Уул, уурхайн хэрүүл ажилгүйдлийг тэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Уул, уурхайн хэрүүл ажилгүйдлийг тэлжээ

Уул, уурхайн хэрүүл ажилгүйдлийг тэлжээ

Энэ долоо хоногийн эхэнд бид “Ажлын байр, ахиу цалин хэрэгтэй байна” гэсэн гарчгийн дор ажилгүйдэл, ажлын байр, хөдөлмөрийн зөв үнэлгээг хөндсөн нийтлэл хүргэсэн. Тэгвэл энэ удаа бид ажилгүйдлийн түвшин хэр байгаа, иргэдээ ажлын байраар хангах, зуучлах тал дээр төр засгаас ямар арга хэмжээ авч буй  талаар сурвалжиллаа.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн харьяа нэгж  юм. Бид тус газарт мэдээлэл авахаар очиход дарга, мэргэжилтнүүд эзгүй байлаа. Утсаар лавлахад, Хан-Уул дүүргийн айлуудаар явж “Хөдөлгөөнт бирж” ажиллуулж байна гэв. Тодруулбал: Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд алслагдсан хороодын айл өрхүүд дээр очиж, нийтлэг үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа юм байна. Энэ нь ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ аж.

Харин ийм төрлийн үйлчилгээг тогтмол үзүүлдэг газар бол Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын салбар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв юм. Тус төв “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос эхлэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав салбарт үйл ажиллагаа явуулж буй.  Эндээс эрсэн сэдэвтээ хариулт авахаар болов.

“Дүжингарав худалдааны төв”-ийн нэгдүгээрт давхарт төрийн үйлчилгээний газрууд эгнэн байрлажээ. Хамгийн цаад буланд бидний зорьсон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байх аж. Иргэдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх хэсэгт гурван мэргэжилтэн ажиллана. Тэдний нэгтэй ярилцаж, зөвлөгөө авах иргэнтэй цөөн хором ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу, энд ямар зорилгоор ирсэн бэ?

-Намайг Б. Мягмарсүрэн гэдэг. Одоо ажилтай, ажилгүй завсар л байна даа. Уг нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд том тэрэгний жолооч хийж байгаа. Гэхдээ Хятадын талаас нүүрсний тээвэрт хязгаарлалт хийснээр эргэлтийн хугацаа асар удааширч, бараг зогсолтын байдалд орсон.

600-аад тээврийн хэрэгслээс өдөрт 20-иод нь л хил гарч байна. Би гэхэд сүүлд дарааллаа хүлээж сар болсон.

-Та тэгээд энэ ажлаа өөрчлөхөөр шийдсэн юм уу, цалин хэд авдаг юм бэ?

-Тийм ээ. Цалин яах вэ, нэг сая таван зуун мянган төгрөг авдаг юм. Гэхдээ одоо цалин, мөнгөөс илүү эрүүл мэндээ бодох хэрэгтэй болчихоод байна. Гэр бүл маань хотод байдаг. Том тэрэг бариад дөрвөн жил болж байна. Хавар бие өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд эрүүл эрхтэн бараг алга. Ходоод, зүрх, нойр булчирхай, бөөр гээд бүгд асуудалтай. Эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлсэн боловч, дээрдсэн юмгүй л байна. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж байгаад өөр боломжийн ажил байвал хотод ажиллахаар шийдээд байна.

-Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу сая хэд хэдэн уул, уурхайн үйл ажиллагааг зогсоолоо. Ингэснээр ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн болов уу, танд мэдээлэл байна уу?

-Нэмэгдэлгүй яах вэ. Ойлгомжтой асуудал. Таван толгой, Оюу толгой гээд том компаниудын үйл ажиллагаа хэвийн явж байгаа хэдий ч жижиг хувь тэрэгтэй хүмүүсийн арай ядан тээврээ хийж байгаа шүү дээ. Би л гэхэд хамаатны дүүгийн том тэргийг барьж байсан юм. Тэр дүү машинаа лизингээр авсан гэсэн. Гэтэл эргэлт нь удаашраад бараг сул зогсоод ирэхээр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орж байна. Харин ч өрөнд ороод, миний цалинг ч тавьж чадахгүй боллоо. Тэгээд би өөр ажил хайж яваа минь энэ шүү дээ.

Нийслэлийн хэмжээнд ажилгүйдлын түвшин 2017 онд 7,5 байсан бол 2018 онд 7,6 хувьтай болжээ. Харин 2019 оны сүүлийн мэдээллээр 11,6 хувь болж өссөн байна.

Ажлын байрны хувьд оны эхэнд ажил олгогчдын зүгээс 4000 гаруй ажлын байрны захиалга ирснээс өнөөдрийн байдлаар тал нь буюу 2100 гаруй ажлын байр сул чөлөөтэй хэвээр байгаа аж. Тухайлбал салбараар авч үзвэл: Боловсруулах үйлдвэр болон барилгын салбар 300 ажлын байр буюу нийт захиалгын 14 хувь, зочид буудал, зоогийн газар, нийтийн хоолны чиглэлийн үйлчилгээний байгууллага 200 гаруй буюу 10 хувь, харин уул, уурхайн чиглэл ажлын байрны нийт захиалгын 3,1 хувийг эзэлж байгаа аж.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын харьяа хөдөлмөр эрхлэлтийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Баясгалан

-Хөдөлмөр эрхлэлтийн төвд ажил хайж буй иргэд хэр хандаж байна, танайх ямар төрлийн үйлчилгээнүүд үзүүлдэг вэ?

-Тухайн ажил хайгч иргэн маань хууль тогтоомжийн хүрээнд тодорхой хэмжээний нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой байдаг, Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн системийн бүртгэлд орно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн хувьд 2019 оны есдүгээр сарын 18-ны байдлаар нийт 1068 ажил олгогч байгууллагын 4500 орчим ажлын байрны захиалга авч, мэдээллийн санд бүртгэсэн байгаа. Давхардсан тоогоор бол 40 мянга орчим иргэнд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнд ямар үйлчилгээ байдаг вэ гэхээр ажил хайгч иргэнийг шинээр бүртгэх, ажлын байранд ярилцлага болон онлайн хэлбэрээр зуучлах, өдөрлөг зохион байгуулах, уулзалт зөвлөгөө өгч, мэдээлэл хүргэх

-Нийслэлийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин өнгөрсөн онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан юу вэ?

-Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2019 оны эхний хагас жилийн байдлаар 10,1 хувьтай байгаа бол Нийслэлийн хэмжээнд 11,6 хувь байна. Энэ нь нийслэлд ажилгүйдэл 1,5 пунктаар илүү байна гэсэн үг. Үүнийг дагаад хөдөлмөр эрхлэлтийн түвшин Улаанбаатар хотод 47 хувь, улсын хэмжээнд 54,6 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг 2020 он гэхэд 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Сүүлийн статистик мэдээнээс харахад, Нийслэлийн хэмжээнд ажилгүй иргэд 58 мянган 589 байна. Үүнээс бүртгэлтэй ажилгүй иргэд 7000 орчим байгаа юм. Ажилгүйдлийн түвшин өсөхөд нөлөөлөх олон хүчин зүйл байна. Нэн түрүүнд ажил хайж буй иргэд өөрийгөө олоогүй байна. Өөрөөр хэлбэл өөрсдөдөө тохирсон, хийж чадах, цаашид амжилттай явж чадах ажлыг сонгохгүй байна. Нийтлэг сонголтоор ажил хайж байна. Ихэнх нь биед амар ажил хийгээд оффист сууж, өндөр цалин авах сонирхолтой. Гэтэл энэ чиглэлийн ажлын байр бүгд л эзэнтэй болчихсон байдаг. Харин үүний оронд биеийн хүчний ажлууд хөдөлмөрийн зах зээлд нээлттэй, захиалга их ирдэг. Харамсалтай нь орох хүн ховор байна. Хоёрдугаарт, орж ажиллаа гэхэд хариуцлагатай, тууштай ажилладаггүй, цалинг нь голдог, хаяад явдаг зэрэг хувь хүний хүмүүсжил, хандлага талаас дутагдлууд их байна. Тиймээс ажил олгогчид сүүлийн 2,3 жил ажилд тавих шалгуураа өөрчлөх болсон. Өмнө нь нас, хүйс, мэргэжил, ажлын туршлага заадаг байсан бол одоо хүмүүжилтэй, хувийн сахилга баттай, тууштай байхад бусад нь хамаагүй бид сургаад авна гэдэг болсон байна. Тэгээд шалгуураа бууруулаад байгаа хэрнээ ажиллах хүн олдохгүй л байна гэдэг. Гэхдээ бид ийм байна гээд хараад суухгүй аль болох хоёр талыг хооронд нь холбох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний нөлөөллийн сургалт, үйл ажиллагааг нэлээд зохион байгуулдаг.

-Ажилгүйдэл өсөх болсон шалтгаан уул, уурхайн салбарын доголдол, зогсолттой холбоотой юу?

– Уул уурхайн салбар өөрөө улирлын чанартай. Хавар, зуны цагт гол түлхүү ажлууд нь хийгддэг онцлогтой. Намар, хаварт ажлын байрууд харьцангуй багасдаг. 11-р сар гэхэд захиалга авах байдал бүрэн зогсдог гэж болно. Гэтэл энэ жилийн хувьд ажлын байрны захиалга, эрэлт өнгөрсөн жилтэй харьцуулахад харьцангуй эрт эхлээд байна л даа. Өөрөөр хэлбэл 11-р сард ажлын байрны захиалга ерөнхийдөө зогсдог байсан бол энэ нь наашилж, одоо бараг багасах хандлагатай байгаа юм. Яг уул, уурхайн салбарын ажилгүйдэл нэмэгдсэн гээд шууд хэлэх бломжгүй.

Гэхдээ төрөөс энэ чиглэлээр барьж буй бодлого, хууль эрх зүй чангарч байгаатай холбоотойгоор уул, уурхайн компаниудын үйл ажиллагаа зарим талаар доголдох, зогсох зэргээс болж ажилгүйдэл нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

-Гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд цөөнгүй. Тэдэнд сүлжээний бизнесээс өөр хийх ажил олдохгүй байна гэдэг. Танай зүгээс тэднийг дэмжсэн ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Өнгөрсөн оноос эхлээд бид ажил олгох үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбоотой үйл ажиллагааг туршин нэвтрүүлэх зорилготой төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтраад ажилгүй, ажил олоход хүндрэлтэй байгаа эхчүүд, эмэгтэйчүүдэд чиглэсэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход суурилсан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хоёр сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байгаа. Үүний тулд ганцаарчилсан зөвлөгөө өгдөг, стандартын дагуу тохижуулсан өрөө гаргасан. Хажууд нь хүүхдийн тоглоомын өрөө, хүүхэд хуурайлах хэсэг мөн бий болгосон. Хүүхэдтэйгээ хамт ирээд тоглоомын өрөөнд саатуулангаа биднээс зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа мөн явуулдаг. Гарааны бизнес эрхлэх гэж буй эмэгтэйчүүдэд анхан шатны мэдлэг олгох, цаашлаад гүнзгийрүүлэх сургалтыг инкубаторын хэлбэрээр явуулдаг сургалт, арга хэмжээ зохион байгуулагддаг. Энэ байгууллагатай манайх бас хамтарч ажилладаг. Хүсэлт гаргасан эмэгтэйчүүдийг уг төвтэй холбох, зуучлах, хамруулахад тусладаг.

-Ер нь иргэдээ ажлын байраар хангах тал дээр хөдөлмөр эрхлэлтийн төв ямар үйл ажиллагаа зохион байгуулж явуулж байна вэ, иргэд хэр хамрагдаж байна?

-Ажил хайгч иргэд болон олгогчдод чиглэсэн эерэг хандлага бий болгох чиглэлээр хэд хэдэн зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллаа. Тухайлбал: Хоёр сарын хугацаанд 80 иргэнийг сэтгэлзүйн зөвлөгөөнд хамруулах, “Ажилд зуучлах үйлчилгээг шинэлэг хэлбэрээр туршин нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлэх, карьер хөгжлийн төвтэй хамтран “Тохирох ажилд зөв хүнийг” төсөл хэрэгжүүлэх, Олон Улсын байгууллагуудтай хамтарч “Ур чадварыг хөгжүүлэх” семинарт оролцох, алслагдсан дүүрэг, хорооны иргэдэд “Хөдөлгөөнт бирж” ажиллуулах зэрэг олон ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилгоор өдөрлөг, арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Өнөөдөр гэхэд 24 дэхь удаагийн өдөрлөгийг Говь компани хийлээ. Уг ажлын байрны өдөрлөг хоёр өдрийн турш болно. Энэ үеэр ажилд орох сонирхолтой хүмүүстэй  ярилцлага хийж, шууд хариуг нь өгч байна. Хагас өдрийн байдлаар явцын дүнг нь харахад 100 орчим иргэн бүртгүүлснээс 10-аад нь ярилцлагад оржээ. Одоогоор мэдээллийг нь бүрэн авч амжаагүй байна. Үүнээс өмнө есдүгээр сарын 13,14-нд “Монгол, Японы ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд 2000 ажлын байранд 120 иргэнийг бүртгэж, 50 гаруй иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан. Цаашид хөдөлмөр эрхлэлтийн төвөөс энэ мэт ажил хайгч, олгогчид чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх болно. Ажил хайж байгаа иргэд манайд хандаж, зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж