"Хотод хортой могой маш их орж ирсэн"

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

"Хотод хортой могой маш их орж ирсэн"

Байгаль, орчин, аялал, жуулчлалын яамнаас /БОАЖЯ/ өнөөдөр /2019.09.20/ нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгт БОАЖЯ-ны харьяа  байгууллагууд оролцсон юм.


Энэ үеэр Нийслэлийн байгаль орчны газрын зүгээс ногоон байгууламжийг  нэмэгдүүлэхэд шаардлагатай моднуудын жагсаалтыг гаргаснаа иргэдэд танилцуулж байлаа.  Мөн   минж нутагшуулах төвийн мэдээллийн төв дээр байдаг чихмэлүүдийг иргэдэд сонирхуулж, амьтдын талаар сонирхсон асуултад нь хариулж байсан юм. 

Нийслэлийн байгаль орчны газрын  амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “2016 онд  нийслэл хотод хөхтөн амьтан тоолох судалгаа хийсэн. Судалгаагаар  51 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 227 зүйлийн шувууны 80 гаруй хувь нь нүүдлийн шувуу байсан. Үүнээс өвөлждөг 41 зүйлийн шувуудын  5-6 хувь нь Сибирээс ирж Улаанбаатар хотод өвөлждөг. Бид  тооллого судалгаагаа хийсний дараа зарим нэг хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2017 оноос эхлэн хавар идэш тэжээлийн дутагдалд орсон товруутан амьтад хужир тэжээл өвсийг тавьж өгдөг болсон. Мөн  тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор   зуслангийн бүсэд суурьшсан 100 толгой тарвагыг сэргээн нутагшуулсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам тэлснээр зэрлэг амьтны тархац нутаг хумигдаж байна.

Нэг үгээр хэлбэл, хүн, амьтан хоёр зэрэгцэж амьдарч байгаа энэ үед гэмтсэн бэртсэн амьтад нийслэл хот руу  орж ирэх болсон. Мэдээж,  идэш тэжээлийн хомсдолтой  холбоотой. 2018 онд нийслэл  хот руу баавгайн бамбарууш орж ирсэн тохиолдол хоёр ч удаа гарсан.

Энэ жилийн хувьд хортой могой буюу бамбай хоншоорт могой  нийслэлд маш ихээр орж ирсэн. Манай байгууллагад  20 гаруй дуудлага ирсэн.  Энэ зун  бороо  ихтэй байсан учраас үерийн усаар дамжиж эсхүл хөдөө явсан хүмүүсийн машинаар дамжиж орж ирсэн байх магадлалтай.

Манай байгууллагын зүгээс гэмтэж бэртсэн амьтныг асран тэнхрүүлэх зэрлэг амьтан асрах байрыг 2017 оны арваннэгдүгээр сард барьсан. Гэмтсэн бэртсэн амьтныг дуудлагаар очиж аваад, эмчилж асраад буцаан байгальд нь тавьдаг. 2017 оноос хойш нийтдээ 100 орчим амьтныг байгальд нь буцаан тавьсан байна” гэв.

Харин  БОАЖЯ-ны харьяа байгууллага болох Цаг уур, орчны шинжилгээний  газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ерөнхий инженер М.Батжаргал цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх зориулалт бүхий  ажиллагааны төхөөрөмжийг иргэдэд танилцуулж байсан юм. Зориудаар үүлэнд нөлөөлөхдөө харвах төхөөрөмж болох пуужин,  ноцоох зуух буюу газрын генераторыг  ашигладаг байна. Ингэхдээ газрын генераторыг уулархаг бүс нутаг, өндөр уулын орой бэлд, салхины дээд талд байрлуулан ашигладаг. Тус төхөөрөмж нь шатаах зуух, яндан хоолой, йодот мөнгө, гал асаагч, түүнийг удирдах пульт, цахилгаан холболтын утаснаас бүрдэх аж.

Харин пуужинг БНХАУ-д үйлдвэрлэсэн байна.  Цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх үйл ажиллагаанд пуужинг ашиглахдаа пуужин нь иодот мөнгөний найрлага бүхий бодисыг үүлэнд цацаж үйлчилснээр тухайн үүлэнд тархсан бодисуудын тоосонцрууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ.

Цаг уур, орчны шинжилгээний  газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн Ерөнхий инженер М.Батжаргал “Манай байгууллага улсын хэмжээнд  1800 гаруй албан хаагч, ажилчидтай орон нутгуудад салбартай  томоохон агентлаг. 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг цөөхөн хэдхэн байгууллагуудын нэг юм. Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт манай байгууллагын зүгээс үйл ажиллагаагаа танилцуулахын сацуу, судалгаа шинжилгээний ажлын талаар танилцуулж байна. Иргэдийн зүгээс цаг агаарын нөхцөл байдлын талаар их асууж байна. Ирэх сарын цаг агаар өмнөх сарын 23-25-ны хооронд гардаг учраас аравдугаар сарын цаг агаарын төлөв байдал хараахан гараагүй байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж