Оросын эдийн засаг 4,6 хувиар унажээ
"Өнгөрсөн оны II улиралтай харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүний биет хэмжээ нь 2015 оны II улиралд 95,4 хувь байлаа гэж Оросын Статистикийн газар мэдээлжээ.
Энэ жилийн II улирлын үзүүлэлтүүд нь эдийн засгийн уналт үргэлжлэн удааширч буйг харууллаа хэмээн байдлыг хянах тухай Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны тайланд долоо хоногийн өмнө тэмдэглэсэн байна.
ЭЗХЯ-ны үнэлгээгээр, улирлын чанартай үзүүлэлтийг хассаны дараа Оросын ДНБ дөрөвдүгээр сард 0,5 хувиар, тавдугаар сард 0,4 хувиар, зургадугаар сард 0,1 хувиар өмнөх нэгдүгээр улирлын 1,1 хувийн уналттай харьцуулахад тус тус буурсан байна. ДНБ-ний уналтын хурд саарч байгааг боловсруулах үйлдвэрлэл, хий, ус, эрчим хүчний хуваарилалт, хүн амд үзүүлэх төлбөрт үйлчилгээ зэргийн уналт саарч буйгаар тайлбарлав. Яамны үнэлгээний дагуу өмнөх оны мөн үетэй харьцуулахад ДНБ-ний үйлдвэрлэл 4,2 хувийн уналттай бөгөөд оны эхнээс эдийн засаг нь 3,4 хувиар багасаад байна.
Дараагийн халуун цэг нь Молдав болж магадгүй
Турбьерн Ягланд. Фото: Ivan Sekretarev / AP
Молдав шинэ халуун цэг болох эрсдэлтэй байна. Тус орны хямралын үр дагавар нь тус улсын хил хязгаараас давах аюултай гэж Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Турбьерн Ягланд The New York Times сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ онцолжээ.
Молдавын удирдлага шинэчлэлд яарах хэрэгтэй, үүнийг эс хийвээс эдийн засгийн хямралтай учирна гэж тэрбээр үзсэн байна. 2009 онд засаг авсан Европын талыг баригчид байдлыг өөрчилж чадсангүй. Тус улсад авлига газар авч, засаг нь олигархиудын гарт байсаар байгаа бөгөөд амжиргаа доогуур төвшинд байна. Иргэд нь улс орноо орхин явах боллоо гэж Ягланд бичжээ.
Фергюсон хотод онц байдал тогтоов
Фото: Raffe Lazarian / Zuma / Global Look
Миссури мужийн Фергюсон хотод цагаан арьстан цагдаагийн хөнөөсөн хар арьстан залуугийн дурсгалд зориулагдсан эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилж байгаа учраас орон нутгийн захиргаа нь онц байдал тогтоов. Хотынхны эсэргүүцлийн үеэр буун дуу хэд хэдэн удаа гарч, байдал хурцадсан учир ийм арга хэмжээ авлаа. Даваа гарагийн шөнө буу тавьсан хэргийн сэжигтэн гэх 18 настай Тайрон Харрис цагдаагийнхантай буудалцах үеэр хүнд шархдан эмнэлэгт хүргэгдлээ. Хотын прокурор түүнд дөрвөн зүйл ангиар ял тулган, 250 мянган долларын барьцаа тогтоосон байна.
Ирак, Сирийн 10 мянган дүрвэгсдийг авахаа амлав
Стивен Харпер
Фото: Melissa Renwick / Zumapress / Global Look
Хэрэв консерваторууд ирэх аравдугаар сарын сонгуульд ялбал, Ирак, Сирийн 10 мянган дүрвэгчийг Канад хүлээн авна гэж ерөнхий сайд Стивен Харпер амлалаа гэж Reuters мэдэгдэв. Канад өнөөдрийн байдлаар 20 мянган иракчууд, 2,5 мянган сиричуудыг хүлээн аваад байгааг тэр хэлэв. Дүрвэгсдийг хүлээн авснаар асуудал шийдэгдэхгүй. “Исламын улс” бүлгийг бид зогсоох ёстой гэж Харпер онцолжээ.
Хүчнийхэн гал зогсоох тохиролцоог 95 удаа зөрчсөн гэлээ
Украины хүчнийхэн Донбассын сайн дурын жрамт цэргийнхнийг гал зогсоох дэглэмийг 95 удаа зөрчсөн гэв. Авдеевка, Троицкое, Опытное, Станица Луганская сууринуудыг бөөнөөр галлах “Град” систем, миномет, их буугаар буудсан гэж фейсбукт бичжээ. Харин өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын төлөөлөгч Басурин хүчнийхэн байдлыг хурцатгаж зарим газраар фронтыг сэтлэх оролдлого хийсэн гэв. Хэрэв Украины арми давшилтад орвол хүнд зэвсгээ галын шугам руу татахаас өөр аргагүй гэж тэр мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч Террорын эсрэг ажиллагаа явуулж байгаа хүчнийхэнд босогчдын довтолгоог няцаахад бэлэн байхыг тушаажээ.
Юань суларч доллар чангарав
© AFP 2015/ Stringer
Хятадын Ардын банк юанийн ханшийг сулруулсны улмаас доллар дэлхийн валютуудтай харьцуулахад чангарч эхэлснийг биржийн арилжаа харууллаа. Евро 1,1019 ам.доллартай тэнцэж байгаа бол нэг долларын төлөө 124,79 иеныг өгч байна. АНУ-ын худалдааны гол түнш зургаан орны валютын сагстай харьцуулсан долларын индекс 0,36 хувиар нэмэгдэн 97,54 пунктэд хүрсэн байна. Мягмар гарагт Хятадын Ардын банк юань долларын солилцооны дундаж ханшийг урд өдрийн 6,1162-оос 6,2298 юань хүртэл 1,9 хувиар сулруулсан байна. Энэ арга хэмжээг нэг удаагийнх байсан гэж Ардын банк мэдэгджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР