Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Матвал шагнана

Азийн чээжинд ардчиллын баянбүрд болж гайхагдаж байсан Монгол Улс  матаасчдын эх орон болж “алдарших” нь ээ.

Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын тухай "матвал"  10 хувийг нь шагнал болгож өгөх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн бол Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөлөгч Ч.Гантулга нүүрс түлж байгаа өрхийн тухай "матсан" иргэнийг сайжруулсан түлшээр урамшуулах болсноо зарлав.  Матаасаар өрсөлдөгч нэгнээ унагаж, шоронд ч суулгаж чаддаг байсан Ардын намынхан орчин цагт ард түмнээ ийм нэг адгийн аргаар амьдрахыг хуулиар, журмаар  зохицуулахаар оролдож байна.  Ийм хөгийн цаг үе ирэх юм чинээ хэн санах билээ.

Гэхдээ хэлчихье, гэр хороололд ажилгүй, орлогогүй иргэд олон ч биенээ матаж амьдрах улс биш. Идэх хоолгүй байсан ч ийм адгийн аргаар амьдралаа залгуулахгүй.  Байгаа түлшээ хувааж түлээд өвлийг давахын төлөө зүтгэнэ.

Уг нь ажил мэддэг удирдлагатай байсан бол матаасаар биш хэл ам татлаад байгаа сайжруулсан түлшнийхээ чанарыг яаж сайжруулж, түүхий нүүрснээс дутахгүй илчтэй болгох вэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой юм. Гэтэл огт хөдөлсөнгүй. Ганц удаа ч болов гэр хороололд очоод тэрхүү түлш нь асаж байна уу, уугиж байна уу. Чанар нь үнэхээр түүхий нүүрсний хэмжээнд хүрэхгүй байна уу, чанартай байхад нь мушгиад муучлаад байна уу гэдгийг  шалгасангүй. Хэдэн хурган дарга нарынхаа үгээр үг хийсээр өвөлтэй золгох боллоо.

Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 220 мянган өрх амьдарч байна. Нэг өрхөд хамгийн багадаа гурван бүл байгаа гэж тооцвол 600 мянга хол давсан иргэний өвөлжилтийн асуудал яригдаж байна гэсэн үг.

Түүхий нүүрс хэрэглэх нь агаар орчныг бохирдуулахаас эхлээд учруулж байгаа хохирол нь их тул хэн ч түүнийг түлэхийг хүсдэггүй. Гагцхүү  сайжруулсан түлш нь түүхий нүүрсийг орлож чадахгүй байгаа учраас чанарыг нь сайжруулаад өгөөч, олдоцыг нь нэмэгдүүлээд өгөөч л гэдэг хоёр зүйл хүсэж байгаа.  Гэтэл сайжруулсан түлш худалдаанд гарсан үеэс л олддоггүй ховор эд байсан, одоо ч тийм л байна. Нэг хүнд хоёр шуудайнаас илүүг худалдахгүй. Шуудай ч гэж дээ томхон торны хэмжээтэй л уутанд савласан түлш. Нялх хүүхэдтэй айл уг түлшийг өдөр бүр очиж авахаас аргагүй ажил нэмж байна.  Ядаж хүрэлцээтэй болгож болно доо.

Өнөө жил илүү сартай намартай тул хүйтрээгүй , налайсан намар үргэлжилж байна. Харин ид өвлийн үе ирэхэд өнөөдрийнх шигээ нэг айлд хоёр уутнаас илүү сайжруулсан түлш худалдахгүй гэвэл иргэд юу түлэх вэ. Осголтой нь биш дээ.  Амьдрахын төлөө  нэг юм түлж л таарна. Өнгөрсөн өвлөөс нь үлдсэн  нүүрс байгаа бол түүнийгээ түлж дулаацна. Нүүрсгүй нэг нь бакрышик, өөр бусад түлж болохоор юу байна,  түүнийг түлж хүйтнийг давахыг оролдоно.

Өөрөөр хэлбэл, түлшээ хангалттай бүрдүүлээгүй цагт юу ч амлаад, матаас ч байна уу, ямар нэг арга хэрэглээд бүтэхгүй.

Өнөөдрийн байдлаар  “Тавантолгой түлш” компани 180 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэн нөөцөлсөн тухай мэдээлэл бий. Энэ бол өвлийн улирал ирэхэд нэг сар гаруй хугацаанд  хэрэглээд дуусах түлш.  Хоёр сар түлэхэд хүрэлцэнэ гэж албаныхан яриад байгаа. Илч муутай түлшийг ахиу хэрэглэхээс аргагүй болдог. Тиймээс нөөцийг нэмэгдүүлж, худалдан борлуулах газрыг олон болгоход анхаарч, нэг хүнд хоёроос илүү шуудай сайжруулсан түлш зарахгүй гэдэг хоцрогдсон аргаа зогсоохгүй бол өнөөдрийн энэ журам иргэдийг чирэгдүүлж гүйцэж байна.

Чирэгдэлгүй,  хүрэлцээтэй байж гэмээнэ сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрнэ. Өнөөдөр картын барааны үе биш шүү дээ. Шилжилтийн үед хоол хүнсээ грамлаж, нэг айлд төдий хэмжээтэй мах, гурил өгнө гээд хэмжээ заачихсан. Түүнээс илүү хэтрүүлдэггүй байсан гэсэн. Дэлгүүрийнх нь лангуу хов хоосон. Түүн шиг нийгэмд буцааж аваачих гээгүй л юм бол түлшээ хүрэлцээтэй болгоход анхаар. Энэ нэг матаас зэрэг юмаа ч бас зогсоохгүй бол элэг доог болж гүйцэх нь. Бас түлш асахгүй байгааг нэг бол зуухны муу, яндангийн хөө рүү "чихдэгээ" ч больчих.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж