АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч өчигдөр /2019.09.20/ тодорлоо
Тодруулбал, тэмцээний финалын шатанд 13 үзэсгэлэнт бүсгүй өрсөлдөж, мисс Б.Гүнзаяа тэргүүн титмийн эзэн болов.
Мисс Б.Гүнзаяа олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар ирсэн өсөх ирээдүйтэй мисс хэмээн салбарынхан нь үнэлдэг. Тэрбээр улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцохдоо нэг тэмцээнээс таван шагнал зэрэг хүртэж чадсан анхны монгол мисс билээ.
Тухайлбал, "Photo model of the world 2016" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Турк улсад 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байр буюу Second runner-up Miss elegance, Хятадын Засгийн газраас зохион байгуулагддаг "Miss Leisure world 2016" тэмцээнд Хятадын Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, Диплом, Авьяас Топ-5-д үлдэж, финалийн шатанд Miss exotic буюу “Хамгийн чамин мисс”, “Авьяаслаг мисс” -ийн титэм хүртэж байсан. Мөн дэлхийн аялал жуулчлалын нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourism ambassador 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн гуравдугаар байрын шагналыг эх орондоо авчирсан билээ. Түүнчлэн "Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр ажиллаж байсан.
Мисс Б.Гүнзаяа загвар өмсөхөөс гадна хүүхэд, залуус руу хандсан олон нийтийн ажилд санаа тавьж, гар бие оролцдог. “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан хүүхдүүдийн сайхан сайхан ирээдүй, боловсролд зориулсан сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Сүүлийн үед ЦЕГ-тай хамтран нийгмийн сайн сайхан, эерэг хандлагыг бий болгохын төлөө ажиллаж байгаа билээ.
Тэрбээр 1994 онд Улаанбаатар хотод төрсөн. Хотод 1-р анги хүртэлээ амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Хөтөл сумруу нүүж тэндээ 10 жилээ төгссөн. Түүний загвар өмсөгчийн гараа "Face off Mongolia" буюу Монгол Солонгосын хамтарсан тэмцээнд авьяаслаг моделиор шалгарсан үеэс эхэлсэн гэдэг.
Үндэсний ялагчийг тодруулах 68 дахь удаагийн “Miss Universe Mongolia” тэмцээнийн шүүгчдээр тус тэмцээний тэргүүн мисс Д.Долгион, топ модель Г.Уранцэцэг, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин А.Гэрэлцэцэг нар ажиллав.
Холбоотой мэдээ