ХӨНДҮҮР СЭДЭВ: Орхигдсон хөвгүүдээ одоо анзааръя

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

ХӨНДҮҮР СЭДЭВ: Орхигдсон хөвгүүдээ одоо анзааръя

ХӨНДҮҮР СЭДЭВ: Орхигдсон хөвгүүдээ одоо анзааръя

Эрххэн духаа уруулд дэвсэн
Энгэрт минь хяран эрхэмсдэг атлаа
Улс орон, уугуул нутаг усаа
Уужим ухаандаа тэвэрч хайрладаг
Хөвгүүддээ би хайртай

Р.Эмүжингийн энэ шүлэгт би дуртай. Эр хүн гэхээрээ хатуу чанга, хээгүй, гүндүүгүй, уйлах ч эрхгүй байх учиргүй гэж боддог учраас. Харин монголчууд хөвгүүдээ хатуу гараар хүмүүжүүл гэсэн харь эртний ойлголтоосоо одоо ч салаагүй.  Харамсалтай нь, энэхүү ойлголтын золиос болсон  олон хөвгүүн амьдралын хар бараан зам руу хальтирсаар. "Одооны хөвгүүд яг охид шиг" гэж ирээд шүүмжлэх томчууд хөвгүүдийнхээ хамгийн хүнд үед хаана байдаг вэ. Тэдэнд ч ээж аавтайгаа аминчлан ярих асуудал байдаг. Уйлах, гомдох, эрхлэмээр эмзэг үе ч бий.  Хүү, охин байх нь хамаагүй. Тэд энэ орчлон хүн болж төрсөн. Адилхан аав ээждээ хайрлуулж, хайрлах гэж ирсэн.

Монголчуудын омогдож загнахдаа ч хайрладаг охин үрс хүйсийн ялгаа, боловсрол, эдийн засгийн оролцооны хувьд дээгүүрт бичигдэх хэмжээнд хүрсэн. Гэтэл хөвгүүдийнх тэр хэмжүүрт хүрч чадаж байгаа бил үү? Хүү юм чинь хар бараан ажил болтугай хийгээд амьдрана биз гэсэн сэтгэхүйн, хандлагын ялгаанаас болоод хөвгүүд энэ нийгмийн анзаарагдалгүй орхигдсоор. Энэ асуултын хариултыг хөндүүр сэдвээрээ хөндөн бичихийг хичээлээ.

Охидын хүчирхийллийн талаар хэвлэл, нийгэм бүхэлдээ анхаарлаа хандуулдаг. Харин хөвгүүдийн хүчирхийллийн тухай төдийлөн бичдэггүй.  Гэр бүлийн дарамт, аав,ах нарынхаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, түүнийгээ нуун сэтгэлийн дарамттай яваа хичнээн хөвгүүн байгаа бол. Тэднийг сонсоогүйн бол тэд хэн бол өсдөг вэ?

МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ҮНЭЛЭМЖ АЛДАГДЖЭЭ

Монголын эрэгтэйчүүдийн холбооноос 2009 онд Монголын эрэгтэйчүүдийн үнэлэмжийн асуудлаар 1000 хүнээс судалгаа авч байжээ. Уг судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 85.5 хувь, эрэгтэйчүүдийн 70.5 хувь нь эрэгтэйчүүдийн үнэлэмж алдагдсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Үүний шалтгаан нь архидалт, боловсролын ялгаа, эрүүл мэнддээ анхаардаггүй байдал, харилцааны соёл зэрэгтэй холбоотой байж.

Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн 98 хувийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлдэг. Харин үлдсэн хоёр хувьд нь эрэгтэйчүүд өртдөг гэсэн тоон судалгаа бий. Энэ тоог мэргэжилтнүүд эрс үгүйсгэж байгаа юм. Учир нь сүүлийн жилүүдэд монгол эрэгтэйчүүд архи уун гэрээсээ хөөгдөх, намын харьяаллаар ажлаасаа гадуурхагдах зэргээр сэтгэл санааны хүчирхийлэлд ихээр өртөх болжээ.

БОЛОВСРОЛЫН ЯЛГАА ГЭР БҮЛ САЛАЛТЫН ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Энд хэдэн тоо үзүүлэлтийг харьцуулья. Монгол эрчүүдийн дундаж наслалт 64.9 бол эмэгтэйчүүдийнх 74.9 ажээ. Мөн их дээд сургуулийн магистер, докторантурт суралцагчдын 40 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол Мэргэжил сургалтын төвүүдэд суралцагчдын 90 орчим хувьд нь эрчүүд юм.  Ийн өнөөгийн нийгэмд боловсролын ялгаатай байдал нь гэр бүл салалтын бас нэгэн шалтгаан болсоор байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Монгол Улс гуравхан сая хүн амтай, үүний 49.8 хувийг  эрэгтэй хүмүүс эзэлдэг .Жендерт суурилсан судалгаагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дунд судалгааг илүүтэй хийсэн байдаг. Гэвч хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийн талаарх томоохон судалгаа байдаггүй байна.

“Монгол эр хүнд төрийн болон гэр бүлийн хайр халамж, хүнлэг сэтгэл ихээр дутагдаж байна. Хэдий жендерт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд их өртөж байгаа ч эрчүүдийг бас орхигдуулж болохгүй. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хөвгүүдээ эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүнтэй зөв харьцдаг, өөрийн эрүүл мэнддээ анхаардаг, амьдралаа авч явах чадвартай болгон зөв хүмүүжүүлэх хэрэгтэй” гэдгийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны зөвлөх Д.Бадамцэцэг хэлж байсан юм.

ЭРЧҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ХҮНД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСНЭЭС ГЭМТЭЖ БЭРТДЭГ

Гаднаа омог бардам төрхтэй ч дотогшоо өмөрч явдаг хүмүүс бол эрчүүд. Тэдэнд хаягласан цөөн хэдэн эмнэлгээс өөр туслах,  сэтгэлийн дэм өгөх газар байдаггүй. Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх нэрээр эрчүүдийг зөвхөн үүрэг хүлээгч болгож орхисон нь бий. Тиймээс хамгийн түрүүн  эрчүүдэд тулгамдсан асуудлыг нарийвчлан судалж, түүнд тохирсон бодлого боловсруулах цаг болжээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд Монгол Улсын 21 аймаг, хотын найман дүүргийн 15-64 насны 2719 эрэгтэйчүүдийн дунд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар тэдний 49.1 хувь нь тамхи хэрэглэдэг үүний 45.4 хувь өдөр бүр тогтмол тамхи татаж, дунджаар 21.2 жил тамхийг удаан хугацаагаар хэрэглэдэг сөрөг дадалтай гэсэн дүн гарчээ

Ийн эрэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 81.3 хувь уул уурхай, 80.9 нь барилга, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж, хүнд хөдөлмөр эрхэлж байгаагаас хөдөлмөрийн чадвараа алдан тахир дутуу болж, эрэгтэйчүүдийн эмч, эмнэлэг, кабинет дутагдалтай байгаа зэрэг тулгамдаж буй асуудал олон байгааг мэргэжилтнүүд дурдаж байв.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2011-2015 онд осол гэмтлийн шалтгаанаар яаралтай тусламж авсан эрэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд осол гэмтэлд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.83 дахин их өртдөг гэсэн дүн гарчээ. Насны хувьд 20-29 насныхан хамгийн их осол гэмтэлд өртдөг бол осол гэмтлийн шалтгаанаар нас баралтын 40-49 насныхан их өртдөг байна. Мөн осол гэмтлийн ихэнх хувийг уналт эзэлж байгаа бол нас баралтын шалтгааны дийлэнхийг зам тээврийн осол, байгалийн хүчин зүйл эзэлсэн дүн гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж