Засгийн газраас тушаал гаргаж, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон. Түүнийг ажлаа авангуутаа халаа сэлгээ хийж эхэллээ гэсэн шүүмжлэл гараад байна. Тэрбээр хөдөө, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэсийн дарга нарыг халж, сольсон тушаал гаргасанд МАН-аас эсэргүүцэж, шаардлага хүргүүлээд байгаа билээ. Энэ талаар С.Эрдэнэ сайд “ Засгийн газраас МАН гарлаа гээд төрийн алба цалгардах ёсгүй. Тиймээс Засгийн газраас Хөдөлмөрийн сайдыг үүрэг гүйцэтгэх тушаал гаргасан. Миний хувьд хэн нэгэн төрийн албан хаагчийг дураараа халаагүй. Харин хуульд нийцээгүй, үндэслэлгүй тушаалуудыг хүчингүй болгосон” гэсэн тайлбар өглөө. С.Эрдэнэ сайдын хувьд С.Чинзориг сайдын гаргасан тушаал үндэслэлгүй. Хөдөлмөрийн яам Хөдөлмөрийн хуулийг зөрчиж болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Т.СОЛОНГО