Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчидтай танилц

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчидтай танилц

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчидтай танилц
М.Бундмаа, Б.Батгэрэл нар

Жүдо бөхийн Токио-2019 ДАШТ-д амжилт тааруу оролцсон жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн алба энэ сарын 12-д бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдсэн. Үүний дараа үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн баг хэрхэн бүрдэх талаар олны дунд хүлээлт үүсээд байсан бөгөөд гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар шигшээ багийг удирдахаар болсон билээ.  Түүнд өрийнхөө багийг өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхийлөгч Х.Баттулга олгосон гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл  үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарын багт ажиллах дасгалжуулагчдын нэрс тодорсон байна. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн албанд  спорт сонирхчдын таамаглаж байсанчлан Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Нямхүү, Д.Цэрэнханд нарын хэн нь ч багтсангүй. Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Х.Цагаанбаатар хэдхэн хоногийн өмнө өөрийн жүдо бөхийн “Мон-Алтиус Цагаанбаатар” академиа нээсэн.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын багт “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл болон МУГТ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Бундмаа нар багтжээ. Монгол Улсын олимпийн наадмын гол төрлүүдийн нэг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүн Токиогийн олимпийн өмнө ийнхүү ажилдаа орцгоолоо.Жил хүрэхгүй хугацааны дараа "Токио-2020" олимпийн наадам болно. Олимпийн багаа бүрдүүлэх их ажил, олимпийн наадамд амжилттай оролцох хариуцлага ирж байна. Монголын жүдогийн шигшээг Абу-Дабигийн Их Дуулга, Токиогийн Их Дуулга тэмцээнүүд хүлээж байна.

ЖҮДО БӨХИЙН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар

  • 1971 оны 10 сард Улаанбаатар хотноо төрсөн. 2003 онд “Аварга” БТДС-г, 2002-2003 онд Япон улсын жүдогийн сургуулийн дасгалжуулагчийн курст суралцсан. Гавъяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтохын удирдлага дор жүдо бөхийн спортоор хичээллэн 1992 оны Барселона олимпийн наадмын 7-р байр, 1996 оны Атлантагийн олимпийн наадмын 5-р байр, 1997 оны ДАШТ-ий шагналт 5-р байр, Дэлхийн цомын алт, Азийн наадамд 1998 онд алт, 1994 онд хүрэл, ААШТ-ээс 3 мөнгө, 2 хүрэл медаль, 1999 оны Универсиадын аваргын алтан медальт. Тэрээр Азийн наадмаас Монгол Улсын жүдо бөхийн анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан. Үндэсний шигшээ багт 2003-2005, 2006-2008 онд ажилласан бөгөөд олимпийн анхны алтан медальт Н.Түвшинбаярыг Бээжингийн олимпийн татамид авч гарч байсан шилдэг дасгалжуулагч юм. Сүүлийн жилүүдэд БНХАУ-д урилгаар ажиллаж байгаад ийнхүү эх орондоо шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн дүрээр эргэн ирж байна.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Мөнхбатын Бундмаа

  • 1985 оны 9 сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Монгол улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдаас Х.Эрдэнэт-Од гавъяатын дараа дэлхийн аваргын медаль авчирсан 2 дахь тамирчин юм. Тэрээр жүдо бөхийн тамирчин ахуйдаа 2010 оны Токиогийн ДАШТ-ээс 52 кг-н жинд өрсөлдөн хүрэл медаль, Азийн наадмаас 2006 онд мөнгө, 2010 онд мөнгө, ААШТ-ээс 4 мөнгө, хошой хүрэл, 2007 оны Универсиадын алт, жүдо бөхийн Их Дуулга тэмцээнүүдээс хошой алт, 1 мөнгө, 1 хүрэл, Гранпри тэмцээнүүдээс хошой алт, 4 хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Тамирчны замналаа өндөрлүүлээд 2017 оноос БНХАУ-ын Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт ОУХМ Б.Батгэрэлийн хамт дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Чимэд-Ёндонгийн Болдбаатар

  • 1983 оны 10 сард төрсөн. Манай улсын жүдо бөхийн шигшээ багийн 60 кг-н хүчтэй өрсөлдөгчдийн нэг Ч.Болдбаатар тамирчин ахуйдаа 2011 онд Бакугийн Их Дуулга тэмцээнээс мөнгө, 2011 оны Амстердамын Гранпри, 2010 оны Абу-Дабигийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл, Чингис хаан дэлхийн цомоос хошой алтан медаль хүртэж байсан. Манай улсын шилдэг мастер Ч.Болдбаатар нэгэн цаг үед Монгол улсын шигшээ багийн 60 кг-н жинд гавъяат тамирчин Г.Болдбаатар, гавъяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг болон Х.Цагаанбаатар нартай өрсөлдөж байсан.

Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Батцэцэгийн Батгэрэл

  • 1989 оны 4 сард төрсөн. 66 кг-н жинд өрсөлдөж байсан. Жүдо бөхийн УАШТ-д2015, 2016 онуудад мөнгөн медаль хүртэж байсан. Үүнээс гадна 2013 онд Ташкентын Гранпри, 2016 онд Улаанбаатарын Гранпри тэмцээнүүдээс мөнгө, 2013 онд Миамигийн Гранпри, 2014 онд Тбилисийн Гранпри тэмцээнүүдээс хүрэл медаль хүртсэн. 2017 оноос МУГТ М.Бундмаагийн хамтаар Хонгконгийн жүдо бөхийн шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байсан.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва

  • Армийн “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад үндэсний шигшээ багт ирж байна. 1996 болон 2000 оны хоёр олимпод оролцож байсан.

 

 

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж