НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улс хөтөлбөрт бүх хот нь нэгдсэн Азийн анхны улс болсон юм.
Тэгвэл аюулгүй хот бий болгох зорилтын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалт Завхан аймгийн төв Улиастай суманд болж байна.
Сургалтад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа нар оролцож байна.
Түүнчлэн баруун бүсийн таван аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, Завхан аймгийн төр захиргааны байгууллагуудын төлөөллүүд сургалтад хамрагдаж байгаа юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.