Энэ намрын улс төрийн тоглоомын бай нь Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ыг тараах тухай асуудал болж байна. УИХ өнгөрсөн зунжингаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр ханцуй шамлан орж, төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хүргээд гол асуудлаа ард түмэнд даатгалаа. Үүнээс гарах үр дүнг нь харалгүйгээр МАН-ынхан УИХ-аа тарааж, төрөө нурааж тоглохоор шийдлээ. Товчхондоо, сонгогчдод өгсөн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүйгээ МАН хүлээн зөвшөөрч, Г.Занданшатарын парламентыг тараахаар улайрч байна. Бүр тодорхойгоор хэлбэл, ЖДҮ, 60 тэрбумын хулгай луйвраа МАН-ынхан хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
УИХ-ыг тараах асуудлыг эрх баригчид энэ удаад өөрсдөө "өрдөж" байгаа нь учиртай. Хэдийгээр шинэ парламент, шинэ Үндсэн хууль гэсэн тайлбар тавьж буй ч нөгөө талдаа Ерөнхийлөгчийн засаглалд шилжих процесс гэж харах хүмүүс ч байгаа юм.
Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс өмнө нь хэд хэдэн удаа энэ парламентыг бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарахыг шаардаж байсан, гэхдээ одоогоор аль, аль нь улс төрийн нүүдлээ тооцож суугаа бололтой. Харин УИХ-ыг тараах асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өөрсдөө гаргаж байгаа гэх хэдий ч яг үнэндээ хэн нь санаачилж, хэчнээн гишүүний гарын үсэг зурагдсан нь одоогоор бүрхэг. Хэн, хэн төрөө нурааж, сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, бүрэн эрхээсээ татгалзах албан бичигт гарын үсэг зурсныг харцгаая.
УИХ-ын гишүүд тийм ч амархан бүрэн эрхээсээ татгалзчихгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Парламентын дараагийн ээлжит сонгууль хүртэл үлдсэн найман сарын хугацаанд гишүүнээрээ үлдэхийг юу юунаас илүүтэй хүсэх нь тодорхой. Ялангуяа МАН-ын 64 гишүүний талаас дээш хувь нь ЖДҮ-ийн булхайтай нэр холбогдсон. Тэд УИХ-ын халдашгүй бүрэн эрхээ тайлснаар байдал хурцдах нь мэдээж. Тиймээс ЖДҮ-д холбогдсон гишүүдийн хувьд УИХ-ыг тараах ажиллагаанд тун болгоомжтой хандана. Хэрэв УИХ-ыг тарахыг намын дарга нь хүчтэй дэмжиж байгаа бол аргагүй эрхэнд ЖДҮ-чид ээлжит бус сонгуулийг дэмжиж магадгүй. Оронд нь намын даргаасаа сонгуульд өрсөлдөх визээ авна. Визээ авлаа ч ЖДҮ-чин гишүүд дахин сонгогдох магадлал нь тун доогуур. Энэ мэт тэдний толгойг өвтгөсөн асуудал болох нь ойлгомжтой.
Хоёр дахь хувилбар, УИХ тараад ээлжит бус сонгууль явуулбал бусад улс төрийн намууд бэлтгэлгүй учраас МАН-д ашигтай ч байх талтай. Учир нь, МАН-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулж худлаа үнэн тойргоо эргэж тойрч байсны хувьд сонгогчдод “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр” дээр байхыг үгүйсгэхгүй. Тэгээд хамгийн гол нь дахин сонгуулийг одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн хуулийн хүрээнд хийнэ. 76 жижиг тойргоор сонгоно гэсэн үг. Энэ тооцооллоор МАН харж байгаа бол ээлжит бус сонгуулийг яаравчлуулах үндсэн шалтгаан нь байж ч магадгүй.
“ЯАРВАЛ ДААРНА”
“Яарвал даарна” гэж МАН ээлжит бус сонгуулийг явуулах гэж юунд яарав. Магадгүй ээлжит бус сонгууль явуулбал нийгэм хэрхэн хүлээж авах вэ гэсэн нийгмийн сэтгэл зүйг тандах зорилготой МАН хоосон цуурхал гаргаж байгааг ч үгүйсгэхгүй. Зардал хэмнэж, мөн сонгогчдын ирцийг өндөр байлгахын тулд ард нийтийн санал асуулгатай хамтад нь ээлжит бус сонгуулийг явуулахыг дэмжиж байгаагаа нэр бүхий гишүүд хэлсэн. Хэрэв энэ тохиолдолд УИХ-ын сонгуулийн хугацааг наашлуулж хөхөө өвлийн хүйтнээр сонгууль явуулах шаардлага байхгүй. Ирэх зургадугаар сард буюу УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаатай хамт ард нийтийн санал асуулгыг явуулах хувилбар байж болно.
УИХ-ын тухай хуульд парламент хугацаанаасаа өмнө тарах хэдхэн л зохицуулалт бий. УИХ-ын тухай хуульд парламент хугацаанаасаа өмнө тарах хэдхэн л зохицуулалт бий. Нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хүлээж авсан, Ерөнхий сайд томилох санал оруулснаас хойш 45 хоногт асуудлыг шийдэж чадаагүй бол хугацаанаасаа өмнө тарна.
УИХ-ыг тараах асуудалд парламентад суудалгүй намууд ч яаж дутахав. Өчигдөр МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийж, УИХ-ын тараах шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн. Тус намын дарга Н.Энхбаярын хувьд Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр эртнээс бэлтгэсэн ч харамсалтай нь нөхөн сонгууль хэдэнтээ хойшлогдсон. Тэгэхээр ээлжит бус сонгуулийг Н.Энхбаяр хүсэж байгаа нь тодорхой. Үүнийгээ ч тэрбээр битүүхэндээ илэрхийлж, "УИХ-ыг л яаралтай тараая” гэлээ. Учир нь, энэ УИХ ёс зүйгүй, тэд тарчихвал л амьдрал сайхан болчихно гэсэн дүгнэлт түүний үг, үйлдлээр илэрч байгаа юм.
Улс төрийн намуудын отгон хүчин болох ШИНЭ намын гишүүд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр УИХ-ыг тараах асуудалд “хавсарсан” улс төр хийхээ яахан мартах билээ. Мань хоёр өнөөх л хэвлэлийн хурлаа хийж, "УИХ-ыг тарахыг" дэмжинэ гэв.
Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүдийн хувьд асуудалд нэлээд ул суурьтай хандаж байгаа бололтой. МАН дангаараа 51 гишүүнийхээ гарын үсэг бүрдүүлж чадвал АН-ынхан гарын үсгээ зурна гэж дотооддоо ярьжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд мөн ялгаагүй МАН-ын 51 гишүүн гарын үсгээ зурсны дараа гарын дэмжинэ гэдгээ хэлсэн.
Нөгөө талаар магадгүй УИХ тарах эрх зүйн үндэс бүрдлээ ч үндэслэл, шалтгаан нь тодорхой бус тохиолдолд дэмжээгүй гишүүд нь Цэцэд хандах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй гэдгийг зарим судлаач хэлж байгаа юм.
Ямартай ч УИХ-ыг тараах ажиллагаа ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ.
Холбоотой мэдээ