Түгжрэлийг шийдэх “superpower”

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг шийдэх “superpower”

Сүүлийн жилүүдэд комик номоос сэдэвлэсэн супер хүчтэй баатруудын тухай кинонууд ихэд алдаршаад байгаа. Яг одоо улаанбаатарчуудын хувьд түгжрэлийг шийдэх супер хүчтэй баатар байвал шууд хаанд өргөмжлөхөд ч бэлэн байна. Мэдээж тийм баатар байхгүй. Гэхдээ тийм супер хүч бол огт байхгүй биш байдаг юм байна. Энэ талаар эхнээс нь яръя.

Одоогийн байдлаар хүн төрөлхтөний 50 хувь нь суурин газарт амьдарч байна. Энэ тоо 2050 он гэхэд 75-80 хувьд хүрнэ гэж таамаглал байна. Тэгэхээр хот руу шилжин нүүх үзэгдэл зөвхөн Монголд болж байгаа үзэгдэл бус дэлхийн чиг хандлага аж. Хот хүмүүст илүү сайхан амьдрах, илүү олон хүнтэй танилцах, илүү сайн боловсрол олж авах гэх мэт олон боломжийг өгдөг учир гайхаад байх зүйл бишээ.

Өдгөө Улаанбаатар маань 1,4 сая хүнтэй дэлхийн 415 дахь том хот болжээ. Нийслэл маань томрохын хирээр бид хотжилтын түгээмэл асуудлуудтай эхнээсээ нүүр тулж байна. Тэдгээрийн нэг нь, мэдээж замын түгжрэл. Гэхдээ энэ түгжрэл гээч нь дэлхийн бүхий л том хотод тулгарч байдаг асуудал. Бид л түгжрээд байгаа юм биш. Гол нь асуулт нь тэд яаж шийдэж байна вэ?

Шийдэл нь ерөөсөө л машины хэрэглээг бууруулах. Машиныг гол тээврийн хэрэгсэл гэж тооцон аль болох олон машин багтаах, шингээх, явуулах байдлаар шийдэл хайх тусам машины хэрэглээ улам нэмэгддэг юм байна. Үүнийг “induced demand” гэж нэрлэдэг. Улаанбаатар хотод 2018 оны байдлаар 400-д мянган айл өрхөд 400-д мянган тээврийн хэрэгсэл ноогдож байгаа нь машины хэрэглээ хэт их байгааг харуулж байна. Машины өндөр хэрэглээ нь бидэнд ямар сөрөг нөлөө үзүүлдэгийг товч дурдахад.

 Эрүүл мэндТаргалалт
Стресс
Аваар осол
Хүрээлэн буй орчинАгаарын бохирдол     (нийт бохирдлын 20%)
Дуу чимээний бохирдол
Эдийн засагБүтээмжийн алдагдал     (60-120 минут түгжрэл)
Нөөцийн үр ашиггүй зарцуулалт     (2018 он 407 сая USD)
Source:"Active Transportation Canada", 2011

Зөвхөн таргалалтыг аваад үзэхэд л машины өндөр хэрэглээ таргалалт хоёр шууд хамааралтай нь тогтоогдож байгаа. Манайд энэ талаар хийсэн судалгаа байхгүй тул олон улсад хийгдсэн судалгаанаас жишээ авъя.

Графикаас харахад америкчуудын зөвхөн 6% нь л явганаар, унадаг дугуйгаар, нийтийн тээврээр зорчдог ба үлдсэн хэсэг нь хувийн машинаар зорчдог байна. Гэтэл америкчууд таргалалтын хувь бусад бүх улсынхаас илүү буюу 32%-нь жингийн илүүдэлтэй байна. Эсрэгээрээ Дани улсын 50%-с дээш иргэд нь машины бус тээврийг ашигладаг ба таргалалт мөн хамгийн бага хувьтай байна. Машины хэрэглээ нь өөрөө худалдаж авахаас эхлээд бензин түлш, засвар гэх мэт маш их зардалтай байдаг. 2018 онд л гэхэд улаанбаатарчууд бид 64,000 авто машин импортоор авахад 407,000,000 америк доллар зарцуулжээ. Энэ их мөнгийг боловсрол болон орон сууц авахад зарцуулсан бол нийт эдийн засагт маш их хэрэгтэй байх санж.

1990 он хүртэл дэлхий даяар машинуудыг хөдөлгөөнд оролцох багтаамжийг нэмэх, замыг өргөсгөх, уртасгах чиглэлийн шийдлүүд туршигдаж байсан ч амжилт олоогүй юм. Харин машины хэрэглээг бууруулах чиглэлийн шийдлийг хэрэгжүүлж эхэлснээр нааштай үр дүн гарч эхэлжээ. Машины хэрэглээг бууруулдаг зарим аргыг жишээ болгож үзэхэд

1Машины тоог хязгаарладагСингапур, Хятад
2Дугаарын хязгаарлалтБээжин, Манила, Сан Паоло, Мексик хот
3Машин, дугуйг хослуулдагХятад, Канад, АНУ (zip car8 city bike)
4Гол ачаалалтай замуудын татварСтокгольм, Шанхай, Сидней
5Бохирдол багатай бүсийг тогтоохГерман, Швед, Лондон зэрэг 80 гаруй хот
6Ухаалаг аппЗогсоол, замын түгжрэлийг зохицуулах
7Машины татварДани 180%, Норвег-100% байна.

Машинаар зорчих хэрэгцээг бууруулахын нөгөө тал нь явган, унадаг дугуй, нийтийн тээврээр зорчиход таатай хотыг байгуулах ёстой юм. Үүнийг алхахад таатай хот ч ( Walkable City) гэж нэрлэх нь бий.  Өөрөөр хэлбэл машинд биш хүнд зориулагдсан хот байгуулах явдал юм. Энэ дундаас явган буюу алхаж зорчихын ашиг тусыг дэлгэрүүлэн дурдвал.

 Эрүүл мэндӨдөрт 30 м алхах буюу “шидэт 30”
Стресс тайлагдана, сэргэлт
Сэтгэн бодох чадвар сайжирдаг
Хүрээлэн буй орчинЯмар нэг сөрөг нөлөө байхгүй
Нийгмийн амьд харилцаа (livable street life)
Эдийн засагЖижиглэн худалдаа хөгжинө
Нөөцийн үр ашигтай зарцуулалт (боловсрол, орон сууц)

Сүүлийн үед эрдэмтэд алхахыг ерөөсөө “superpower” гэж нэрлээд байгаа. Алхах нь эрүүл мэндэд сайнаас гадна алхах үед сэтгэл санаа тайвширч, стресс тайлагдаж,  тархи идэвхжин бүтээлч санаанууд төрдөг. Машинтай байх шаардлагыг  бууруулснаар суларсан  санхүүгийн нөөцийг боловсрол, орон сууц гэх мэт илүү чухал зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэнэ. Тэгэхээр яаж хотыг алхахад таатай хот болгох вэ? Дэлхий даяар доорх түгээмэл аргуудыг ашигладаг.

1Бүсчлэлээр дамжуулан хотыг нягтруулахСургууль,үйлчилгээ ойр
2Нийтийн тээврийг хөгжүүлэхОновчтой, цэвэр, аюулгүй
3Унадаг дугуйг дэмжихДугуйн зам
4Taxi-ны үйлчилгээ сайжруулахЦэвэр, найдвартай
5Нийтийн талбайнуудыг оновчтой байгуулах
6Хүн алхахад аюулгүй байхГэрэлтүүлэг, эвдрэлгүй
7Алхахад сонирхолтой байхТоглоом, хөшөө, сандал
8Хороолол дунд явган хүний зам гарцууд нээх
9Мод тарих

Хамгийн эхний энгийн шаардлага бол хүн явган зорчиход аюулгүй байх ёстой. Энэ нь гэрэлтүүлгээс эхлээд, нүх эвдрэлгүй байх, элдэв хог, хаягдалгүй байх гэх мэт үргэжилнэ. Тоос шороотой, машин ирээд мөргөчмөөр, хог хаягдалтай замаар хэн ч алхахыг хүсэхгүй, хүүхэдтэй бол бүр ч үгүй. Машинаа унаад л явна. За мэдээж нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Өндөр хөгжсөн хотуудад олны танил болоод өндөр албан тушаалтанууд нь нийтийн тээврээр зорчих нь түгээмэл байдаг. Тийм л төвшинд нийтийн тээврийн чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Мөн нийтийн эзэмшлийн талбайнуудыг тохижуулан олноор байгуулах. Жишээ нь 23-р сургуулийн урд дорнын их найрагч Явуугийн цэцэрлэгт хүрээлэн байгаа газар ямар нэг орон сууц баригдсан байсан бол  одоо огт өөр дүр зураг харагдах байсан. Харин одоо хөгшин залуу гэлтгүй очих, түүгээр дайрч алхах дуртай газар болж. Энэ мэтчилэн дээр жагсаасан зүйлсийг хэрэгжүүлэх нь иргэдийг алхаж зорчих дур сонирхлыг нэмэгдүүлдэг.

Дэлхийд алдартай нэгэн жишээ дурдахад New York хотын удирдлага хамгийн их хүн цугладаг хамгийн ачаалалтай байдаг Time Square авто замын нэг талын хэсгийг  нь хааж  зөвхөн явганаар зорчдог болгосон байна. Энгийн ухаанаар бодоход машины замыг хааснаар маш их түгжрэл үүсч сөрөг нөлөө бий болох мэт. Гэтэл тэр хэсгийг машингүй гудамж болгосноор авто осол 63%-р буурч, эдийн засгийн эргэлт 11%-р өссөн байна. Явган зорчигчид өснө гэдэг нь эргээд тухайн орчны жижиглэн худалдааны бизнес өргөжин тэлэх сайн талуудтай байдаг.

Саяхан бид машингүй өдрийг зохион байгуулсан. Уг арга хэмжээг анх зохион байгуулахад иргэд төдийлөн ойшоохгүй, зарим нь бүүр эсэргүүцэж байсныг санаж байна. Гэвч жил ирэх тусам өргөжиж одоо Улаанбаатарчуудын хамгийн дуртай арга хэмжээнүүдийг нэг болжээ. Хот дотроо айж эмээхгүй, эрх чөлөөтэй алхан, тоглож наадахын үнэ цэнийг энэ өдөр л мэдэрдэг. Энэ өдөр л “аз жаргалтай Улаанбаатар” гэж ийм л байх ёстой байх гэж бодогддог.

Алхаж зорчсоноор бид нэг сумаар хоёр биш “хориод” туулай буудахын дайтай ашиг тус хүртэж болох нээ. Энэ нь түгжрэлийг бууруулаад зогсохгүй хувь хүний эрүүл мэнд болоод нийгэмд үзүүлэх ашиг тус нь асар их аж. Гайхалтай шийдэл биш гэж үү. Бүүр өдөрт 30м тогтмол алхах нь таны амьдралыг 7-н жилээр уртасгах боломжтой гэсэн судалгаа ч байна.

Тийм ээ, бид алхаж чадна, бидэнд “super power” байна, харин Улаанбаатар хотын удирдлагуудаас бид нэг л юм хүсье. Улаанбаатар хотыг маань хүнд зориулсан, алхахад таатай хот болгоод өгөөч ээ.

Анхаарал тавьсанд баярлалаа

Л.ОДСҮРЭН

"Хот Хөгжүүлэлтийн Шийдэл" ТББ-н тэргүүн

2019 оны 9 дүгээр сар 20

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж