгаажуулаагүй учраас УИХ-ын гишүүдээр дамжиж парламентыг тараах асуудал яригдаж байна.
Холбоотой мэдээ