Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнөөдөр /2019.09.19/ зөвлөлийн хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хурлаар зочид буудлын газруудад хийсэн хяналт шалгалт болон эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлж, зарим газарт хариуцлага тооцож, хаах шийдвэр гаргалаа.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 400 гаруй зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Үүний тал хувь нь дэн буудал байна.
Шалгалтад 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж, ахуй нэгж хамрагджээ. Эдгээр аж, ахуй нэгжээс шалгалтын явцад 393 зөрчил илэрч, 28,6 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулсан байна.
“Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналт хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6,2 хувь их, 92 буюу 71,3 хувь дунд, 29 буюу 22,5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй 129 аж ахуй нэгжээс зөвхөн 5 нь л тавигдаж буй шаардлага хангаж байгаа юм. Үлдсэн 124 буудал хангалтгүй ажиллаж байгаа гэсэн үг.
Илэрсэн зөрчлөөс дурдвал: Тухайн буудлуудын ажилчдын 49 буюу тал хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, маш их хэмжээний гэдэсний халдвар, савханцар, нян бактер илэрсэн, ахуйн цагаан хэрэглэлээ угааж, ариутгадаггүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг, зориулалтын бус байшин, барилгатай гэх мэт маш олон ноцтой зөрчлүүд илэрчээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун
Зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг 129 аж ахуй нэгжээс 393 зөрчил илэрч байна гэдэг их тоо. Энэ илэрч буй зөрчлүүд нь маш ноцтой байна.
Үйлчилгээ үзүүлж байгаа газрын ажилчдын тал хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байна гэж юу гэсэн үг вэ. Ялангуяа энэ газруудаас маш их нян, бактер илэрсэн байна. Мөн ахуйн цагаан хэрэглэл болох ор хөнжлийн хэрэглэл, алчуураа угаадаггүй, дамжуулан хэрэглэдэг зөрчил илэрсэн байна. Тэгэхээр иргэд өвчлөх магадлал маш өндөр байна. Үүнээс гадна хугацаа нь дууссан ундаа, жүүс гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилж байна гэдэг бол ноцтой асуудал. Ийм байхад зүгээр нэг торгоод өнгөрөх ёсгүй. Хэчнээн жил энэ хүмүүсийг торгож суух юм бэ. Эдгээр буудлуудад биеэ үнэлэлт, хар тамхидалт, архидалт маш их байдаг гэж иргэд дургүйцдэг. Ийм хууль бус үйл ажиллагаа явдаг, стандарт, шаардлага хангадаггүй буудлуудтай хатуу хариуцлага тооцох ёстой. Жил бүр бид хяналт, шалгалт хийдэг. Бахь байдгаараа, ямар ч өөрчлөлт алга. Торгууль гэдэг бол тухайн зөрчил дээр тавьж байгаа арга хэмжээний хэлбэр. Хэрэв тавьсан шаардлагын тал хувийг биелүүлээгүй тохиолдолд хаах хүртэл хариуцлага тооцно. Эдгээр аж, ахуй нэгжид Нийслэлийн аялал, жуулчлалын газар зөвшөөрөл олгодог. Гэтэл өнөөдрийн хуралд ирсэнгүй. Улаанбаатарт эрх олгодог албан тушаалтан, яам, агентлаг олон байна, харин шалгадаг газар нь ганц Мэргэжлийн хяналт.
Зөвшөөрөл олгох эрх бүхий 90 гаруй газар байна. Эдгээр газрууд стандартын шаардлага хангаагүй байгууллагад зөвшөөрөл дураараа олгодог. Тэгээд хууль бус үйл ажиллагаа явуулж байдаг. Үүний цаана иргэд хохироод үлдэж байна.
Тэгэхээр өнөөдрийн зөвлөлийн хурал дээр их болон, дунд эрсдэлтэй аж, ахуй нэгжүүдийн эрхийг цуцлах саналтай байна.
Ийнхүү Нийслэлийн Мэргэжлийн хяналтын зөвлөлийн хурлаар 39 дэн буудлаас их болон дунд зөрчилтэй 34 дэн буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлэхээр болов. Мөн ажилчид нь шинжилгээнд хамрагдаагүй зочид буудлуудын нэр, хаяг ил болгож, иргэдэд анхааруулах үүрэг өглөө. Үүнээс гадна зочид буудал болон дэн буудлын хажууд, зориулалтын бус өрөөнд ариун цэврийн шаардлага хангаагүй гоо сайхны газруудыг гаргах шаардлага холбогдох газар нь хүргүүлэхээр боллоо.