Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

 

Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1930 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолоор “Улсын прокуроруудаас гүйцэтгэх эрх, үүргийн дүрэм“ нэртэй баримт бичгийг батлан гаргаж Улсын болон орон нутгийн прокурорын газруудыг байгуулж, прокурорын байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй билээ. Монгол Улсын прокурорын байгуууллага үүсэн байгуулагдсан үеэсээ эхлэн хууль ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлогдсон чиг үүргээ шүүх эрх мэдлийн шинэчлэлийг эрчимжүүлж байгаа өнөө үед ч амжилттай хэрэгжүүлж байна.

 

Миний гэр бүл, аав маань прокурорын байгууллагатай салшгүй холбоотой. Аав Цэрэнбалжирын Жалбасүрэн улсад 46 жил ажиллахдаа 20 жил нь Сүхбаатар аймгийн прокуророор ажиллаж, шударга үнэний дэнс болсон энэ албыг нэр төртэйгөөр хашиж ирсэн юм.

 

Аав маань хуульч хүн сэтгэлгээ цэгцтэй, бичгийн өндөр чадвартай болдог, сайн хуульч болоорой гэж байнга захидаг байсан. Миний бие аавынхаа захиасыг хүндэтгэн дагаж хуульч, хууль зүйн доктор, улс төрч болж түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа маань прокурорын байгууллага, прокурорын гэр бүлд төрж өссөнтэй шууд холбоотой гэж боддог.

 

Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ариун үйлст зүтгэж яваа үе үеийн прокурорууд, прокурорын байгууллагын нийт ажилтан, алба хаагч Та нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.

 

Улсын Их Хурлын гишүүн,
Хууль Зүйн Ухааны Доктор Жалбасүрэнгийн Батзандан

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж