Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Улсаа нураах чимээ

"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


Эрх баригчид хариуцлагаас мултрахын тулд улсаа нураахаар шийдэв бололтой. Ерөнхийлөгчөөс санал болгож байсан УИХ-ыг тараах санаачлагыг спиекрээсээ эхлэн дэмжин сэвж гарав.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тайлбарласнаар УИХ-ыг тараах нь парламентын засаглалаа хамгаалж үлдэх боломж гэнэ. Хэн нь парламентыг тараахаар УИХ-аа авч үлддэг гээд “номлочихсон” юм, унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг л үйл явдал өрнөж байна.

Уг нь олон нийт эрх баригчдаас УИХ-ыг тараагаад, улсаа нураагаад өг гэж хүсээгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авч, ардын боломжийг хулгайлсан гишүүддээ хариуцлага тооцооч гэдэг асуудлыг л хөндөж ирсэн, хөдлөөгүй. Гэтэл одоо УИХ-ыг тараах асуудлыг хөндөж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох заалтыг  Үндсэн хуульдаа тусгаж чадаагүй нь парламентыг тараах алхмыг хийхээс аргагүйд хүргэв үү гэх хардлага руу ч хөтөлж эхлээд байгаа юм.

Одоогоор хэдэн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентыг тараах санаачлагыг дэмжиж байгаа вэ гэдэг тодорхой бус ч 51-д хүргэж чадахгүй байгаа тухай мэдээлэл бий. Хуульд зааснаар УИХ-ын гишүүдээс 51 нь дэмжиж байж, парламент хугацаанаасаа өмнө тарах боломжтой болно.

Хэрэв парламент хугацаанаасаа өмнө тарвал улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.

Ерөнхийлөгч Ерөнхий сайдын ажлыг хийж өгч байна

УИХ-ын дарга парламентаа, Ерөнхий сайд намаа, засгаа “базаж” чадахгүй түүртэх завсар Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг улсад төрийн айлчлал хийж амжлаа. Айлчлал есдүгээр сарын 19-23-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн айлчлал нь төрийн тэргүүний хувьд стратегийн түншлэлийн харилцаатай гурав дахь оронд зочилсон айлчлал болж байна. Монгол Улс нь Орос, Хятад, Энэтхэг, Япон, БНСУ-тай стратегийн харилцаатай. Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа ОХУ-д, айлчилсан бол өнгөрсөн хавар Хятадад төрийн айлчлал хийсэн юм.

Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлалтай хамт хэд, хэдэн баримт бичигт хоёр тал гарын үсэг зурсан нь хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтрах ирээдүйн төлөвлөгөө туслаа.  Газрын тос боловсруулах үйлдвэрт нэмэлтээр 236 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэлээ.

Мөн энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын Засгийн газрын сайд нар төмөр замыг шинэчлэх, уул уурхайн салбарт хамтрах зэрэг баримт бичгүүдийг зурсан нь нэг ёсны Ерөнхийлөгч Ерөнхий сайдын ажлыг хийж өгсөн явдал болсон билээ.

Замын цагдаагийн гүүрэн замыг нээв

БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээлээр Замын цагдаагийн орчимд гүүрэн зам барих ажлыг хоёр жилийн өмнө эхлүүлсэн. Уг ажлын эхний хэсэг дуусаж, өнгөрсөн даваа гаригт ашиглалтад орууллаа. Энэ гүүр 477 м урттай, 42.38 сая ам.долларын төсөвт өртөгтэй юм. Төслийн ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо” групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан. Гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн замд 100 жилийн чанарын баталгаа өгсөн юм.

Анх уг замын барилгын ажлыг эхлүүлэхэд албаныхан Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг 40 орчим хувиар бууруулна гэж тайлбарлаж байсан ч одоогоор тухайн хэсгийнхээ түгжрэлийг ч бууруулж чадахгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Home plaza” –г нураая гэх санаачлага ч гарч амжив.

“Найрамдал” зуслангийн газрыг буцаан авч чадсан уу?  

Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Найрамдал” зуслангийн газраас хулгай хийсэн томчуудын газрыг буцаан ав гэдэг даалгаврыг холбогдох газруудад үүрэг болгосон ч хагас дутуу биелэсэн сураг гарч байна. Учир нь “Найрамдал” орчмын газраас газар авсан иргэд нь зөвшөөрөлтэй, нөгөө талдаа обьект барьсан байсан тул цуцалж чадаагүй аж.

Нийслэлээс өгсөн мэдээгээр 24 байршлын газар эзэмших гэрчилгээ, захирамжийг хүчингүй болгожээ.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 263 байршилд 449 обьект чөлөөлжээ. Ингэснээр хашаа, хайс 346, өргөтгөл найм, ТҮЦ 32, гараж, контейнер 63-ыг буулгаж тус тус газар чөлөөлсөн байна. Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 ам метр газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 ам метр талбай чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой болжээ.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж