Б.Даваадалай: 2019 он дуустал 700 орчим сая ам.долларын нэмэлт орлого орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Б.Даваадалай: 2019 он дуустал 700 орчим сая ам.долларын нэмэлт орлого орж ирнэ

Б.Даваадалай: 2019 он дуустал 700 орчим сая ам.долларын нэмэлт орлого орж ирнэ

Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайтай ярилцлаа.


өнгөний бодлогын хороо удахгүй энэ оны гуравдугаар мэдэгдлээ хийх гэж байна. Инфляци энэ оны 8 дугаар сарын эцэст 8.9 хувьд хүрсний дийлэнх нь нийлүүлэлтийн гаралтай инфляци байгааг статистикийн хорооноос зарласан. Төв банк үүнд мөнгөний бодлогоор ямар хариу өгөх бол?

-Инфляци 2016 оны сүүлээс хойш инфляци ерөнхийдөө төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Энэ оны наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын инфляци 8.9 хувь, Улаанбаатар хотынх 10 гаруй хувьтай гарсан байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Юун түрүүнд сүүлийн саруудад нийлүүлэлтийн гаралтай инфляцийн өсөлт нийт инфляцийн багагүй хэсгийг тайлбарлах болсон. Тухайлбал, махны үнэ, хатуу түлш, шатахууны үнэ, бусад төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр нөлөөтэй байна. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхжил, хувь хүмүүсийн худалдан авах чадвараас хамааралтай хөдөлж байдаг суурь инфляцийн түвшин ч бас өсч байгаа. Гэхдээ хараахан аюул тарих түвшинд хүрээгүй, төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Наймдугаар сарын үр дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, өнгөрсөн оны 8 дугаар сард сарын өсөлт нь нэлээд бага байсан. Тухайн үед улирлын шинж чанартайгаар хүнсний ногоо болон махны үнэ буурч байсан. Тэгэхээр нэгдүгээрт, өнгөрсөн оны 8 дугаар сард инфляци сарын дүнгээрээ нэлээд бага байсан нь энэ оны 8 дугаар сард инфляци өсөхөд суурь үеийн нөлөө үзүүлсэн гэж харж байна. Нөгөө талдаа энэ оны тухайд махнаас бусад бараа, бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөн байгаа. Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбоотойгоор их, дээд сургуулиудын төлбөр, оюутны дотуур байр, дунд сургуулиудын үнэ өссөн. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 12 орчим хувиар, дотуур байрны үнэ 30 орчим хувь, дунд сургуулиудынх 7 орчим хувиар өссөн нь инфляцийн өсөлтөд нөлөөлсөн. Тэгэхээр нийлүүлэлтийн гаралтай инфляцийг төв банк анхааралтай ажиглаж байгаа байх. Гэхдээ нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй үнийн өсөлтөд төв банк шууд бодлогын хариу үйлдэл үзүүлэх нь бусад үзүүлэлтүүдэд сөрөг нөлөөтэй, үр дүн муутай байдаг нь олон судалгаагаар нотлогдсон.

-Тэгэхээр инфляцийн өсөлтийн ихэнх хувийг нийлүүлэлтийн шинжтэй бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлж байгаа учраас төв банк энэ удаад бодлогын хүүг хэвээр хадгалах нь гэж хүлээж болох уу? 

-Гэхдээ инфляцийн дарамт өндөр байгааг анхаарах шаардлагатай. Ирэх саруудад инфляцийн эрэлтийн гаралтай дарамт нэмэгдэх шалтгаан олон байна. Төсөв нэмэгдсэн, цалин өссөн. Тэгэхээр цалингаар дамжуулаад хүмүүсийн бодит орлого, худалдан авах чадвар өссөн. Эхний хагас жилийн байдлаар өрхийн бодит орлого 10 орчим хувиар нэмэгдсэн. Энэ бол худалдан авах чадвараар дамжаад инфляцид дарамт учруулах хүчин зүйл болно. Үүнээс гадна төсвийн хөрөнгийн зардал энэ онд өмнөх оноос нэлээд өндөр дүнтэй батлагдсан. Эхний 8 сарын гүйцэтгэлийг харвал хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 70 орчим хувиар өссөн байна. Ирэх саруудад хөрөнгө оруулалтын зардлууд мөн л нэмэгдэнэ. Тэгэхээр төсвөөс хамааралтайгаар инфляцийн дарамт ирэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл үүний нөгөө талд банкны салбараас ирэх зээлийн өсөлтөөр дамжсан инфляцийн дарамт харьцангуй бага байх болов уу. Төв банкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын үр дүнд зээлийн өсөлтийг нэлээд хязгаарлаад байна. Наймдугаар сарын эцсийн байдлаар иргэдийн зээлийн өсөлт өнгөрсөн оны эцэст 36 орчим хувьтай байсан бол одоо 20 орчим хувь руу буурсан байна. Аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээл өнгөрсөн оны эцэст 17 орчим хувьтай байсан бол одоо 12 орчим хувь болсон байна. Тэгэхээр банкны салбарын зээлийн өсөлтөөс шалтгаалсан инфляцийн дарамт бага байх боломжтой. Энэ мэт олон хүчин зүйлийг анхаарч үзсэнээр төв банк бодлогын шийдвэрээ гаргах болов уу. Гэхдээ эрсдэл байгааг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн сүүлийн жишээ газрын тосны үнэ өсөөд эхэллээ. Энэ нь манай голлох импортын бүтээгдэхүүн болох шатахууны үнэд нөлөөлөх байх.

-Дотоод хүчин зүйлс ийм байгаа бол гадаад хүчин зүйлсийн тухайд та хэрхэн харж, дүгнэж байна вэ. Хамгийн сүүлд жишээ нь газрын тосны үнэ өслөө. Үүнтэй холбоотойгоор дэлхийн ихэнх улс орнууд бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авч байгаа нь хөрөнгийн гадагшлах урсгалыг нэмэгдүүлж, ханшийн дарамтыг бий болгодог шүү дээ?

-Шатахууны үнэ дарамт үзүүлэх боломжтой. Дээрээс нь ихэнх төв банкууд эдийн засгийн удаашралтыг тэтгэх зорилгоор бодлогын хүүгээ бууруулж байна. Үүнийг дагаад санхүүгийн урсгалтай холбоотой инфляцид бага зэргийн нөлөө үзүүлэх боломжтой. Гэхдээ хэр их хэмжээний хөрөнгийн урсгал хөгжиж байгаа орнуудаас хөгжингүй орнууд руу шилжих вэ гэдгээс хамаарах байх. Үүн дээр шууд, өндөр нөлөөлөл манай орны хувьд гарахгүй болов уу. Манай улсын хувьд хамгийн гол нөлөөлдөг зүйл нь нэгдүгээрт инфляци, хоёрдугаарт хүнсний бүтээгдэхүүн. Ихэнх хүнсний бүтээгдэхүүнээ импортоор авч байгаа. Тийм учраас импортын барааны үнийг анхаарах шаардлагатай. Дээрээс нь ханш нэлээд нөлөөлдөг. Сүүлийн саруудад импортын өсөлт буурч байгаа. Наймдугаар сарын эцэст 7 орчим хувьтай байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад импортын өсөлт огцом буурсан. Тийм учраас импортоор дамжиж орж ирэх нөлөөлөл бага байхаар байна. Дээрээс нь ханшийн дарамтын тухайд сүүлийн сард төгрөг бага зэрэг чангарч байна. Олон улсын байгууллагаас санхүүжилтээ өгөөд эхэлсэн. Он дуустал 700 орчим сая ам.долларын нэмэлт орлого орж ирэхээр байна. Тэгэхээр ханшаар дамжиж орж ирэх инфляцийн дарамт харьцангуй бага байх болов уу.

-Хэрэглээний зээлийг хязгаарлах макро зохистой бодлогын шийдвэр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Нэгдүгээрт, энэ нь төв банкнаас зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой байсан арга хэмжээ юм. Яагаад гэвэл 2018 онд импортын өсөлт маш ихээр нэмэгдсэн. Эдийн засаг идэвхжихийн хэрээр импорт дагаад өсдөг. Энэ нь манайх шиг экспортын орлого нь цөөн хэдэн бараа, бүтээгдэхүүнээс хамааралтай улсын хувьд ханш дээр ирэх дарамтыг нэмэгдүүлж байдаг. Үүний эсрэг, валютын нөөцийг хамгаалж, ханшийн дарамтыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн зайлшгүй арга хэмжээ байсан. Хэрэгжилт нь энэ оны эхнээс эхэлсэн. Шийдвэр өнгөрсөн оны дундуур гарсан. Бидний зүгээс шийдвэрийг гаргамагцаа хэрэгжүүлж эхэлсэн бол илүү өндөр үр дүнтэй байх байсан гэж харж байгаа. Яагаад гэвэл оны эцэст хэрэглээний зээл нэлээд хэмжээгээр нэмэгдсэн шүү дээ. Ямартай ч шийдвэр хэрэгжиж эхэлснээрээ тодорхой үр дүн авчирч байгаа. Ялангуяа хэрэглээний импорт нэлээд буурсан. Хэрэглээний зээлийг хумих замаар хэрэглээний импортыг бууруулж, ханшийн дарамтыг бууруулж, гадаад тэнцвэртэй байдлыг хангах тал дээр үр дүнгээ өгсөн гэж харж байгаа. Бидний зүгээс цаашдаа зөвхөн хэрэглээний зээл дээр бодлогын арга хэмжээ аваад, бусад зээлээ орхигдуулах уу, үгүй юу гэдэг асуудлыг тавьж байгаа. Чанаргүй зээлийг харвал хэрэглээний зээлийн хувьд харьцангуй бага байдаг. Ихэнх чанаргүй зээлийг бүрдүүлж байгаа зүйл нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжид олгосон зээл. Тэгэхээр банкны салбар, макро тогтвортой байдлыг хангах үүднээс авч үзвэл зөвхөн хэрэглээний зээл гэлтгүй, аж ахуйн нэгж, хувийн секторт олгосон зээлүүдэд тодорхой хэмжээгээр эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах талаар судлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Төгсгөлд нь танаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар асууя. Эхний 8 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 44 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болсон байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг задлаад үзвэл 10 төгрөг тутмын 9 нь мега төслүүд рүү орсон байгаа юм. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын энэ их төвлөрлийг задлах нь

-Энэ мэдээж эдийн засгийн төрөлжилттэй холбоотой асуудал. Өнгөрсөн жилүүдийн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг авч үзвэл 70 орчим хувь нь уул уурхайд орж байгаа. 2000-аад оноос хойш уул уурхайн салбар Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон учраас ийшээ хөрөнгө оруулалт орох нь зайлшгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтыг илүү төрөлжүүлж, бусад салбарт хөрөнгө оруулалт татах вэ гэдэг нь чухал асуудал. Үүн дээр хууль эрх зүй гэх зэрэг нэлээд олон асуудлыг ярьж болно. Бусад салбарын хөрөнгө оруулалтыг яаж түлхүү дэмжих вэ гэдэг дээр Засгийн газрын бодлогоос хамаарна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд ажиглагдаж байгаа зүйл юу вэ гэхээр махны экспорт нэмэгдэж байна. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой гэж хардаг. Тэгэхээр энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах тал дээр яаж хамтран ажиллах, бизнес эрхлэлтийн ерөнхий орчноо яаж сайжруулах вэ гэх зэрэг асуудал бий. Түүнчлэн аялал жуулчлал зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг дээр Засгийн газар үр дүнтэй ажиллах нь зөв юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж