Азербайжаны Габала хотод болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр явагдсан 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 85 тамирчин буудсанаас ОУХМ Ц.Мөнхзул 584 оноогоор финалд шалгарч, улмаар хагас финалд 13 оноо авснаар 6-р байр эзлэн, РИО-2016 олимпийн эрхээ өвөртөллөө. Тэрбээр өмнө нь 2008 оны Бээжингийн олимпод цэц сорьж байсан билээ.
Өнөөдөр явагдсан 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд 56 тамирчин буудсанаас ОУХМ Э.Даваахүү 549 оноогоор 37-р байранд оржээ. Харин 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин буудаж, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 578 оноогоор 20-р байранд, ОУХМ Ө.Өлзийням 559 оноогоор 73-р байранд тус тус бичигдлээ.
Рио-2016 олимпийн эрх олгох сүүлчийн "Дэлхийн цом"-д 90 орны 1100 бууч цэц мэргээ сорьж байна. Монголын багийн хувьд Гавьяат тамирин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ч.Нарантуяа нарын 10 тамирчин оролцож байгаа бөгөөд цомын тэмцээн энэ сарын 14-нд дуусна.
Өчигдөр явагдсан эхний өдрийн тэмцээний хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд 110 тамирчин буудсанаас ОУХМ Х.Бямбабаатар, Н.Баяраа, Б.Бишрэл нар 76-99-р байрт шалгарсан. Хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 112 тамирчин буудсанаас ОУХМ Ч.Нарантуяа,О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар 32-61-р байр эзэлсэн билээ.
Дэлхийн цомын хувьд энэ удаагийн цуврал олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн нь бол Ази тивийн тамирчдад 11 сард Кувейтэд болох тивийн аварга шалгаруулах тэмцээнээс РИО 2016 олимпийн наадмын эрх авах нэг боломж бий.
Монголын буудлагын тамирчдаас ийнхүү Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нарын гурван тамирчин 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байна.
Б.ЭНХ