-Манай сурвалжлагч Ш.Оюунчимэг Токио хотоос мэдээлж байна-
УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн хурал Токио хотноо болж буй. Энэ хүрээнд өчигдөр /2019.09.19/ Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар Япон улсын Парламентын бүлгийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар хамтарч ажиллах, одоогийн харилцааг үргэлжлүүлэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. Хурлын талаар Монгол, Японы парламентын бүлгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.
-Монгол, Японы парламентын бүлэг хоорондын уулзалт хоёр жил хойшилсон. Энэ удаад Япон Улсад болж буй уулзалтын онцлог юу байна вэ?
-Монгол, Японы парламентын энэ удаагийн уулзалт маш чухал ач холбогдолтой. Ялангуяа хоёр улсын парламент хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, залуу парламентчдыг төрийн байгуулалтын үйл ажиллагаанд суралцуулах талаар холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцлаа. Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал солилцлоо. Япон улс 72 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Тиймээс Монголд өрнөж буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор судлах, ярилцах зүйл их байлаа. Япон улс дэлхийн олон парламентын засаглалтай улс орнуудад туршлага болохуйц хүчтэй парламентын засаглалтай улс. Япон улсын хувьд өнгөрсөн хугацаанд нэг удаа л парламент нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан бол бусад нь бүрэн эрхээ дуусгадаггүй тардаг байж. Дунджаар парламент нь 1,5-2 жилийн хугацаанд ажиллаж, хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгадаг байсан. Тус улс ирэх арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Сонгуулийн хорооны даргаа томилж, бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн байна. Тиймээс үүнийг сонирхож, Японы туршлагаас судалж байна. Ялангуяа 72 жилийн хугацаанд парламентын тогтолцоогоо төгс шийдэж, улс орны хөгжил, бүтээн байгуулалт, төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн бодит хөгжлийг бид эндээс харж болно.
-Уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар ямар саналууд яригдав?
-Монгол, Японы парламентын бүлэг хоёр улсын хоорондох төрийн байгуулалтын уялдаа холбоо, нийгэм, спорт гэх мэт бусад салбарууд, эдийн засаг, худалдааны харилцааны түвшинг дээшлүүлэх, 2013 онд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн түншлэл, 2017 онд баталсан дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцлоо. Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагаа, ялангуяа IPO гаргах чиглэлээр хөрөнгө татахад Япон улсыг оролцуулах чиглэлээр санал солилцсон. Монгол, Япон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцох, өргөн хүрээнд иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжүүлэх ажлуудаа энэ удаагийн хурлаар ярилцсаныг Японы тал хүлээж авсан.
-Япон улсын парламент нь 72 жилийн хугацаанд нэг л удаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гэлээ. Японы парламент, Монголын парламент хоёрын ялгаа юу байна вэ. Бид энэ улсын парламентын туршлагаас юуг суралцахаар байна вэ?
-Манайхаас ялгаатай нь эзэн хаантай улс, Ерөнхий сайддаа эрх мэдлээ өгсөн, Ерөнхий сайд нь парламентдаа асуудал оруулдаг бөгөөд парламент нь итгэл үзүүлж чадахгүй бол тараах эрх нь Ерөнхий сайддаа байдаг юм байна. Төрийн байгуулалтын тогтолцоо, зүй тогтлын хувьд өөр байдаг. Монгол бол парламентын засаглалтай ч Ерөнхийлөгч нь том эрх мэдэлтэй, гүйцэтгэх засаглал нь идэвхтэй үйл ажиллагаатай.
Парламент дээрээ гол үүрэг, хариуцлагаа төвлөрүүлж явдаг хэдий ч Ерөнхийлөгч нь хууль хяналтын байгууллага, цэрэг стратегийн эрх мэдэлтэй байдаг гээд төрийн байгуулалтын уялдаа холбоо ээдрээтэй, зарим үед ойлгомжгүй байдал руу ороод байдаг сул талтай. Японы парламентын тогтолцоо шууд Ерөнхий сайд нь эрх мэдлээ төвлөрүүлж, парламент руу асуудлаа оруулж, итгэл үзүүлэхгүй бол тараачихдаг, дээд, доод хоёр танхимтай. Бид зөвлөхүүдийн танхимын дарга, Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын бүлгэмийн даргатай өчигдөр уулзсан. Өнөөдөр дээд, доод танхимын хоёр даргатай уулзана. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудал дээр санал солилцох, туршлага судлах, зөвлөмж авах, өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Ер нь бол Монголын сонгуулийн ирцийн босго, гишүүдийн олонх буюу 51 гишүүний гарын үсгээр парламентаа тараах зэрэг босго маш өндөр байна гэдгийг бас хэлж байлаа. Энд бол сонгуулийн ирц, босго гэхгүйгээр оролцсон хүмүүсийн олонх гэх мэтээр зохицуулаад явдаг юм байна. Тэхээр бид ийм эгзэгтэй цаг үед маш олон зүйлийг судалж, туршлага солилцох, төрийн байгуулалтаа зөв шийдэх, ямар нэгэн алдаа оноо гаргахгүйгээр зөв шийдэлд хүрэх ёстой.
Холбоотой мэдээ