Дэд төсөл тайлангаа тавилаа

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Дэд төсөл тайлангаа тавилаа

Мянганы сорилтын корпраци Монголд 285 сая орчим ам.долларын төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. Төсөл эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах уриатай ба зургаан салбарт хэрэгжиж байгаа. Эдгээрийн нэг нь Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл юм. Уг төслийн “Бодлого үйл ажиллагааны хүрээний шинэчлэл” (БҮАХШ) дэд төсөл өнгөрсөн оны хоёрдугаар сарын 2-ноос 18 сарын турш үргэлжилж энэ сарын 30-наар дуусгавар болж байна. Төслийг Клаус Нью Мюллерээр ахлуулсан GOPA баг хэрэгжүүлсэн ба тэд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Хэвлэлийн бага хурал өнөөдөр “Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд болсон юм.

Уг дэд төсөл 1.18 сая ам доллароор  санхүүжсан бөгөөд төслийн хугацаанд гадаадын 738 мэргэжилтэн, дотоодын 1668 мэргжилтэн ажилласан байна. Тэд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай  хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах дүрэм, журмын төсөл боловсруулахад төслийн зүгээс санал зөвлөмж боловсруулах чиглэлээр ажиллажээ.

Төслийн үйл ажиллагааг цаашид 20 хүний бүрэлдэхүүнтэй агентлаг үргэлжлүүлнэ. Энэ үеэр сэтгүүлчид төслийн үр дүнгийн талаар тодруулахад, төслийн ахлагч Клаус Нью Мюллер:

-Бидний ажил одоохондоо цаасан дээр буусан төдий байгаа. Гэхдээ үүнд маш их хүч хөдөлмөр зарцуулж, цаашид олон зүйлийг хийх үндсэн суурь бүхий ажил болсон. Харин бидний ажлыг амьдрал дээр үр өгөөжтэй болгох эсэх нь шинээр байгуулагдаж буй агентлагийн гарт шилжиж байна. Бид агентлагийн гишүүдэд ажлаа хүлээлгэж өгнө, бидний хийсэн ажлыг цаашид аваад явах чадвартай болох хүртэл хамтран  ажиллах бодолтой  байгаа гэдгээ хэллээ.

Б.ӨСӨХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж