Хожигдлоо март! Харин алдаагаа бүү давт

Хуучирсан мэдээ: 2015.08.11-нд нийтлэгдсэн

Хожигдлоо март! Харин алдаагаа бүү давт

Энэ бол БНХАУ-Монголын шигшээ багуудын тоглолтын дараа шигшээ багийн дасгалжуулагч Войислав Бралушич тоглогчиддоо хэлсэн үг.

“Торгоны зам-2015” өсвөрийн хөлбөмбөгчдийн Олон улсын тэмцээнд оролцож буй 15 хүртэлх насны Монгол улсын шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо эзэн орон БНХАУ-ын 16 хүртэлх насны шигшээ багтай хийлээ. Тоглолт таамаглаж байсанчлан тун хүнд болж БНХАУ-ын шигшээ баг 9:0-ийн харьцаатай ялалт байгууллаа. Тоглолтын 9 дэх минутад эхний гоол орсон бол ердөө 1 минутын дараа тооны харьцаа 2:0 болон холдсон. Энэ 2 гоол хамгаалалтын алдаанаас болж орсон бол 14 дэх минутад орсон 3 дахь гоол мөн л хамгаалалтын, тодруулж хэлвэл хаалгачийн алдаанаас шалтгаалж орсон. Үндсэндээ тоглолтын эхний 15 минутад манай хамгаалалтын алдаа эсрэг багт 3 гоолыг “бэлэглэж” орхисон.

Олон улсын тэмцээний туршлагагүй, таримал зүлэг, том цэнгэлдэх хүрээлэн, олон мянган хөгжөөн дэмжигч, халуун цаг агаар гэх мэт олон хүндрэлтэй нүүр тулсан хүнд тоглолт, том туршлага болсон тоглолтын 18 дахь минутад тооны харьцаа 4:0 болж дасгалжуулагч Войислав Бралушич тооцоолоогүй сэлгээ хийхэд хүрэн хаалгач А.Мөнх-Оргилыг талбайд оруулсан. Улмаар тоглолт БНХАУ-ын шигшээ багийн давамгайлал дор үргэлжилсээр 9:0-ийн харьцаатай өндөрлөлөө.

Тоглолтын дараах хэвлэлийн бага хуралд шигшээ багийн дасгалжуулагч Войислав Бралушич “Мэдээж 9:0 гэдэг том ялагдал. Залуус маань анх удаагаа олон улсын тэмцээнд зочлон тоглож, олон хөгжөөн дэмжигчтэй хүчтэй шигшээ багтай туллаа. Мөн манай багийн бүх тоглогчид эсрэг багаас насаар дүү, зарим нь бүр 2 насны зөрүүтэй байсан. Учир нь бид 15 хүртэлх насны Азийн АШТ-ий сорилгод бэлтгэж байгаа багаа энд авчирсан. Би нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Хэдий хүнд тоглолт болсон ч манай багийнхан эцсийн хүчээ шавхан тэмцэж чадсанд, цаашид шигшээ багт тоглох хэд хэдэн залуус өөрсдийгөө хөлбөмбөг тоглож чадах, хөлбөмбөгт зүрх сэтгэлээ бүрэн өгч тоглож чадахаа харуулсанд баяртай байна. Одоо бид энэ ялагдлаа мартаж, дараагийн тоглолтдоо анхаарах болно. Өнөөдөр алдсан 9 гоолын ихэнхийг нь бид хамгаалалтын том алдаануудаас болж эсрэг багтаа боломж олгосон. Энэ алдаандаа дүгнэлт хийж, давтахгүй байхын төлөө ажиллах болно” хэмээн ярьсан юм.

Монголын шигшээ баг тэмцээний 2 дахь тоглолтоо маргааш (8-р сарын 12-ны өдөр) Узбекистаны шигшээ багтай хийнэ. Узбекистаны шигшээ баг тэмцээний эхний тоглолтонд Киргизстаны багт 1:3-ын харьцаатай ялагдсан юм.


 

Ч.БААТАРЗОРИГ /БНХАУ/

Эх сурвалж: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж