Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгнө | News.MN

Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгнө

Жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэж өгнө

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Өнөөдөр /2019.09.19/  Цагдаагийн Ерөнхий газрын /ЦЕГ/ Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх нөхөн олгох, солих, лавлагаа зэргийг өдөрт нь хэвлэж өгч буй. Мөн энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалгыг 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгох аж.  Ингээд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.


ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ГЭРИЙН ХАЯГААР ХҮРГЭЖ ӨГНӨ

-Өнөөдрийн байдлаар хэвлэлтээс гарсан хичнээн жолооны үнэмлэх байгаа вэ?

-2018 онд жолооны үнэмлэхийн бэлдэцийн хомсдол болон тендерийн асуудалтай холбоотойгоор жолооны үнэмлэх хугацаандаа олгогдоогүй. Энэ жилийн хувьд 2018 онд хуримтлагдсан жолооны бүх үнэмлэхийг хэвлэж тараасан. Өнөөдрийн байдлаар 30 мянган жолооны үнэмлэх эзнээ хүлээж байна. Нийслэл хотын хэмжээнд өдөртөө манай төвөөр жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн хугацаа дууссан гэх шалтгаанаар 300 хүн ханддаг.

Жолооны үнэмлэхийн лавлагаа авах хүсэлтэй хүн олон байдаг. Энэ лавлагааг зөвхөн танай төвөөс олгох уу?

-ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс иргэд хоёр төрлийн лавлагаа авах боломжтой.  Тухайлбал, гадаадад оршин сууж байгаа иргэд Монгол Улсын жолооны үнэмлэхээ солиулах эсхүл гадаадын иргэд жолооны үнэмлэхийн лавлагаа авахдаа манайд ханддаг. Иргэд бусад лавлагааг нэг цэгийн үйлчилгээ буюу ТҮЦ машинаас авах боломжтой.

-2016 онд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв, “Монгол шуудан” ХК –тай хамтран жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ нэвтэрнэ гэж ярьж байсан санагдана. Энэ үйлчилгээ одоо ямар шатандаа явна вэ?

2019 оноос эхлэн Монгол шуудан” ХК –тай хамтран иргэд жолооны үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн, солиулах шаардлагатай тохиолдолд жолооны үнэмлэхийг гэрийн хаягаар хүргэх үйлчилгээ нэвтэрсэн. Үүний хүрээнд жолооны үнэмлэхийг хэвлэлтээс гарсан даруйд нь хэрэглэгчийн хүссэн хаягаар хүргэх юм.

Өөрөөр хэлбэл, үнэмлэхээ хаяж, гээсэн, үрэгдүүлсэн, хугацаа дууссан үнэмлэхээ дахиж авахаар захиалсан иргэдийн үнэмлэхийг “Монгол шуудан” ХК –иар  дамжуулан хүссэн хаягаараа хүргүүлэх боломжтой гэсэн үг. Хаягаар хүргүүлэхийн тулд ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвд үнэмлэхээ захиалах үедээ шуудангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөөд хаягийн мэдээллээ өгсөн тохиолдолд тэр хаягийн дагуу хүргэлт хийгдэнэ.

Шуудангаар хүргүүлэх захиалга өгөөгүй хэдий ч шуудангаар хүргүүлэх сонирхолтой байгаа иргэд  “Монгол шуудан” ХК-ны аль ч салбараар дамжуулан захиалж болно. Ингэхдээ тухайн иргэний жолооны үнэмлэх захиалсан төлбөрийн баримт, иргэний үнэмлэх байхад л хангалттай. Хамгийн гол нь ямар нэгэн зөрчил, торгуульгүй байх ёстой.

-Жолоочийн эрхээ зургаан сар, нэг, хоёр жилээр хасуулсан иргэд өнөөдөр жолооны үнэмлэхээ авах боломжтой юу. Үүнд тайлбар өгөөч.

Таны асуусан асуултыг өнөөдөр надаас олон хүн асуусан. Өнөөдөр ЦЕГ-ын  Бүртгэл хяналтын төв тээврийн хэрэгслийн жолооны үнэмлэх шинээр олгох, сунгах л үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс биш эрхээ хасуулсан жолоочид үнэмлэхээ сэргээх ямар ч боломжгүй. Учир нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан тохиолдолд жолоодох эрхийг нь шууд түдгэлзүүлдэг. Тэр цагаас эхлэн компьютерын нэгдсэн  сүлжээнд тухайн иргэний мэдээлэл нь орж,  эрх сэргэх хугацаа нь  автоматаар тоологдож эхэлдэг. Гаднаас ямар нэгэн байдлаар хандах, хувь хүний оролцоотойгоор эрх сэргээх ямар ч боломжгүй.

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгийн онцлогоос дурдвал?

-Бид өмнө нь нээлттэй хаалганы өдөрлөгүүдэд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн иргэдийн материалыг бүрдүүлж авдаг байсан бол энэ удаа тухайн үнэмлэхийг газар дээр нь хэвлэж олгож байгаагаараа ихээхэн онцлог.

Жолооны үнэмлэхээ хаясан, хугацаа нь дууссан, түр үнэмлэхтэй иргэд өнөөдөр 16.00 цагаас өмнө 12 мянга 500 төгрөгийг дурын банканд тушаагаад, төлбөрийн хуудсаа, иргэний үнэмлэх, хугацаа нь дууссан түр үнэмлэх, лавлагаа, гадаад паспорт зэргийн аль нэгийг бүрдүүлээд ирэх юм бол захиалсан үнэмлэх нь өнөөдөр гарах боломжтой. Хэрэв торгуультай байвал заавал торгуулиа төлж барагдуулна.  

Харин жолоочийн зөрчлийн 10 оноо нь дууссан бол жолоодох эрхийн лавлагааг ТҮЦ машинаас аваад  зохих журмын дагуу сургалтад хамрагдаж оноогоо сэргээх боломжтой. Өнөөдөр сургалтад хамрагдлаа гэхэд ажлын гурав хоногийн дотор жолооны эрх нь сэргэнэ.

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙН ЭРХ СЭРГЭЭХ, АНГИЛАЛ ДАРЖ ӨГӨХ, ҮНЭМЛЭХ ГАРГАХ ЗЭРЭГ МЭДЭЭЛЛҮҮД НЬ ЗАЛИЛАН

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэхийн тулд яах вэ?

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас жолоодох эрхээ хасуулсан бол эрүүл мэндийн тодорхойлолт шаардлагатай. Лавлагааг авснаар нийслэл, орон нутагт тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын төвүүдийн сургалтад сууна. Тус сургалтын байгууллагаас ЦЕГ-ын бүртгэлийн төвд ирсэн мэдээллийн үндсэн дээр жолоодох эрх сэргээнэ.

-Тэгвэл үнэмлэхээ сэргээлгэхийн тулд дахин шалгалт өгдөг байсан больсон хэрэг үү?

Хуучин журамд эрхийг сэргээхийн тулд сургалтад суун, шалгалтад тэнцсэнээр эрх сэргээдэг байсан. Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэл жолоодох эрх, дуусгавар болох, эрх сэргээх журмыг шинэчлэн баталсан. Энэ журамд эрх сэргээхийн тулд шалгалт авах зохицуулалт байхгүй.

-Цахим орчинд жолооны үнэмлэх гаргана, ангилал дарна гэсэн зар их гарах юм. Зарын дагуу холбогдохоор авто сургуульд сурсан иргэдтэй таны мэдээллийг хамт бүртгэлд оруулна гэх юм. Ийм байх боломжтой юу?

Цахим орчинд жолооны үнэмлэхийн эрх сэргээх, ангилал дарж өгөх, үнэмлэх гаргах тухай мэдээллүүд нь хүнийг янз бүрийн байдлаар залилах хэлбэрээр тавигдаж байгаа.

Тиймээс иргэдэд мэдээллүүдийг нягталж, жолооч бэлтгэх сургалтын байгууллага, албаны ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нягталж байж, мөнгөө шилжүүлэхийг анхааруулж байна.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд жолооч эрхээ хасуулсан тохиолдолд тухайн орон нутаг, дүүргийн замын цагдаагийн тасгаас жолоочийн бүртгэлийн санд хасалт хийгээд, системд оруулдаг. Энэ тохиолдолд ямар нэгэн байдлаар хугацаанаас өмнө жолооны эрхийг сэргээх боломж байхгүй. Тухайн жолоочийн үнэмлэх зөрчлийн материалдаа хавсрагдаад явдаг.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sereeter 2019-09-19 59.153.85.111

түгжирэлээ дийлэхгүй байна гэнэ.энэ олон жолоочоор яах гэж байгаа юм.төр нь ийм хязгаар замбараагүй бизнес хийгээд байхаар машин нь улам олшироод 0 зогсолтондоо маш амархан хүрэх нь окей.гэрт нь хүргэж өгдөг яасан их буянтай төр вэ.хорлонтой юмыг ингэж хийж хэрэгжүүлдэг төр дөө.эсэргээрээ харин жолооны курсуудыг цөөлж үнийг нь сая болгож хугацааг нь нэмж байж хар түгжирэлээсээ салцгаа малуудаа.

Avatar

Зочин 2019-09-19 66.181.161.41

Реклам маягаар ийм юм хийж байхын оронд өдөр бүр ингэж ажилладаг бол сайнсан!!!

Avatar

Oromdson l yum bollo 2019-09-19 103.212.118.203

Jiriin uyed ni ochihoor hund surtaliin apparat tsarailaad tsag alduulaad baidag bolohoor irged iimerhuu neelttei uyed ni shavaad talbaigaar duuren ocher bn lee.

Avatar

Зочин 2019-09-19 202.126.89.94

zuv sanal bna

Avatar

НЭГ САНАЛ БАЙНА. 2019-09-19 202.179.24.58

ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ , ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ , ГАДААД ПАСПОРТ, БҮГДИЙГ НЬ ХУВИЙН КОМПАНИД ХАРИУЦУУЛЧИХААЧ. ЮЬ БОЛДОГГҮЙ ВЭ. АЛАААН ТАЛААН БОЛГОХЫН. ӨГЛӨӨ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ОЧЛОО. АРААТАЙ Л НЭГ НЭГНЭЭ БАРЬЖ ИДЭХНЭЭ… НУУЦЛАЛЫГ НЬ ХАНГААД Л БАНКУУД ТӨЛБӨР ТООЦООНЫ КАРТ ГАРГААД БОЛООД Л БАЙНА ШД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж