Эрх нь дэндсэн тариаланчид

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Эрх нь дэндсэн тариаланчид

Эрх нь дэндсэн тариаланчид

Энэ улсад тариалан эрхлэгчид шиг даварсан бизнесменүүд байхгүй тухай Засгийн газар хэдхэн сарын өмнө зарлаж, шуугиулсан атлаа улсын нөөцөд худалдсан буудайн тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор өчигдөр /2019.09.18/шийдвэрлэв.

Тушаагаагүй буудайндаа урамшуулал авах, тушаасан буудайныхаа хэмжээг хуурамчаар нэмэгдүүлж, ахиу урамшуулал авсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн дуулиантай зэрэгцэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд 140 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тухай мэдээлснийг санах хүн олон биз. Гэтэл энэ олон хэрэг, зөрчлийн учир нь олдоогүй байхад буудайнд олгох урамшууллын мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж, тариалан эрхлэгчдийг эрхлүүлэхээр болсон нь хачирхалтай.

Сүүлийн жилүүдэд монголчуудын хүнсний хэрэглээний бүтцэд өөрчлөлт орсноор мах, гурилаар голчлон хооллодог нь багасч байна. Далайн гаралтай элдэв төрлийн амьтнаас гадна олон төрлийн хүнсний ногоо хэрэглэдэг болсон. Хүн амынх нь хүнсний хэрэгцээ гурилаас хараат байдаг цаг үе өнгөрсөн атал тариаланчдыг л бөөцийлөхгүй бол гурилын үнэ тэнгэрт гарна гэдэг хоцрогдсон сэтгэхүйтэйгээ зууралдаж суугаа нь энэ Засгийн газарт бодлого байхгүйг илтгээд байх шиг.

Уг нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 30-аад жилийн хугацаанд төрөөс хамгийн их дэмжлэг авсан салбар зөвхөн газар тариалан эрхлэгчид л байдаг.

Тухайлбал, Сангийн яамны мэдээгээр 2005-2018 оны хооронд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн урамшуулал болгож, 157.4 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 7500 орчим аж ахуй нэгж, иргэнд олгожээ. Энэ дунд өөрийнхөө гурилын үйлдвэрт буудайгаа тушаачихаад урамшуулал авсан аж ахуйн нэгж ч бий. Төртэйгээ хуйвалдаж урамшуулал хүртсэн үү, эсвэл төрөө маллаад урамшуулал авчихсан уу мэдэхгүй юм.

Улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллын цаана ийм нэг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл л нуугдаж байдаг.

Цаашилбал хүү багатай зээлийг тариалан эрхлэгчид л авч чаддаг. Нэг сангаас авсан зээлээ нөгөө зээлийн сангаас авсан зээлээ төлөхөд ч зарцуулж, журам зөрчсөн байх тохиолдол цөөнгүй.

Монголын хувийн хэвшлүүдийн гадаадаас авсан зээл Монголбанкинд бүртгэлтэй байхад тариалан эрхлэгчдийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээл нь бүртгэгдээгүй байх нь энүүхэнд.

Ийм тодорхой зөрчлүүд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй. Зээлээ хэдэн жилийн өмнө аваад төлөөгүй байхад чанаргүй зээл гэдэгт л бүртгэгдсэн. 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид олгоход 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангилалд багтжээ.

Цаашлаад тариа тарих, хураах болоход хүний төлөөнөөс ажиллах гэж байгаа аятай төр баталгаа гарган зээлээр шатахуун авч өгнө. Техникийг нь мөн хөнгөлөлттэй зээлд хамруулж, олгоно.

Жишээ татвал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Төв аймагт ажиллахдаа ОХУ-ын Внешэкономбанкны гурван сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр олгосон 36 ширхэг тариа хураах комбайн олгосон. Энэ бол зөвхөн өнөөдөр олгож байгаа дэмжлэг биш. Үе, үеийн Засгийн газар тариалангийн салбараа өөд татахын тулд хөнгөлөлттэй зээлээр техник хэрэгслийг нь шинэчилж ирсэн.

Татвар, гаалийн хөнгөлөлтийг ч тэд л эдэлнэ. Гэтэл төр бусдаас илүүтэй халамжлаад байхад л өөдөө гарахгүй. Байнга зовлон тоочно.

Өнөө жил ч бас л буудайн урамшууллаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газар уухайлан авч, нэг тонн тутамд олгож байсан 50 мянган төгрөгийн урамшууллыг 100 мянган төгрөг болгов.

Урамшуулал хоёр дахин нэмэгдсэн өртгийг эцсийн дүндээ татвар төлөгчид л төлнө. Учир нь, Тариалан эрхлэлтийг дэмжих санг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг тул Засгийн газраас ганц өнчин ишиг ч гардаггүй юм.

Ингэхэд Засгийн газар татвар төлөгчдийн мөнгө багтаж ядаад, тариаланчдыг эрхлүүлэх болтлоо өсчихсөн байгаа бол бизнес эрхлэгчдээ тэгш бусаар үзэж, зөвхөн тариалан эрхлэгчдийг эрхлүүлж байхаар НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо 5 хувь болгож нэмэхэд зарцуулаач. Энэ илүү шударга хуваарилалт болохгүй гэж үү?

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж