БНХАУ-ын Вэйнань хотноо үргэлжилж буй “Торгоны зам” Олон улсын тэмцээний 2 дахь тоглолтоо Монгол улсын өсвөрийн шигшээ баг өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагаас Узбекистаны шигшээ багийн эсрэг хийнэ. Монгол улсын 15 насны шигшээ баг эхний тоглолтод талбайн эзэн БНХАУ-ын 16 насны шигшээ багт хожигдсон бол Узбекистан мөн эхний тоглолтдоо Киргизстаны багт дийлдээд байгаа юм.
Узбекистаны шигшээ багтай хийх тоглолтод зориулсан бэлтгэл дээр шигшээ баг 1-ийн эсрэг 1 тоглох, хамгаалалтын тактик, байраа нөхөх дасгалуудыг илүүтэй хийж Узбекистаны шигшээ багтай тоглох хувилбаруудаа давтлаа. Шигшээ багийн дасгалжуулагч Войжислав Бралушич “Узбекистаны шигшээ багийн гол давуу тал нь биеийн хүчний тоглолт, довтолгоо хамгаалалтын идэвхи. Тэд 90 минутын турш зогсолтгүй эрч хүчтэй гүйж чадах тоглогчидтой. Бидний хувьд өмнөх тоглолтын адил хамгаалалтын том алдаа гаргаж өрсөлдөгчиддөө боломж олгохгүй байж чадвал хувийн ур чадвар, техникийн хувьд өрсөлдөгчөөсөө дутахгүй. Тиймээс бэлтгэл дээрхи хувилбар, тактикууд талбай дээр хир хэрэгжихээс эцсийн үр дүн хамаарна. Бидэнд боломж бий” хэмээн ярилаа.
ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:
- №1 Н.Тэнүүнтамир,
- №5 Н.Тэнгис,
- №6 О.Даваадэлгэр,
- №13 С.Жамбалбавуу,
- №3 Б.Батхонгор,
- №2 А.Дөлгөөн,
- №4 Г.Хишигдорж (C),
- №7 П.Доржсүрэн,
- №11 Т.Анхбаяр,
- №10 А.Мөнх-Оргил,
- №17 Б.Эрдэнэ-Ундрах.
Ч.БААТАРЗОРИГ
Эх сурвалж: www.the-mff.mn