Өчигдөр оройноос өнөөг хүртэл нийгэм бүхэлдээ Өршөөлийн хуулиар амьсгалж байна. УИХ уг хуулийг яагаад хаалттай хэлэлцэж батлав, хэн хэн өршөөгдөж байна, хэний эрх ашгийг илүүд үзэв гэхчилэн олон асуултын хариуг өөрсдийнхөөрөө тайлбарлан, талцаж муудалцахдаа тулаад амжив. Тэгвэл энэ талаар зарим УИХ-ын гишүүд дөнгөж сая тайлбар өглөө. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БАТЗАНДАН: Ц.МӨНХБАЯРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТАЛААР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАСАН
-Монгол Улс Ардчилсан парламентын түүхэндээ 1991,1996,2001,2006,2009 онд Өршөөлийн тухай хуулийг гаргасан байдаг. Энэ удаагийн хууль бол зургаа дахь удаагийн Өршөөлийн хууль юм. Өнгөрсөн хугацаанд баталсан таван удаагийн хуулинд 7000 гаруй хүн хамрагдаж хорих ангиас суллагдах болон мөрдөн байцалтын шатандаа хэрэгсэхгүй болгосон байна. Тэдний 3-4 хувь буюу 400 орчим хүн суллагдсаныхаа дараа дахин гэмт хэрэгт холбогдсон байдаг. Монгол Улс 5-6 жилийн түүхэнд нэг удаа Өршөөлийн хуулийг томоохон тэмдэглэлт ойг тохиолдуулан гаргадаг. Энэ удаа УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлын хууль болон Өршөөлийн хуулийг Монгол Улсад Парламент засаглалтай болсны 25 жилийн ойн хүрээнд баталлаа.
Хөнгөн болон хүндэвтэр хэрэг үйлдсэн, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн хүмүүс, жирэмсэн болон 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 хүртэл хувиар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан. Мөн зарим хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох талаар тусгасан.
Иргэний нийгмийн гишүүд бид Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгох талаар идэвхтэй ажилласан. Ц.Мөнхбаярын хэрэг бол терроризм биш, төрийн эсрэг гэмт хэрэгч биш. Байгаль орчны төлөө тэмцэл байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг субъектив талаас харвал гэмт хэрэг биш гэж үзэж байгаа. Тийм учраас энэ удаагийн Өршөөлийн хуульд түүний үйлдсэн гэмт хэргийн 177.1 гэсэн зүйл анги өршөөлд хамрагдсан. Эрүүгийн хуулийн ялын бодлогод хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. Тэгэхээр 177.1 гэсэн зүйл анги Ц.Мөнхбаярт олгосон хамгийн хүнд ял юм. Нөгөө зүйл анги буюу галт зэвсэг авч явсан гэсэн зүйл анги нь хүнд ялдаа багтаж буй бол, ял эдэлсэн хугацаа нь 55 дугаар зүйл ангиар оноосон ялаас бага биш бол Ц.Мөнхбаяр суллагдах боломжтой.
Авлига албан тушаалын гэмт хэргийн тухайд гурван тохиолдолд өршөөлд хамрагдаж болно. Шүүхийн өмнө хийсэн гэм буруугаа хүлээх ёстой. Би авлига авсан, намайг уучлаач гэсэн бол өршөөж болно. Хоёрдугаарт авлига, албан тушаалын хэргийн замаар олсон орлого, эд хөрөнгөө улсын төсөвт тушаах ёстой. Тушааж чадахгүй бол тушаана гэдгээ шүүх, прокурорт бичгээр илэрхийлэх ёстой. Ийм тохиолдолд авлига, албан тушаалын хэргээс хэлтрүүлэх боломж байгаа. Түүнээс өөр тохиолдолд шүүхээр шалгагдаж, ялаа эдлээд явах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: ЁС СУРТАХУУН, УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО
-УИХ-ын төвшинд урт удаан хугацаанд ярьсны эцэст Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Энэ УИХ бүрэлдсэнээс хойш эрхзүйн шинэчлэлийн гол гол хулиуд шинэчлэгдэж, үүний хүрээнд гэмт хэргийг авч үзэх тогтолцоо өөрөө өөрчлөгдөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэхүү эрхзүйн тогтолцооны шинэчлэлийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль юм. Бид эрхзүйн тогтолцоогоо шинэчлээд явахтай зэрэгцүүлээд өнөөдөр үүсчихээд байгаа орчноо ч өөрчлөх ёстой. Ийм учраас Өршөөлийн тухай хуулийг баталсан. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшх 25 жилийн хугацаанд төр зургаа дахь удаагаа өршөөлийн хууль гаргаж буй нь энэ. Өршөөлөөр ял чөлөөлөгдсөн хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлнэ гэх шүүмжлэл байдаг. Гэтэл статистикаас харвал өршөөлд хамрагдан ялаас чөлөөлөгдсөн иргэдийн 94 хувь нь дахин ямар ч асуудал гаргахгүй нийгэмтэйгээ хөл нийлүүлээд явдаг юм байна.
-Энэ удаагийн Өршөөл үзүүлэх хуультай холбоотой нэг ойлголт иргэдийн дунд бий болоод байгаа нь авлига, албан тушаалын хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байгаа явдал. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Энэ хуулийг батлан гаргах талаар УИХ-д суудалтай бүх нам, хүчнүүд санал нэгдэж байж эцсийн шийдэлд хүрсэн. Хэн нэг хүнд зориулсан хууль огт биш. Монгол Улс ардчилсан сонгуулиар ард иргэд нь өөрсдөө эрх барих дээд байгууллагаа сонгодог болсны 25 жилийн ойг бид тэмдэглэж байна. Ард иргэдийн сонголтын үрт дүнд бий болсон аливаа шат, шатны байгууллага иргэддээ энэрэнгүй, хүнлэг зарчмаар ханддаг байх ёстой. Өршөөл үзүүлэх тухай хуулиар ял хөнгөрөх, хэргээс чөлөөлөгдөх явдал байгаа ч авлига, албан тушаалын хэрэгтнүүд улс төр, ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой гэдэг байр суурьтай байна. Үүнтэй зэрэгцээд Эдийн засгийн ил тод байдлын хуулийг баталлаа. Цоо шинэ гарааны нөхцөлийг бий болгож, сайхан ирээдүйг бий болгох нь бидний зорилго юм.
-Улс төр, ёс суртахууны хариуцлагыг үүрүүлэх ямар механизм байх юм бэ?
-Шүүхээс ял оноогдохгүй болохооос биш хэргийг бол нотолно шүү дээ. Хорихоос өөр замаар хариуцлага тооцох бололцоо олон бий. Хорих ажиллагаа өөрчлөгдөнө, түүнээс биш хохирол төлүүлэх, улс төрийн хариуцлага тооцох асуудал нээлттэй.
Тухайн хүн гэм буруугаа хүлээх, үүнийгээ нотлуулна гэдэг хамгийн том шийтгэл. Ямар хэрэг үйлдсэн нь нотлогдоод, түүнийг нийгэм нийтээрээ мэдчихээд байхад сонгуульд нэр дэвшээд өрсөлдлөө гэхэд ямар дүн тавиулах вэ? Та бүхэн бод доо.
Ц.ОЮУНГЭРЭЛ: НИЙТ ЯЛТНУУДЫН 1/3 НЬ СУЛЛАГДАХ ТОО БИЙ
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Өршөөлийн тухай хуулийн талаарх асуултад нээлттэй бөгөөд товч тодорхой хариултыг өглөө.
-Өршөөлийн тухай хуулийн талаар нийгэмд зөрүүтэй мэдээлэл маш ихээр цацагдаж байна. Хоригдож буй хүмүүсийн 80 гаруй хувь Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдана гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Хоригдож буй хүмүүсийн яг хэчнээн хувь, мөрдөн байцаах хэрэг бүртгэх шатнаас хэдэн хүн Өршөөлийн хуульд хамрагдахыг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дэргэд байгуулж буй комисс тогтоох юм. Хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, тодорхой тоог гаргана. Урьдчилсан судалгааг Хуульзүйн яам болоод УИХ-ын ажлын хэсэг гаргасан байдаг. Энэ хоёр судалгааны дагуу бидэнд танилцуулснаар нийт хоригдлын 1/3 орчим хувь нь суллагдана гэсэн тоо гарсан байсан.
Хуулийн хэлэлцүүлэг хаалттай горимоор явсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс тэнд яригдсан бүх мэдээлэл, тоо баримтыг нарийвчлан дэлгэх боломжгүй. Гэхдээ албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг өршөөлд багтаахаар танилцуулж байсан.
-Улсын төсвийн хөрөнгө мөнгийг шамдуулсан нь тогтоогдож шүүхээс ял оноосон цөөнгүй хүмүүс суллагдах нь гэсэн мэдээлэл байгаа. Ард түмэн үүнд дургүйцэж байгаа. Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж буй хэдэн хүн өршөөлд хамрагдаж байгаа вэ?
-Хуулийн хэлэлцүүлэг хаалттай горимоор явсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс тэнд яригдсан бүх мэдээлэл, тоо баримтыг нарийвчлан дэлгэх боломжгүй. Гэхдээ албан тушаал, авлигын хэргээр ял эдэлж буй хүмүүсээс 10 хүрэхгүй цөөн тооны хүмүүсийг өршөөлд багтаахаар танилцуулж байсан.
-Шалгагдаж буй хүмүүс, тэр дундаа Л.Гансүх, Г.Дэнзэн нарыг Өршөөлийн хуулийн дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгоно гэж байгаа. Харин "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаярын хэргийг хамруулаагүй гэсэн мэдээлэл үнэн үү. Мөнхбаярын хэргийг зандалчлах хэрэг гээд үлдээсэн гэх юм?
-Ц.Мөнхбаярын хэргийг зандалчлах хэрэг мөн эсэх, өршөөлд хамруулах боломжтой эсэх гэхчилэн асуудлаар УИХ-ын гишүүд маш их анхаарлаа хандуулсан. Урьд нь гарч байсан Өршөөлийн хуулиудыг гэмт хэргийг голчлон бөөнд нь хамруулдаг байсан бол энэ удаа зүйл заалт нэг бүрээр нь ярилцсан. Зандалчлах гэдэг зүйл заалт нь өршөөлд хамрагдах боломжгүй байсан ч анх удаа хийсэн галт зэвсгийн хэрэг нь өршөөлд багтаж байгаа. Тиймээс Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж байгаа. Л.Гансүх, Г.Дэнзэн нарын хэрэг ч зүйл заалтын хувьд өршөөлд хамрагдсан.
-Нийт хоригдлуудын цөөнгүй хувь өршөөлд хамрагдаж байгаа гэлээ. Тэр дундаа Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн бараг 50 хувь суллагдахаар байгаа. Ингэж хоригдлуудын тоо буурахаар ШШГЕГ-ын ажилтнуудын тоо дагаж буурах уу?
-Эмэгтэйчүүдийн хорих бол нэлээд дундарна. Энэ удаагийн Өршөөлийн хуульд урьд өмнө хамрагдаж байгаа зүйл заалтууд багтсан. Тиймээс Эмэгтэйчүүдийн хорих ангийн ялтны тоо эрс буурна. Нэг харамсалтай зүйл нь олон жилийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд өршөөлд багтаж чадаагүй. Одоогийн дагаж мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэр бүлийн хүчирхийллийн улмаас ял эдлэж буй хүмүүс хамрагдах боломжгүй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлд ял дандаа хүндэрч ногддог. Энэ нь Өршөөлийн хуулийн гажиг гэхээсээ Эрүүгийн хуулийн гажиг юм. Тиймээс цаашдаа Эрүүгийн байцаан шийтгэх шинэ хуульд гэр бүлийн хүчирхийллийн хуулийг онцгой нарийвчилж оруулах хэрэгтэй байна.
-Энэ удаагийн хуульд шалгагдаж буй авлига, албан тушаалын хэргийг багтаасан нь хэр зөв алхам бэ. АТГ-т гэхэд шалгаж буй 55 хэргийн 45 нь Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болохоор байгаа шүү дээ?
-Урьд нь гарч байсан бүх Өршөөлийн хуулинд шалгагдаж буй хэргийг багтаасан байдаг. Зүйл анги нь нийцэж буй бол шалгагдаж байгаа, шүүхийн шатанд байгаа, шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран өршөөлд багтаж байсан. Энэ уламжлалын дагуу багтаасан. Шалгагдаж буй хэргийн статистик байхгүй. Ямар байгууллагад хэдэн хэрэг шалгагдаж байгааг мэдэхгүй байна. Гагцхүү тэр хэргүүдийн зүйл заалт нь Өршөөлийн хуульд багтаж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгасан. Нөгөөтэйгүүр олны дунд авлига, албан тушаалын хэрэг гэж онцлоод байгаа хэргүүд дээр хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байдаг талтай. ХЭҮК-оос гаргасан тайланд ч энэ тухай дурдсан байдаг. Олон улсад бол ийм хэргийг онож цохсон улс төрийн хэрэг гэж нэрлэх нь бий. Ийм улс төрийн зорилготой баривчилгаанд гомдол гарах нь их байдаг.
Д.ЦЭЭНЭ