“Охиноо энгийн сургуульд оруулна гэж бодож байгаагүй” | News.MN

“Охиноо энгийн сургуульд оруулна гэж бодож байгаагүй”

“Охиноо энгийн сургуульд оруулна гэж бодож байгаагүй”

Өглөө эртлэн боссон хүүхдүүд дүрэмт хувцсаараа гангарч, сургуулийн зүг яаравчлана. Долоон настай Т.Ариунбилэг охин ч гэсэн бусад хүүхдүүдийн адил сургууль руугаа яаран, гүйх шахам алхана.

“Охиноо энгийн сургуульд оруулна гэж бодож байгаагүй”

Өглөө эртлэн боссон хүүхдүүд дүрэмт хувцсаараа гангарч, сургуулийн зүг яаравчлана. Долоон настай Т.Ариунбилэг охин ч гэсэн бусад хүүхдүүдийн адил сургууль руугаа яаран, гүйх шахам алхана. Тэрбээр аутизмтай бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Ээжийнхээ гараас хөтлөн сургуулийн хаалгаар орж ирэх охины царайнд инээмсэглэл тодорч харагдана. Хаалгаар оронгуутаа л ээжийгээ “Баяртай” гэж гараараа даллан ангийн зүг гүйж одов.


“БИ ОНЦ СУРНА”

Өглөөний 08.00 цаг. Хичээлийн цаг эхэлж, төрийн дуулал эгшиглэнэ. Тус сургуулийн 2Б ангийн сурагчид бүгд босч, төрийн дуулал дуулж байхад Т.Ариунбилэг охин дуулж байгаа найзуудаа гайхан харж суулаа.

Түүний хамгийн сайн найзыг н.Ялгуун гэдэг. Ангийнхаа нэгэн онцгой найзад тэр үргэлж тусалдаг гэдгийг ангийнхан нь дуу нэгтэй хэлж байв. Хичээл эхэлж, хүүхдүүд цүнхнээсээ ном дэвтрээ гаргаж байхыг харсан Т.Ариунбилэг дагаад л ном, дэвтрээ гаргалаа.

Тэгээд багшдаа “Би онц сурна” гэж хэлэх нь үнэхээр хайр хүргэм. Ангийн багш П.Цэрэнбямба Т.Ариунбилэг охины талаар ярихдаа “Манай анги нийт 43 хүүхэдтэй. Шавь нар дунд нэг аутизмтай хүүхэд байдаг. Түүнийг Т.Ариунбилэг гэдэг. Нондин зургаан настайгаасаа манай сургуулийн нэгдүгээр ангид суралцаж эхэлсэн. Анх сургуульд орохдоо зөв суудаггүй, босч гүйдэг, гутлаа тайлчихдаг байсан. Тэгээд сургуулийн зүгээс сургалтын менежер, мэргэжлийн сэтгэл зүйч, ангийн багш, ангийн эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй кофетой уулзалтыг зохион байгуулж, ярилцсан. Тэр уулзалтыг хийснээс хойш эцэг, эхчүүд болон ангийнх нь найзууд зөвөөр ойлгож, тусалж дэмжихийг хичээдэг болсон. Мөн Т.Ариунбилэг маань нэг жил ангийнхантайгаа хамт сурснаар ширээн дээрээ суугаад хичээлээ дагаад хийдэг болсон. Заримдаа хөөрхөн зураг зураад “Багшаа би онц авья” гээд хүрээд ирэхээр нь урамшуулдаг. Одоо хичээл дундуур гарч явахгүй, уйлахгүй, гутлаа тайлахгүй суугаад сурчихсан” гэв.

Түүний дотнын найз н.Ялгуун өглөө найзыгаа ангидаа орж ирэхэд нь ном, дэвтрийг зааж өгөх, цүнхийг нь өлгөх, хөтөлж явах гээд бүх зүйлд нь тусалдаг байна. Тэрбээр “Би Ариука найзыгаа хичээл хийхэд нь тусалдаг. Манай найз Аззаяа бас их тусалдаг” гэдгийг хэлсэн юм.

“ОХИН МААНЬ НИЙГЭМШИЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙГАА”

“Охин маань яг зургаан насандаа харьяа дүүргийнхээ сургуульд орсон. Манай хүүхэд өмнө нь тусгай цэцэрлэгт явдаг байсан. Би охиноо энгийн сургуульд оруулна гэж бодож байгаагүй. Болохгүй бол нэг жил өнжөөж байгаад тусгай сургуульд оруулья гэж бодож байсан. Тэгээд харьяа дүүргийнхээ 16 дугаар сургуулийн удирдлагад хандахад ойлгож, хүлээн авсанд их баярласан. Анх охин маань сургуульд ороход шинэ орчин угтсан учраас их уур уцаартай, сургуульд орохгүй гэдэг байсан. Тэгээд би эхний нэг сар гаруй хугацаанд дэргэд нь сууж, ангийнхантай нь дасгаж, багшид болон ангийнханд нь тусалсан. Одоо нэг жилийн хугацаанд маш их ахиц гарч, үзгээ зөв бариад, хичээл хийх дуртай болсон. Хамгийн гол нь сууж сураад, ангийнхантайгаа тоглож, нийгэмшсэн” гэдгийг Т.Ариунбилэг охины ээж Б.Мөнхжаргал хэлж байв.

Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд 1800 орчим сурагч суралцаж байгаагаас 15 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхдүүдтэй хамт суралцаж байгаа ажээ. Тэр дундаа нэгдүгээр ангиасаа эхлэн ахлах ангид суралцаж байгаа хоёр ч хүүхэд байгааг багш нар хэлж байсан юм. Тархины саажилттай найзтайгаа найман жил хамт сурч, тусалж дэмждэг ангийнхан нь ойртон дотносч, бусдын л адил найзалж, нөхөрлөдөг тухай ярьж байлаа.

ХОЁР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ШИНЭЭР СУРАЛЦАЖ БАЙНА

Тус сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг дэмжлэгийн зөвлөл гэж бий. Эцэг, эхийн төлөөлөл, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлага, анги удирдсан багшаас бүрдэх уг зөвлөлөөр ярилцаж, хэлэлцээд асуудлаа шийдвэрлэдэг байна.

“Манай сургуульд “ЖАЙКА” олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн Тусгай хэрэгцээт боловсрол шаадлагатай хүүхдийг энгийн сургуульд суралцуулах нь“ гэсэн төсөл гурван жил хэрэгжээд өнгөрсөн хичээлийн жил дууссан. Энэ төслийн хүрээнд 2017 онд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг энгийн сургуульд суралцуулах нөхцөл боломжоор хангахын тулд үүдний тусгай шат, бие засах өрөө, чөлөөт цагаа өнгөрүүлэх хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулж, Боловсролын их сургуульд бэлтгэгдэж буй оюутнууд ирж хичээллэдэг байсан. Төсөл хэрэгжиж байх хугацаанд манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 13 суралцсан. Одоо уг төсөл хэрэгжиж дуусаад, нөгөө тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудал тулгарсан. Өнгөрсөн хичээлийн жилийн гуравдугаар сард ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөөг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас баталсан. Энэ төлөвлөгөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хичээллүүлээд явахыг зорьж байгаа. Энэ хичээлийн жилд манай сургуульд сурах хүсэлтэй цөөнгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хандаж байна. Тэдний нэг нь “Сонсголгүйн боловсрол” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн Л.Соёлмаа албан хүсэлт тавьж, зургадугаар ангид сонсголгүй Б.Галдан хүүг өөрийн дохионы хэлмэрч багшийн хамт суралцуулж байгаа. Мөн орон нутгаас шилжиж ирсэн даунтай н.Цэндмаа гэдэг охин хоёрдугаар ангид суралцаж байна. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах бодлого гаргаад хэрэгжүүлж байгаа учраас хандаж ирж байгаа хүмүүст дургүйлхэх зүйл байхгүй. Өнгөрсөн долоо хоногт сургуулийн зүгээс бүх эцэг, эхчүүдтэй уулзалт хийж, нэгдмэл ойлголтод хүрсэн” талаар тус сургуулийн захирал О.Пүрэвжаргал ярьсан юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА БАГШИД 10 ХУВИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОНО

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Гэрэлтуяагаас тодруулсан юм.

Тэрбээр “Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд огт сурч байгаагүй гэсэн үг биш. Өнгөрсөн 2018-2019 оны хичээлийн жилд боловсрол мэдээллийн системд нийт 6518 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн. Эдгээр хүүхдээс 1740 хүүхэд нь тусгай зургаан сургуульд сурч байгаа бол үлдсэн 4678 хүүхэд энгийн сургуульд суралцсан. Гэхдээ тэр хүүхдүүд энгийн сургуульд суралцахад хүүхдийг хэрхэн үнэлж, ямар хөтөлбөрөөр хичээл заах гээд зохицуулсан эрх зүйн баримтууд байхгүйгээс олон асуудал үүсдэг байсан. Өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард БСШУСЯ-наас “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ыг гаргасан. Ингэснээр энгийн, тусгай сургууль байна уу хүүхдүүдийн үзэж буй судлагдахууны агуулгаар хичээллэж чадахгүй хүүхдүүдийг багш нь тухайн хүүхэдтэй ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж, ажиллах юм. Жишээлбэл, ангийн багш энэ хүүхдэд энэ улиралд ийм юмыг заана гээд эцэг, эх, сургалтын менежерээрээ баталгаажуулаад ажиллана гэсэн үг. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд Засгийн газрын 145 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор энгийн сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгох журмыг боловсруулж шийдвэрлэхийг даалгасан. Бид энэ журам дээр ажиллаж, Засгийн газрын тогтоолын төслийг оруулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл олгох саналыг оруулсан. Сая Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэмжсэн” гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-09-19 66.181.161.124

Сургуулийн удирдлага, багш, сурагчид гээд сайн хамт олон байна аа. Өнөөдөр ийм үйлсээрээ бахархаж байх нь сайхан. БАЯРЛАЛАА.

Avatar

Зочин 2019-09-19 103.14.38.136

Энэ сургуулийн удирдлага, багш, сурагчид, эх эцгүүдэд манай нийгэм бүхлээрээ талархах хэрэгтэй юм байна. Манай нийгэм хүнлэг нийгэм болохын эхлэлийг тавьж байна даа. Бид чинь малаа хайрлахаас хүн хайрлаж сураагүй хүмүүс байлаа, одоо өөрчлөгдөж байгаа юм байна.

Avatar

Зочин 2019-09-19 202.55.188.89

Ylguun ohind amijilt husii ene ohnii ger bul ymar saihan humuus baidag bol tegeed l ohin iim tusch baigaa ymdaa

Avatar

ard 2019-09-19 208.54.37.222

Mash saihan amjilt b.a
Talarhan demjij amjilt husye

Avatar

Зочин 2019-09-19 146.115.163.21

Uunees uuruur huniiv niigemshuukeh arga bhgui shuu dee. Gaduurhaad iluu haraad bailgui bugdiig n l yavuulaach.

Avatar

Zochin 2019-09-19 64.119.21.85

Хүүхдүүд минь ийм найз нараа хамгийн их хайрлаж байгаарай.

Avatar

Зочин 2019-09-19 202.21.107.78

Сайхан хамт олон сайн хүүхдүүд юмаа

Avatar

иргэн 2019-09-19 103.14.36.6

Сургуулийн хамт олон удирдлага багш нарт баяр хүргье. Сайхан мэдээ бна. Олон эцэг эх хүүхдүүдийг баярлуулж бгаа юм бна. Хүүхдүүд хүртэл бие биеэндээ туслаж бие биенийгээ хайрлаж сурна шүү дээ. амжмлт

Avatar

Зочин 2019-09-19 43.228.131.45

энэ сургуулийн хамт олон, ангийн хүүхдүүдэд ТАРХАЖ БАЙНА. Та бүхэн жинхэнэ "нарны хүүхдүүд" байна

Avatar

зочин 2019-09-19 192.82.64.190

Мундаг байна шүү, сургуулийн хамт олон, ангийн хамт олон. Ийм хүүхэд сүүлийн үед нэлээн байх болж. тусалж дэмжицгээе

Avatar

САЙХАН МЭДЭЭ БАЙНА. 2019-09-19 202.179.24.58

ЭВИЙ ДЭЭ… САЙН БАЙНА. БОЛЖ БАЙНА .

Avatar

би 2019-09-19 202.21.96.76

сайхан мэдээ байна. энэ сургууль, хамт олон, багш, сурагчид, бяцхан охины гэрийнхэн гээд бүгдэд баярлаад баршгүй. Охинд баяр хүргэе. Хүүхдүүд нэгнээ ялгаварлахгүй; томчуудаас л гардаг. Ийм хүүхэдтэй битгий нийл, яагаад ийм хүүхэд энэ ангид байгаа юм гээд л хүүхдийнхээ дэргэд ярина. Багш нь ч бас "ийм хүүхэд" гэж онцолж ярина. Нэгнээ ялгахгүй хүүхдүүд том болоод нийтэч, хүнлэг болж, энэ нийгмийг хөгжүүлнэ гэдэгт би итгэдэг.

Avatar

Зочин 2019-09-19 202.126.89.243

Хүүхдүүд учрыг ойлгосон бол ялгаварлаж дээрэлхэх гэж үгүй. Том хүмүүсээс илүү сайхан сэтгэлтэй дээ харин ч.

Avatar

Зочин 2019-09-19 202.126.89.243

ЭНЭ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН БАГШ НАРТ МАШ ИХ БАЯРЛАЛАААА. ХҮҮХЭД Л БОЛ ХҮҮХЭД, БҮГД ХАЙРЛАГДАХ ХҮНДЛЭГДЭХ ИЖИЛ ЭРХТЭЙ.

Avatar

Зочин 2019-09-19 49.0.212.2

Сайн байна, хичээлээ л сайн давт

Avatar

Mom 2019-09-19 66.181.186.53

Sain jishee delgereh boltugai!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж