Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Төрийн ордонд чууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Төрийн ордонд чууллаа

Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Төрийн ордонд чууллаа

“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсдын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа.

Монгол Улсын Засгийн газрын “Өрхийн эмнэлэг байгуулан ажиллуулах тухай” 1999 оны 149 дүгээр тогтоол гарсны дагуу 1999-2002 онд нийслэл болон бүх аймгийн төвд Өрхийн эмнэлгийг байгуулж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ирснээс хойш эдүгээ 20 жил болж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 219 Өрхийн эрүүл мэндийн төв ажиллаж байгаагийн 134 буюу 61.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод, 85 буюу 38.2 хувь нь хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг нийт хүн амын 70 хувьд үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 2738 эмч, эмнэлгийн ажиллагсад тусламж, үйлчилгээ үзүүлж байгаагаас их эмч 1000, сувилагч 940 байна.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь хувь хүмүүс, гэр бүл, олон нийтийн амьдарч, ажиллаж байгаа газартай ойрхон байршиж, хүний амьдралын туршид эрүүл мэндийг дэмжихээс гадна урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх, нөхөн сэргээх, хөнгөвчлөх хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дийлэнх хэсгийг үзүүлдэг билээ.

ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний нэр төрөл, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цар хүрээ жил ирэх бүр нэмэгдэж, лабораторийн болон сэргээн засах, уламжлалт эмчилгээний тусламж, үйлчилгээ, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагаа, сургалт сурталчилгаагаар өргөжиж байна. Үүний хэрээр  ӨЭМТ-ийн ажлын ачаалал, үүрэг хариуцлага ч бас нэмэгдэж байгаа юм.

Дэлхий даяар бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлыг чухалчлан үзэж байгаа төдийгүй бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулахад тусламж, үйлчилгээний чанар, хүн төвтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээ, тусламж, үйлчилгээнээс хэнийг ч орхигдуулахгүй тэгш байдлыг хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон цогц асуудал хамаарна.

Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэгт хувь хүн бүр нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн бэрхшээлгүйгээр авах асуудлыг ойлгож, тасралтгүй сайжруулах үйл явц гэж тодорхойлдог. Тиймээс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх нь чухал гэж үздэг байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж