Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 5

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 5

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(“ХУВЬ ХҮН ЮУ Ч БИШ, ГОЛ НЬ ОЛОН ТҮМЭН” ГЭХ ҮЗЛИЙН ГОР)

Бидэнд хувийн хүрээний тухай ойлголт тун бага байдаг. Уг нь энэ тухай ойлгомжтой өгүүлсэн нэг ном монгол хэл дээр байдаг нь Д.Бэргландын Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл хэмээх ном юм. Энэ номыг олоод харчихвал монголчууд privacy-гийн (хувийн хүрээний) талаар нэлээд сайн ойлголттой болно доо.

Миний байнга хэлдэг нэг жишээ бий: нэг удаа би I хорооллоос автобусаар хотын төв орж явлаа. Зун цаг, автобусанд хүн ч цөөн, хоёр охин урдуурхан сууж яваа харагдана. Тэгтэл нэгнийх нь утас дуугарч, нөгөөдөх чинь ярьж гарлаа. Автобусанд өөр хүмүүс зорчиж яваа, иймэрхүү зүйл яриад яах вэ гэсэн бодол огт алга аа. Сонсохгүй байя гэсэн ч сонсог гэсэн аятай ярьж байна (ямар чихээ таглалтай биш). Ярианаас нь түүний талаар нэлээд зүйл мэдэж авлаа: ямар хувийн дээд сургуулийн хэддүгээр курст суралцдаг, ямар багш нь “их зэвүүн” болох, мөнгөний асуудалтай байгаа, хөдөөнөөс аав ээж нь сарын өмнө мөнгө гуйвуулсан тул ойрдоо мөнгө явуулж чадахгүй байгаа, мөн найз охин нь найз хүүтэйгээ муудалцаад, шинэ залуутай болсон, тэр нь овоо царай зүстэй болох тухай … Бас автобусанд яваа бидний хэдэн хүний хувьд сонсоход арай ч эвгүй зүйл нэлээдийг чанга чангаар ярилаа. Тун онцгүй юм билээ, цонхоор харсан болоод л сууж байв.

Ер нь, монголчуудад хувийн хүрээний тухай ойлголт тун хомс. Одоо харьцангуй гайгүй болсон байх, гэхдээ л шөнө дөлөөр айлд очоод архи нэхнэ, тогоо, шанага, цай, давс гээд хөршүүд дундаа хэрэглэдэг зүйл ихтэй. Хувийн хүрээ гэсэн ойлголтонд зөвхөн материаллаг эд юмс ч багтдаг юм биш. Миний сонирхдог зүйл, үзэл бодол, эрх ашиг, шашин шүтлэг гээд бүх зүйл энд багтана. Энэ бүхэнтэй холбоотой асуулт хамаагүй тавьж буй хүн бол миний хувийн хүрээ рүү өнгөлзөж буй хэрэг.

Хамтын амьдрал гэдгээр түрий барьж нэгийнхээ хувийн хүрээ уруу ороод байхыг соёлжиж иргэншсэн хүмүүс маш их эсэргүүцдэг. Шөнө дөлөөр айлд хэдүүлээ очиж сандаргах, цай, давсгүй болчхож гээд нэг нэгнийхээ сав суулгыг ухаад байх нь нэгийнхээ эрхэнд халдаж байна л гэсэн үг.

Иргэн хүн бүрт байдаг “хувийн хүрээ” гэж энэ зүйл нь тухайн хүний өөрийнхөөрөө байж болдог ганц орчин. Бусдынхаа хүрээ (тойрог) рүү орохгүй өөрийнхөө хүрээнд юу ч хийж болно. Архиа ууна уу, тамхиа татна уу, бөөрөө зарна уу, аль эсвэл өөрийнхөө бие махбодь, амьдралыг бодоод энэ бүхнээс хол байна уу, тэр хүний л асуудал. Эцсийн эцэст тэр махбодь бол тэр хүний л бие, махбодь, амьдрал. Төрийнх биш, өөр бусад хүнийх ч биш. Төр болоод өөр бусад хүн энэ бүхнийг нь мэдэх ёсгүй.

Тэгэхээр эрх чөлөөний үндсэн нөхцөл болсон хувийн хүрээг үгүйсгэдэг нийгмийг эрх чөлөөт нийгэм гэх аргагүй.

Өөрийн хувийн хүрээг эс тоодог, өөрийгөө хүндэтгэдэггүй хүн бусдын хүрээ рүү орохыгоо юманд бодохгүй, бусдад хүндэтгэлтэй харьцахаа больчихдог юм билээ. Тэгээд энэ тухай нь хэлэхээр өөдөөс “Аан юун сүртэй юм!” гэсэн муухай хариугаа барьдаг.

Бид нэгнийхээ амьдралд тун ч хамаагүй оролцоно доо. Нас биед хүрсэн ч бай, хамаагүй үр хүүхдийнхээ амьдралыг мэдэж, зааж чиглүүлэх гэж оролдоно. Тийм ч учраас хүүхдүүд нь хэдийн аав, ээж болчихсон атлаа эцэг эхийнхээ дэргэд “эрхэлсээр” насыг барна.

Таних, танихгүй хамаагүй нэгэндээ ажил, амьдралын талаар сургаал айлдах туйлын дуртай. Жишээ нь, Багабанди гэж нэг хүн байна. Бүхэл бүтэн үндэстэнд хэрхэн ажиллаж, амьдрах талаар ТВ-ээр үргэлж сургаал айлдаж байдаг. Ингэж сургаж байхгүй бол монголчууд бүгд ажиллаж, амьдарч чадахгүй, алдаж эндчих гээд байгаа юм шиг санагддаг бололтой. Либертари үзлээр бол өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан хүн л бусдыг сургах дуртай байдаг.

“Миний хувь тавилангийн онгоцны капитан нь би өөрөө юм”; “Алдаа ч минийх, амжилт ч минийх”, би өөрөө л хариуцлагаа үүрч, ач тусыг нь хүртэх юм уу горыг нь амсах ёстой.

Либертари илэрхийлэл

Хүн ер нь, эрх чөлөөт нөхцөлд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх ёстой. Тэр шийдвэрийг хүчээр, албадлагаар, айлган сүрдүүлж байж гаргуулчихсан биш, өөрөө л гаргасан юм чинь. Амжилт гаргавал өөрөө хүртчихээд, алдаа гаргавал бусадтай хамтарч үүрэх гээд байж болохгүй. Хэдийгээр аав, ээж, ах, дүү байлаа ч гэсэн. Чи өөрөө бие даасан индивид учир өөрөө даах ёстой.

Дээрх жижиг сажиг гэмээр дадал, зан заншил, психологи нь коллективист, коммунлаг, коммунитари үзэлд эерэг, харин либертари үзэлд сөрөг нөлөө үзүүлж байдаг.

Чухамхүү ингэж үздэг учраас индивидуализмыг дээдэлдэг либертари үзэл монголчуудын хувьд хачирхалтай санагддаг болов уу. Монголчууд нэгэндээ “Чи яагаад бусдаас өөрөөр бодож, ажиллаж, амьдарч байна”, “Яагаад өөр хувцас өмсөж, өөр дуу дуулж байна” гэх маягийн асуулт тавьж, бараг л ял тулгадаг. 10 хүний 9 нь санал нэгтэй байх юм бол үлдсэн ганц хүн бол “юу ч биш, түүнийг яасан ч яадаг юм” гэнэ.

Индивидуализмыг маш сайн ойлгосон хүн л социализм, коммунизм, фашизм зэрэг хамт олонч үзлийн харгис мөн чанарыг ойлгодог.

Коллективизм гэдэг бол ийм л зүйл

Либертари аж төрөх ёс хэвшсэн, индивидуализм хөгжсөн орчинд бол нэгнийхээ хувийн хүрээ рүү орсон асуултыг маш болгоомжтой тавьдаг. Уучлаарай, “personal question” гэж байгаад. Шашин шүтлэг, улс төрийн үзэл, ёс суртахуун, дадал зуршил, нас, сексийн сонирхол зэрэг бол үнэхээр хувь хүний л асуудал. Өвчин зовлон, хувийн амьдралын бэрхшээлтэй асуудал руу нь орох бүр ч цээртэй. Нэгэндээ зааж сургана гэж байхгүй, ингэх нь ихээхэн бүдүүлэг хэрэг болно.

Товчхондоо, хувь хүнийг дээдлэх үзэл нь анти-коммунлаг (анти-коммунист гэсэн ч болно) шинжтэй. Хувийн зүйл гэж байдаггүй, өөрийгөө хүндэлдэггүй орчинд ийм үзлээс жийрхэх нь хэр буй заа.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж