-Манай сурвалжлагч Ш.Оюунчимэг Токио хотоос мэдээлж байна-
Японы Токио хотод "Уул уурхайн хөрөнгө оруулалтын форум" өнөөдөр /2019.09.21/ боллоо. Хөрөнгө оруулалтын форумд Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото, УИХ дахь Монгол,Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар болон бусад албаныхан оролцож байна. Форумыг нээж Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Ё.Мацүмото үг хэлсэн юм. Түүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монголын хөрөнгө оруулалтын орчин, хамтран ажиллах боломжийн талаар форумд оролцогчдод танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Түүний илтгэлд дурдсанаар,
Монгол, Япон улсын харилцаа хамтын ажиллагааны иж бүрэн түншлэл 1997 оноос эхлэлтэй бөгөөд 2013-2017 онд стратегийн дунд хугацааны хөтөлбөр, 2015 оноос эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр, 2016 оноос эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, 2017 оноос Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Монгол Улс 1990-2018 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 23,9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг дэлхийн зах зээл дээрээс татаж чаджээ. Үүний 17,5 тэрбум ам.доллар нь зөвхөн уул уурхайн салбарт юм байна. Тэр дундаа Монгол, Японы гадаад худалдаа 544 сая ам.доллар бол хөрөнгө оруулалт 372,5 сая ам.доллар байна.
Энэхүү форумын үеэр Монголын талаас уул уурхайн салбарт Японы талын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр хамтран ажиллахаар Монголын талаас төслүүдээ танилцуулж, хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулсан юм. Тухайлбал, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар илтэл тавьлаа.
Мөн энэ удаагийн форумаар Монголын талаас авто зам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ойролцоогоор 5,2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг танилцуулсан юм. Мөн Япон, Монголын хөрөнгө оруулалтын харьцаа тэнцвэргүй байгааг цаашид тэнцвэртэй болгох, хариуцлагатай уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад анхаарал хандуулж, хамтран ажиллах боломжууд нээлттэй байгааг Монголын талаас тавьсан илтгэлүүдээс онцолж болохоор байгааг форумд оролцогчид онцолж байлаа.
Форумд Монголын талаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт оруулах боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл, боломжуудын талаар танилцуулсан юм.
Холбоотой мэдээ