ЭМЯ-ны мэргэжилтэн тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгож байна

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

ЭМЯ-ны мэргэжилтэн тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгож байна

ЭМЯ-ны мэргэжилтэн тусгай зөвшөөрлийг дур мэдэн олгож байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар мөн эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн шалгалтын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатарт эм, эмийн бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулдаг 105 байгууллагаас 99 газарт хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтаар хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилдаггүй, эмийн хадгалалт, хамгаалалт зөрчилтэй, жор барих эрхгүй хүн ажиллуулсан, жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Нийт 23 аж, ахуй нэгжийг хялбаршуулсан журмаар 12 сая 600 мянган төгрөгөөр торгож, хоёр хүнд 100 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, нэг аж, ахуй нэгжид зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Тодруулбал: Өрөө тасалгаа, хүний нөөц хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Бүжифарм эмийн сангийн зэрэглэлийг бууруулах, ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан Ананас ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэх, үйл ажиллагаа явуулах ажлын байргүй Закира ХХК-ийн эмийн сан, Хүрмэн эмийн сангийн салбар Ааг фарм, Бажа Азиа ХХК-ийн Баянсонгино, Интимейт ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газарт тус тус хүргүүлжээ. Мөн ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, хангамжаас шалтгаалан үйл ажиллагаа явуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Монос Улаанбаатар ХХК, Тавин-ус ХХК-ийн эмийн сан, Азифарм ХХК-ийн Бичил эмийн сан, Баянзүрх дүүргийн Оригмаг эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна. Мөн үүнээс гадна Эрүүл мэндийн Яамны мэргэжилтнүүд эмийн сангийн тусгай зөвшөөрлийн эрхийг дур мэдэн сунгасан зөрчил илэрчээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

Байцаагчид маань 95 эмийн сангаар явсан. Үүнээс бараг тал хувь нь зөрчилтэй. Тооцоод үзвэл 300-400-аад зөрчил илэрч байна.

Угаасаа ажиллахгүй байгаа аж, ахуй нэгжийн эрхийг цуцлах бол арга хэмжээ биш. Харин зөрчилтэй байгаа газруудыг торгох бус тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй. Тухайлбал, импортоор эмийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа Жаргалт-Эрдэнэ, Бурам фарм гэх газрууд зөрчилтэй гарчээ. Мөн эмийн сан түгээлт дээр дахиад Бурам фарм, Монхими хоёр зөрчилтэй гарсан байна. Эм солилцох, эмийн сангийн дотоод бэлтгэлийг хангах нийлүүлж чадахгүй байгаа гээд мөн л Жаргалт-Эрдэнэ, Хүрээ фарм зөрчил гаргажээ. Ингээд зөрчил дээр эдгээр аж, ахуй бүгд дурдагдсан байхад тусгай зөвшөөрөл дээр эдгээр нэрс алга байна. Гэтэл Жаргалт-Эрдэнэ гэх компани мэргэжлийн хяналтын бүх стандарт, шаардлагыг зөрчсөн байна.

Хууль, дүрэм зөрчөөд байгаа эмийн сангуудыг бид яагаад ажлуулах ёстой юм бэ. Зөрчил арилгах гэж байцаагчид шалгалт хийгээгүй, зөрчил илрүүлээд хариуцлага тооцох ёстой.

Чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлж ажлаагүй, эм, эмийн хэрэгслийн хадгалалт, хамгаалалт түгээлтэд шаардлага хангаагүй, нийлүүлэх эмийн зааврыг мөрдөж ажлаагүй зэрэг зөрчилтэй Анар, Хүрээ, Гоо баян, Жаргалт-Эрдэнэ, Бурам фарм гэх газруудыг торгоод өнгөрч болохгүй. Торгууль бол хариуцлага биш. Тиймээс нэр бүхий аж, ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг цуцлах саналтай байна. Эм өнөөдөр хоол болж байна уу, хор болж байна уу гэдгийг маш сайн бодох ёстой. Эмийг ямар ч жоргүй, хяналтгүй олговол хор болно.

Нийслэлд нэг гудамжинд 3-4 эмийн сан байна. Үүнийг цэгцлэе гэдэг асуудлыг олон жил ярьж байна. Дээр нь хил, гаалиар тусгай зөвшөөрөлгүй, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлүүд орж ирдэг. Үүнд хяналт алга.

Эм, эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх стандартын дагуу зөвшөөрөл олгохгүй байна. Яам нь хүртэл өнөөдөр стандартаа зөрчөөд зөвшөөрөл олгочихдог. Яамны нэг мэргэжилтэн гурван жилийн зөвшөөрлийг таван жил болгоод дураараа нэмээд сууж байна. Хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, зөрчил гаргах тохиолдол гарсаар байна. Тэгэхээр зөрчил гаргасан энэ хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүлэх хүсэлтэй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын өнөөдрийн /2019.09.19/зөвлөлийн хурлаар үйл ажиллгаа явуулахгүй байгаа зургаан эмийн сан болон зөрчилтэй байгаа 36  аж, ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, дөрвөн эмийн сангийн зэрэглэл бууруулах, Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл олгосон мэргэжилтнүүдийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэх, мөн хууль бусаар зөвшөөрөл авсан гурван эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг санал гарч, холбогдох газар хүргүүлэхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж