Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-наас хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, Таван шараас Энхтайвны өргөн чөлөө, Офицеруудын ордон хүртэлх замаар 18.7 метр урт угсраа автобус үйлчлэх юм. Мөн дээрх замын дагуу долоон чиглэлийн их багтаамжийн 170 автобус, троллейбус үйлчлэх бегөөд үүний 20 нь угсраа байх юм. Харин хотын баруун хэсгээс Таван шар, Саппоро хүртэл, зүүн хэсгээс Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр зургаан чиглэлд их багтаамжийн 52 автобус үйлчлэх аж. Мөн Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Биокомбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун түрүү зэрэг 13 чиглэлд их багтаамжийн 38, дунд багтаамжийн 30 автобус үйлчилнэ. Дээрхээс бусад 30 чиглэлд хуучин маршрутаар их багтаамжийн 500 автобус үйлчлэх аж. Шинэчилсэн төлөвлөлтөөр дамжих иргэдийн төлбөрийн асуудлыг цахим картын системтэй уялдуулж, карттай иргэд 30 минутын дотор хоёр дахь автобусанд үнэгүй зорчихоор тусгажээ. Мөн оюутны нийтийн тээврээр үйлчлүүлэх карт 3200 төгрөгийн үнэтэй бөгөөд хэвлэж дууссан байна.
Г.ТУУЛ