Бугатын хөшөөний брахми бичээс Монгол хэл болох нь тогтоогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Бугатын хөшөөний брахми бичээс Монгол хэл болох нь тогтоогдлоо

Бугатын хөшөөний брахми бичээс Монгол хэл болох нь тогтоогдлоо

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны секторын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.

Танай хүрээлэнгийн судлаачид буган хөшөөний том хэмжээний 2 боть бүтээлийг туурвисныг үзлээ. Буган чулуун хөшөөний чанад утга нь юу юм бол?

– Буган чулуун хөшөө Монголын төв болон баруун хэсэгт ихэвчлэн тархсан. Энэ хэсэг буган шүтлэгтнүүд амьдарч, байсан. Монголын зүүн хэсэгт дөрвөлжин булш илүү тархсан. Буриадын эрдэмтэн П.Б.Коновалов Монголын нууц товчоонд бичсэн монголчуудын гарал үүслийг Бөртэ чоно, Гоо маралаас гаралтай гэх домогт үндэслэн Чоно, буга хэмээх шүтээнтэй хоёр овог нийлж монгол угсаатан бүрэлдсэн гэх дүгнэлт гаргасан байдаг. Буган чулуун хөшөө бол монголчууд бидний өвөг дээдсийн үлдээсэн дурсгал гэж хэлж болно. Ер нь буган чулуун хөшөөнд олон давтагддаг дүрснүүд байхаас гадна өвөрмөц дүрслэлүүд олон  бий. Хөшөөнд дүрсэлсэн амьтад нь онго шүтээнээр дүрсэлсэн байж болно. Жишээ нь  хөшөөнд буга дүрсэлсэн нь буга шүтээнтэй үндэстэн байжээ хэмээх онол бий. Нөгөө талаас буга нь аж ахуйн өндөр ач холбогдолтой, хүнд хоргүй агнуурын ач холбогдолтой гэдэг утгаар дүрсэлжээ гэж үздэг. Ихэнх судлаачид хөшөөнд дүрсэлсэн амьтдыг шүтээн байсан гэх дүгнэлтэд хүрсэн. Ерөнхийдөө өвөг монголчууд нь буга шүтээнтэй үндэстэн байсан гэж эрдэмтэд үзэж байгаа.

-Дөрвөлжин булшны үед амьдарч байсан хүмүүс буган чулуун хөшөөг маш их эвдэлж, гаргаж байсан гэх зүйл бий. Бүс нутгийн хувьд тархалтын хэлбэрээрээ ч бас хоёр талд хуваагдсан байх шиг. Энэ хоёр үндэстэн өөр хоорондоо соёл иргэншлийн хувьд ялгаатай байв уу?

-Буган хөшөө, дөрвөлжин булшны үед амьдарч байсан үндэстнүүд зэрэгцэн оршиж байсан. Тодорхой цаг үедээ дайсагнаж байсан түүхтэй. Дөрвөлжин булшны үед амьдарч байсан хүмүүс буган хөшөөний үндэстэнг эцэст нь ялсан байна. Сүүлийн үед Монголын судлаачдын үзэж байгаагаар Дөрвөлжин булшны үндэстэн бол монголчуудын шууд өвөг дээдэс юм. Өөрөөр хэлбэл, нэг үндэстэн нөгөөдөө ялагдах, овог хоорондын харилцан уусах гэх мэт олон асуудал бий. Гэхдээ монголчуудын угсаатан бүрэлдэхэд буган хөшөөний үеийн үндэстэн нөлөөлж, тодорхой хэмжээгээр соёлын талаасаа ч харилцан нөлөөлж байна.

-Байгалийн хүчин зүйлсээс гадна хүний нөлөөтэй хөшөөнүүд эвдэрч сүйдэх асуудал ч бас яригдах боллоо?

-Дэлхийд хаана ч байхгүй гайхамшигтай буган чулуу хөшөөнүүд Монголын нутагт л байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1241 бугатын хөшөөнөөс 200 нь урлагийн сод бүтээлүүд.  Монголд найман цаг үед холбогдох хүн чулуун хөшөөд бий. Хамгийн эртний хүн чулуу нь 4500 жилийн өмнөх үед хамаарах бол XIII зууны үеийн Эзэнт гүрний үед холбогдох хүн чулуу хөшөө нь хамгийн сүүлийн үеийнх юм. Үүнээс гадна хүн төрөлхтний соёлын өвд хамаарах хүн чулуун хөшөөд Монголын нутагт их бий. Эдгээр гайхамшигт соёлын өвүүдээ нэг л өдөр хайхрамжгүй хүнээс болж алдах маш том эрсдэлтэй цаг үед байгаа нь үнэн.Түүх, соёлын өв гэдгийг мэдэхгүйгээс хэн нэгэн байшингийнхаа сууринд цутгахыг үгүйсгэхгүй. Ашиг хонжоо хайсан нь хулгайлж хил давуулах ч магадлалтай. Жишээ нь, Казахстанд манай улсад эх хувь нь байдаг хөшөөнүүд музейд нь байдаг. Энэ бол манай соёлын өвийг өөриймшүүлж буй асуудал юм. Шаварт суусан машиныхаа дугуйн дор гэрэлт,  буган чулуун хөшөөнүүдийг  эвсэн тохиолдлууд ч цөөнгүй. Үл хөдлөх соёлын биет өв болох хөшөө дурсгалуудаа өнөөдөр тоохгүй байлаа ч 100 жилийн дараа илүү үнэ цэнд хүрнэ. Ийм нандин соёлын өвүүд маань хээр байгаа нь хэн дуртай жуулчин нь хөшөөний хэв хуулгыг авч байна. Гэтэл хамгаалах боломж алга.

Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн чулуун судар болох үнэ цэнтэй өвүүдээ хайхрахгүй байх нь маш том эрсдлийг дагуулж байна. Монголын нууц товчооноос ялгаагүй амьд шүтээнүүд юм. Гэтэл монголчуудын үзэн ядаад байдаг тэр Манжийн Сандо амбан Хөшөө цайдамд очиж Түрэгийн гэрэлт хөшөөнд тоосгон асар барьж хамгаалж байхад өнөөдөр бид энэ нандин өвөө сохор зоосноос илүүгүй л хайрлаж байна.

Хөшөө дурсгалыг хамгаалах талаар хийсэн ажлууд их ховор. Туркийн Засгийн газраас Тоньюкукын гэрэлт хөшөөг хамгаалах ажил хийсэн. Япончууд Хархорумд музей байгуулсан. Дэлхийн хүн төрөлхтний соёлын өв учраас л Монголд байгаа соёлын өвүүдийг буцалтгүй тусламжаар гадны эрдэмтэд хамгаалж байна. Монголчууд одоогоор юу ч хийгээгүй л байна. Харин саяхнаас Чингис хааны музейн сураг гарч байгаа нь талархууштай.

-Гаднын эрдэмтэн, судлаачид үл хөдлөх соёлын биет дурсгалуудыг хамгаалж үлдэх асуудлаар ямар зөвлөмж өгдөг вэ?

-Миний мэдэж буйгаар Заамарын шороон бумбагарт Түрэгийн үеийн гайхалтай олдвор олдсон байдаг. Тухайн үед маш олон газраас зөвлөгөө авсан байх. ЮНЕСКО-ийн экспертүүд, Итали, Францын мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байсан. Францын судлаачид ханын зургуудаа яаралтай хэсэгчлэн авч, оронд нь яг адил хуулбар хийж байршуул. Одоо л хэсэгчлэн авч үлдэж хамгаалахгүй бол хугацаа алдана гэж зөвлөж байсан. Гэвч одоо нэгэнт хугацаа алдаж хоцорсон болов уу.

Монголд байгаа хөшөө дурсгалуудын хичнээн нь байгаль цаг уур болон хүний нөлөөгөөр эвдэрч сүйдсэн бэ. Энэ талаар судалгааг хийж байсан уу?

– Нарийн судалгаа байхгүй ч ойролцоогоор хөшөө дурсгалуудын 70-80 хувь нь гаднын нөлөөлөл орсон. Эрт цагаас өнөөдрийг хүртэл байгаль цаг уурын болон хүний нөлөө их орж эвдэрч, сүйдсэн болов уу. Тухайн цаг үед дайсагналцах, хайхрамжгүй байдлаар хандаж байсан байж болно. Өнөө цаг үед бидний ухамсар өөр түвшинд ирсэн, соёлын өв талаас нь харах болсон шүү дээ. Энэ өв байхгүй бол бид соёлын хувьд нүцгэн цөлд байгаа хүмүүсээс ялгаагүй болно. Ер нь бол Монголын соёлын өвийн өнөөгийн байдал байгалийн сүйрэлтэй адилтгаж болно. Одоо л анхаарлаа хандуулахгүй бол оройтно.

-Соёлын биет үл хөдлөх дурсгалууд Монголын бүх нутаг дэвсгэрт тархсан учраас хадгалж хамгаалахад бэрхшээлтэй гэдэг. Хөшөө дурсгалыг хамгаалах нь өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал болж байх шиг ?

-Манай хөрш орнууд хөшөөнүүдээ татаж, музейдээ хадгалж байна. Манай улсад ч бас хөшөөнүүдээ татаж авах асуудал яригдаж байна. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яаманд энэ жилээс “Чулуун өв соёл” хөтөлбөр батлагдаж хэрэгжиж эхэлсэн. Эл хөтөлбөрийн хүрээнд чухал үнэ цэнтэй гэсэн хөшөөнүүдээ татаж, музейдээ байрлуулж, оронд нь хуулбарыг нь байршуулах хэрэгтэй. Тавантолгойн цагаан гантиг хөшөөнүүд гэхэд л XIII зууны Монголын эзэнт гүрэнтэй холбогдох маш чухал дурсгал, үндэсний эрдэнэс юм. Гэтэл хээр хэвтэж л байна.

Хээр талд буй хөшөөнүүдийн ихэнх нь цаг уураас болж эвдэрч байна. Иймд үнэ цэнэ бүхий хөшөөнүүдээ яаралтай татаж авах, Чингис хааны музейд тавих, цаашдаа Нүүдэлчдийн чулуун өвийн ил музейг байгуулах шаардлагатай. Чулуун хөшөөд бол асар их үнэ цэнтэй.

Бугатын хөшөө, Хүйс толгойн хөшөөний бичээс гэхэд л монголчуудын угсаа гарал, Төв Азийн түүхийг өөрчилсөн маш үнэ цэнтэй дурсгал болж байна шүү дээ. Алттай зүйрлэшгүй. Бидний маш олон жил хүлээсэн түүхэнд холбогдох маргаантай асуудлыг тайлж байна.

Таны нэр дурдсан Бугатын хөшөө, Хүйс толгойн бичээстэй холбогдуулж дараагийн асуултаа тавъя. Эрдэмтэд сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй томоохон нээлтийг хийж, Монгол хэлний хамгийн эртний дурсгалыг нээн илрүүлснээр монгол хэл Зүүн Азийн (хятадаас бусад) ард түмнүүдийн дотор хамгийн эртний бичгийн хэлтэй ард түмэн болж байна гэх. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Монгол хэл Зүүн Азийн (Хятадаас бусад) ард түмний дотор хамгийн эртний бичгийн хэлтэй ард түмэн болж байна. Он цагийг нь баримжаалж хэлэхэд одоог хүртэл монгол хэлний хамгийн эртний дурсгал гэж үзсээр ирсэн Чингисийн чулууны бичгээс даруй 500 гаруй жилийн өмнөх дурсгал болох юм. Харин одоогоос гэвэл даруй 1400 гаруй жилийн өмнө хамаарна. Бугатын хөшөөний брахми бичээсийг тайлах судалгааны ажлыг Оросын судлаач А.Вовин, ХБНГУ-ны эрдэмтэн хийсэн. Товчхондоо, А.Вовины нэгэн судалгаагаар Бугатын хөшөөний брахми бичээс монгол хэлээр бичигдсэн болох нь тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, жужан хэл нь одоогийн монгол хэл байсан гэсэн үг юм. Манай эрдэмтэд уг хөшөөний бичгийг энэтхэгийн ямар нэг бичгээр бичигдсэн, мөн Жужаны үед холбогдож магадгүй гэх таамгуудыг дэвшүүлж байсан. Гэхдээ үсэгчлэн тайлж уншаагүй байсан юм. Монголд одоогоор эртний энэтхэгийн бичиг үсгийг тайлж уншдаг мэргэшсэн судлаач байхгүй.

Монголын нутагт байх хөшөө дурсгалын эртний бичээсийг монгол эрдэмтэд өөрсдөө  тайлж уншиж болдоггүй юм уу гэх шүүмж байдаг?

-Бугатын хөшөөний бичээс, Хүйс толгойн бичээс бол монголчуудын гарал үүсэлтэй холбоотой. Энэ бичээсийг тайлснаар сүүлийн 60 жилд хийгдээгүй том нээлт болсон гэж бодож байна. Шинжлэх ухаан бол хавтгай. Энэ бичээсийг хэн тайлах нь хамаагүй. Гаднын судлаачид бичиг үсгийг нь тайлсан учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж болохгүй. Харин цаашид Монголын судлаачийн өнцгөөс судлах олон ажил хүлээгдэж байна. Ийм судалгааг Монгол хэлний эрдэмтэд, түүх судлаачидтай хамтран хийх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай улс шиг цөөн хүн амтай хөгжиж буй оронд дэлхийн бүх хэлээр бичигдсэн эртний хэл, бичиг, үсгийг тайлж унших эрдэмтдийг сургах, бэлтгэх нөөц бололцоо маш хомс. Цаашид манай эрдэмтэд ч бас эртний энэтхэгийн бичгийг тайлж уншиж чадах хэрэгтэй боллоо гэж бодож байна.

Бугатын хөшөө, Хүйс толгойн хөшөөний бичээсийг тайлснаар ямар ач холбогдолтой вэ. Та хэлэхдээ  монголчуудын гарал үүсэлтэй холбоотой гэлээ?

-Бугатын хөшөөний бичээс хэмжээгээрээ тийм ч бага биш. Он цагийн элэгдлээр хөшөөнд сийлэгдсэн бичээсний зарим үг унаж, арилсан учраас өгүүлбэрүүд нь бүрэн биш. Гэхдээ маш олон тодорхой зүйлүүд бий. Түрэгийн үеийн хаадын нэрс, Бурханы шашны агуулгууд нэр томьёо бий. Энэ бол Түрэгийн өмнө Монгол угсаатнуудын байгуулсан Жужаны үеийн хаант улсын үед бурхны шашин хүчтэй дэлгэрч төрийн шашин болсныг баталсан үйл явдлыг өгүүлсэн. Хамгийн чухал нь түрэг хэлнээс өмнө монгол хэл өргөн хэрэглэгдэж байсан нь тодорхой болж байна.

Жужанчуудын хэл нь одоогийн монгол хэл юм. Ингэснээр угсаа гарвалын хувьд их чухал асуудал болж байна. Өнөө үед хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс гэж бид итгэдэг. Хүннү гүрэн асар том газар нутгийг эзэлсэн том гүрэн байсан. Эл эзэнт гүрэн дотор түрэг, манж тунгусуудын өвөг дээдэс байсан ч голлох хэл нь юу байсан бэ гэдэгт Бугатын хөшөө, Хүйс толгойн бичээст тодорхой баримт болох болов уу гэж бодож байна.

Яагаад гэвэл жужанчууд Хүннүгийн шууд удам гэж үздэг. Тэгэхээр хүннүчүүд монгол хэлтэй байсан гэх ийм дүгнэлтэд хүрч байгаа юм. Товчхондоо, одоог хүртэл олдоогүй байсан монгол хэлний баримт юм. Хэдийгээр Хүннү хэлний 200 гаруй үг хэллэг /цол, хүний нэр, газрын нэр /бол хятад сурвалжид байдаг ч хятад ханзаар тэмдэглэгдсэн байдаг. Хятад хэлийг үет бичгээр буулгахад цаад үг нь танигдахгүй болтлоо өөрчлөгддөг асуудалтай. Нөгөө талаас 2000 жилийн өмнө нь оршин тогтнож байсан Хүннүгийн үед холбогдох эдгээр дурсгал нь Хятад ханзаар хадгалагдаж байна гэдэг нь 2000 жилийн өмнөх хятад хэлний асуудал яригдана.  Яагаад гэвэл 2000 жилийн өмнөх хятад хэлний дуудлага өнөөдрийнхөөс огт өөр ялгаатай байсан. Тиймээс тухайн үеийн дуудлагаар ханзад буулгасан учраас одоо эх дуудлагыг яаж  сэргээх вэ гэдэг нь маргаантай. Тэдгээр үгүүдийг сэргээх нь үнэндээ маш хэцүү. Бугатын хөшөө, Хүйс толгойны бичээс нь брахми үсгээр тэмдэглэгдсэн авианы үсэг учраас байдал огт өөр, дуудлага маш тодорхой байгаа юм. Одоогийн латин, крилл үсэг шиг маш тодорхой учраас ямар нэгэн асуудал, маргаан байхгүй. Бугатын хөшөө, Хүйс толгойны бичээс нь Хүннүгийн удам болсон жужанчуудын хэлийг бодитойгоор илэрхийлж, баталж байна.

Монголчууд түрэгээс өмнө хамгийн эртний хэл бичигтэй хүмүүс гэдэг нь батлагдаж байна гэж ойлгож болох нь?

-Тийм. Зүүн Азидаа Хятадаас бусад орнуудаас хамгийн эртний бичиг үсэгтэй улс  нь монголчууд гэдэг нь маш тодорхой боллоо. Алтайн хэлний онолоор  Монгол, Түрэг, Манж тунгус гэсэн гурван хэл эрт цагт нэг гарал үүсэлтэй байсан бол хожим 3000-4000 гаруй жилийн үеэс эдгээр хэл нь салж, бие даан хөгжсөн хэмээдэг. Алтайн хэлний онолоор хамгийн эртний бичиг үсэг нь Түрэг хэл байсан. Одоо дэлхий дээр 150 сая орчим хүн түрэг хэлээр ярьж байна. Жишээ нь, Турк улсын Түрэг хэл, Казак хэл, Узбек, Киргиз гэх мэт. Эдгээр улс орны хүмүүс хоорондоо их бага хэмжээгээр ойлголцоно.

Киргиз хүн Казак хүнтэй ярихад 80 орчим хувь ойлголцоно. Харин Казах, Монгол хүн хоёр ярихад ойлголцоход нэг, хоёр хувиас хэтрэхгүй. Ийм эрс ялгаатай. Өнөөдөр жирийн Казах хүн Түрэгийн үеийн эртний бичээсийн 50 хувийг уншиж ойлгож чадна. Тэгвэл XIII зууны үеийн Монгол хэлний сор болсон дурсгал бол Монголын нууц товчоо. Сонгодог эхийг нь уншихад монгол хүн 80 хувийг нь шууд ойлгох бол түрэг хүн хичнээн хичээж уншаад ч ойлгож чадахгүй.

Тиймээс VII зууны үед хамаарах Түрэг хэл, XIII зууны үеийн Монгол хэл хоёр нь хоорондоо эрс ялгаатай. Төв Азийн хувьд хамгийн эртний бичгийн хэл нь Түрэг гэж одоог хүртэл үзэж байсан учраас Алтайн хэлний онолын асуудлууд Түрэгийн байр сууринаас тайлбарлагддаг байсан юм. Яагаад гэвэл бичгийн томоохон дурсгал, хөшөө дурсгалуудын ихэнх нь Монголын нутагт байдаг. Эртний түрэг хэлээр бичигдсэн маш их бичээснүүд бий л дээ. Хэдэн мянган үгтэй ч бий. Тиймээс их баримттай. Монгол хэлний тухай баримт  саяхны нээлтийг хүртэл түрэг хэлтэй харьцуулахад маш хожуу байсан тул Алтай хэлний онолын олон асуудалд монгол хэл, бичгийг их дорд оруулж байсан асуудал бий. Жишээ нь монгол түрэг хэлний дундын үгнүүд бий. Түрэгээр “кара” гэх үг нь Монголоор хар цагааны “хар” гэсэн үг. Дундын үгүүдийг ихэвчлэн түрэг хэлний талаас тайлбарладаг байсан. Түрэг хэлээс монгол хэлэнд орсон байх гэж тайлбарлаж байсан.

Адуу малын зүс, нэр томьёотой холбоотой маш олон дундын үг бий. Эдгээр үгийг ихэвчлэн түрэгийн талаас тайлбарлаж, монголчууд X зууны үеэр зүүн хойд зүгээс Амур мөрнөөс нүүж ирсэн анчид загасчид байсан гэх аюултай дүгнэлт бий. Монголчууд түрэгүүдээс мал аж ахуйг авч, тал нутгийн малчид болсон юм гэх буруу онол Оросын Зөвлөлтийн үеийн шинжлэх ухаанд их хүчтэй байсан.

Энэ мэтийн олон асуудлыг Түрэг хэлний давуу байдлаар шийддэг байсан нь түрэг хэлний бичээс их, маш олон баримттай байсан учраас тэр. Зөвлөлтийн үед түрэг судлал маш сайн хөгжсөн. Иймд нүүдэлчдийн соёл иргэншилтэй олон асуудал түрэг судлалаар тайлбарлагддаг байсан нь дээрх буруу онол, тайлбар хөгжихөд нөлөөлсөн юм. Тэгвэл монгол хэл дээрх бичгийн анхны дурсгалыг тайлснаар монгол хэл нь түрэг хэлээс он цагийн хувьд эрт болж байна. Алтайн хэл гэж ярьдаг Манж, Түрэг, Солонгос, Япон, Монгол хэлүүд дотроо монгол хэл нь хамгийн эртний бичгийн хэл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
121
ЗөвЗөв
19
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж