ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар

Монгол Улсын Засгийн газар нэр бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөснөө зарласан билээ. Одоо УИХ-ын намрын чуулганаар эдгээр есөн газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг албан ёсоор батлах ёстой. Эдгээр газар нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд ингэснээр Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн хэмжээ 20.86 хувь болох юм. Эдгээр газрын онцлогийг танилцуулъя.


1. ХУРХ, ХҮЙТЭНИЙ ГОЛЫН ХӨНДИЙ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Биндэр, Батширээт сум

АНГИЛАЛ: Байгалийн нөөц газар

– Таван зүйлийн тогорууг нэг дор үзэх боломжтой маш цөөхөн газруудын нэг

-Энд цэн, хархираа, цагаан, өвөгт, хар, алаг тогоруу зэрэг нэн ховор, ховор зургаан зүйлийн тогоруу бүртгэгдсэн. Цэн, хархираа, өвөгт тогоруу тогтмол өндөглөн зусдаг, алаг тогоруу нэг удаа бүртгэгдсэн бол ховорт тооцогдох цагаан, хар тогоруу зуны улиралд болон нүүдлийн үедээ үзэгддэг. Энэ нутгийг судлаачид болон байгаль хамгааллын мэргэжилтнүүд Монгол орныг “Тогорууны нийслэл” хэмээн нэрлэх болсон.

-Цэн тогоруу өндөр нягтшлаар үүрлэдэг газар дэлхий дээр өөр хаана ч байхгүй              

-Цэн тогоруу нь дэлхий дээр зөвхөн Зүүн Азид тархсан ба нийт тоо толгой нь 3500 орчим. Үржлийн популяцийн цөм нь Монгол орны зүүн хэсэг бөгөөд ялангуяа, Хурх, Хүйтэний голын хөндийд 70 орчим хос үүрлэн өндөглөж байгаа нь цэн тогоруу хамгийн өндөр нягтшилтайгаар үүрлэн өндөглөдөг ганц нутаг хэмээн тооцогдох гол үзүүлэлт болсон.

-Олон зүйлийн усны шувуудыг тэтгэдэг чухал нутаг гэдгээрээ дэлхийд алдартай

-Хавар, намрын улиралд буурал галуу, хошуу галуу, умардын хавтгаалж, хондон ангир, бор нугас, гангар хун, отогот шунгуур, өвөгт тогоруу хэдэн мянгаараа тогтмол дайран өнгөрдөг. Иймээс 2004 онд Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц “Рамсар”-ын жагсаалтад бүртгэсэн. 2009 онд Шувуудад чухал газар хэмээн тодорхойлсон, мөн Зүүн хойд Азийн тогорууны сүлжээ нутаг, Зүүн хойд Азийн галуу ба нугасны сүлжээ нутаг, Зүүн Ази-Австралиазийн шувуудын нүүдлийн замын сүлжээ нутаг зэрэг олон улсын шинж чанартай бүхий л өргөмжлөлийг хүртсэн юм.

-Монголын эртний түүх, уламжлалтай холбоотой археологийн дурсгалаар баялаг

Их Монгол улс байгуулагдсаныг зарласан газар Онон голын хөндийд, Хүйтэний хөндийд Чингис, Жамуха хоёрын их цэрэг тулалдаж байсан Өлзийт толгой хэмээх газар байх бөгөөд тэнд хожим гэрэлт хөшөө босгосон. Хурх голын хөндийд Рашаан хад зэрэг Чингис хаан, түүний удам угсаатай холбоотой түүхэн дурсгалт өвөрмөц газрууд олон бий.


2. ОНОН БАЛЖИЙН БЦГ-ЫН А ХЭСГИЙН ӨРГӨТГӨЛ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум

АНГИЛАЛ: Байгалийн цогцолборт газар

-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, голын ай сав бүхий үнэ цэнэтэй нутаг

-Дэлхийн хэмжээнд зайлшгүй анхааран хамгаалах шаардлагатай 35 эко бүсийн нэг Амар мөрний эх болох Онон голын ай савд хамаардаг. Чингэлтэй, Балж, Хөмүүл, Галттай зэрэг Онон голын томоохон цутгалуудын сав, сүлжээ төдийгүй тэдгээрийн урсац бүрэлдэх эх бүхий газар юм. Энэ утгаараа Монгол хүний аюулгүй, эрүүл амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй.

-Ховордож буй хөхтөн амьтдын чухал орогнол, нүүдлийн коридор нутаг   

-Онон, Балжийн сав газар нь экосистемийн хувьд ой, хээрийн шилжилтийн бүсэд хамаардаг, амьтан, ургамлын олон янз байдлын баялаг бүрдлээр Монгол орны бусад бүс нутгаас эрс ялгардаг. Энэ газар сибирь хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, бор туулай, монгол тарвага, дагуур зараа, нохой зээх, хүрэн баавгай зэрэг Монгол  болон дэлхийн хэмжээнд ховордож буй хөхтөн амьтдын хувьд чухал орогнол, идээшил, нүүдлийн гол коридор нутаг болдог нь хамгааллын үнэ цэн, ач холбогдлыг илэрхийлнэ.


3. ХӨХ НУУР-БУМБАТ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сум

АНГИЛАЛ: БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР

-Гол мөрний урсац бүрэлдэх эхийг хамгаалах – үндэсний аюулгүй байдлыг хангах боломж  

-Хангайн нуруу Төв Азийн гадагш урсгалгүй ай сав болон Хойд мөсөн далайн ай савыг зааглах усны хагалбар болдог, Монгол орны төдийгүй дэлхийн экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой байлгахад онцгой үүрэгтэй. Хамгаалалтад авахаар төлөвлөж буй энэ нутаг нь Монгол орны цэнгэг усны гол нөөцийг бүрдүүлэгч Хангайн нуруунд байрлах ба Хар ус, Шар ус, Буянт, Бумбат зэрэг томоохон голуудын эх. Энэ газар нь бүхэлдээ гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий чухал газар болохын зэрэгцээ гандуу хуурайдуу уур амьсгалтай, Их нууруудын хотгорын усны горимд чухал үүрэг гүйцэтгэдэг Завхан голын эх бүхий газар тул хамгааллын өндөр ач холбогдолтой. Иймээс ч Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид Хангайн нурууг бүхэлд нь хамгаалахаар заасан байдаг.

Ховор амьтдын чухал орогнол, идээшил нутаг боловч нөөц, тоо толгой хомсдож байна

-Бумбат орчимд аргаль хонь, янгир ямаа, халиун буга, булга, суусар, чоно, тарвага зэрэг амьтад, шувуудаас алтайн хойлог зэрэг Монголд болон дэлхийд ховордож буй амьтад бий бөгөөд сүүлийн жилүүдэд тархац, тоо толгой нь цөөрсөөр байна. Иймээс тусгайлан хамгаалж нөөцийг сэргээх, өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Биндэръяа Хөх нуур нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын нууруудын адил загасны зүйлийн бүрдлийн хувьд ядмаг. Олон улсын байгаль хамгаалах холбооны шалгуураар ховордож болзошгүй гэсэн ангилалд хамрагддаг алтайн давжаа сугас, говийн эрээлж, сахалт эрээлж загаснууд голлон тархдаг.


4. ХАНГАЙН НУРУУНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ӨРГӨТГӨЛ

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ГАЗАР НУТАГ: Хангай нурууны өмнөд хэсэг Гэртийн нуруу, Хан уул, Ёлт орчим

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМ

АНГИЛАЛ: БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

-Говийн нууруудын усны горимд ихээхэн чухал үүрэгтэй – цэнгэг усны үнэ цэнэтэй эх сурвалж

-Энэ нутаг нь Монгол орны цэнгэг усны гол нөөцийг бүрдүүлэгч Хангайн нурууны өмнөд хэсэг байрлах ба Байдрагийн голын ай савын гол цутгалан болсон Цагаан туруут, Ёл, Их, Бага Жаргалант, Гэрт, Буянт, Хүрэм, Өлийн голуудын сав газар, гол мөрний урсац бүрэлдэх эх бүхий газар юм. Эдгээр нь гадаргын ус ховортой говийн нууруудын усны горимд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг онцгой ач холбогдолтой. Энэ нутгийг хамгаалсанаар эрчимжиж буй газрын доройтол, хөрсний эвдрэл, элэгдэл, цөлжих үйл явцыг сааруулах арга хэмжээг онцгойлон анхаарч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Эмийн болон ховор ургамлын өлгий нутаг

-1000 гаруй зүйлийн өвслөг ургамал бүртгэгдсэнээс 77 нь эмийн, 10 нь ховор ургамал. Эмийн болон ашигт ургамлын баялаг байдал нь энэ нутгийг байгаль хамгааллын үүднээс төдийгүй байгалийн нөөцийн зохистой, тогтвортой ашиглах боломжийн хувьд ч нэн чухал газар болохыг харуулж байна.

Ховор амьтдын чухал орогнол, идээшил нутаг

-Энэ газар хүдэр, халиун буга, тарвага, чоно, цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг Монголд төдийгүй дэлхийд ховордож буй хөхтөн амьтдын зүйлээр нэн баялаг болох нь судалгаагаар тогтоогдсон ба тэдний хувьд чухал орогнол, идээшил нутаг болдог.


5. ХОМЫН ТАЛ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМ

АНГИЛАЛ: БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

-Тахь сэргээн нутагшуулж буй гурав дахь газар

Хомын тал нь Монгол оронд Тахь сэргээн нутагшуулж буй гурав дахь газар бөгөөд олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 2001-2005 онуудад нийт 22 тахь тээвэрлэн ирснээс хойш өнөөгийн байдлаар 89 толгой болж өссөн.

69 зүйл амьтдаас 31 нь хамгаалагдана

Хомын тал нь газарзүйн байршлын хувьд томоохон нуур, голууд, элсэн манханаар хүрээлэгдсэн байгалийн арал бөгөөд энд цөлөрхөг хээрийн экосистем зонхилж, олон зүйл амьтдын шүтэн амьдрах гэр орон, шилжин нүүх коридор нутаг болдогоороо онцлогтой. Уг газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар дэлхийд ховордсон амьтдын жагсаалтад багтсан Монгол оронд бүртгэлтэй 69 зүйл амьтдаас 31 нь хамгаалагдах болно. Тухайлбал, дэлхийд нэн ховорт тооцогдох тахь, янгир, хар сүүлт зээр, бөхөн, зэгсний гахай зэрэг нь тогтмол байршиж, цоохор ирвэс уулархаг газраар гүйдлээр тохиолддог. Энэ нь Хомын талыг биологийн олон янз байдлын хувьд үнэ цэнэтэй нутаг болохыг харуулдаг.

Байгалийн зэрлэг чацарганы өлгий

-Завхан голын савыг дагасан байгалийн зэрлэг чацарганы томоохон ойг хамгаалж, зохистой ашиглалтыг бий болгосноор орон нутгийн төсөв, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.


6. ГУТАЙН ДАВАА ХӨМҮҮЛ ГОЛЫН ЭХ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сум

АНГИЛАЛ: Байгалийн цогцолборт газар

27 голын эх, ай сав газар – цэнгэг усны үнэ цэнэтэй эх сурвалж

-Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн хэмжээнд зайлшгүй анхааран хамгаалах  шаардлагатай 35 экобүсийн нэг Амар мөрний эх болох Онон голын ай савд хамаардаг. Чингэлтэй, Балж, Хөмүүл, Баруун, Зүүн Гутай, Тулгат, Шургадаг, Наймт, Арангатай зэрэг Онон голд цутгадаг 27 голын эх, сав газар. Энэ утгаараа Монгол хүний төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй 75 сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнэтэй нутаг.

Ховордож буй хөхтөн амьтдын чухал орогнол, нүүдлийн коридор нутаг

-Энэ газар хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хүрэн баавгай зэрэг ховордож буй хөхтөн амьтдын зүйлээр нэн баялаг болох нь судалгаагаар тогтоогдсон ба тэдний хувьд чухал орогнол, идээшил, нүүдлийн коридор нутаг болдог.

Онон, Балж голуудад цэнгэг усны индикатор болох тул, зэвгэ, цурхай, варлан, улаан живэрт зэрэг 28 зүйлийн загас бий. Энэ газар 260 зүйл ургамал бүртгэгдсэнээс 19 нь ховор, 15 нь нэн ховор ургамал. Эмийн болон ашигт ургамал нь нийт ургамлын зүйлийн 31 хувийг эзэлж байгаа нь хамгааллын үүднээс төдийгүй байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломжийн хувьд ч нэн чухал газар болохыг баталгаажуулдаг.


7. АЛТАН ХӨХИЙ УУЛЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ӨРГӨТГӨЛ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: Ховд аймгийн Мянгад сум

АНГИЛАЛ: Байгалийн нөөц газар

Зэрэгцэн орших олон ялгаат экосистем нь бүс нутагтаа системийн тэнцвэрт байдлыг хангахад чухал

-Энэ газар нь Монгол Алтайн болон Их нууруудын хотгорын мужуудын заагт орших цөлөрхөг хээрийн ландшафт бүхий нутаг бөгөөд энд Монгол орны нутаг дэвсгэрт илэрдэг өндөр уул, бэсрэг нам уулс, бэл, ухаа гүвээт тал, толгод, тэгш дэнж, хотос хөндий сайр, гүн жалга, ус намгархаг газар зэрэг олон ялгаат экосистем зэрэгцэн оршдогоороо онцлогтой бөгөөд бүс нутагтаа системийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй.

-Цөлөрхөг хээрийн бүс дэх усан сан бүхий газар

-Энд Алтан хөхий уулаас эх аван урсах Сондуул, Баянбулаг, Бүрд зэрэг томоохон голууд бий бөгөөд цөлөрхөг хээрийн бүсэд Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бүх хэв шинжийг төлөөлсөн давтагдашгүй өвөрмөц ус намгархаг орчныг үүсгэдгээрээ онцлогтой.

Ховордож буй ургамал, амьтдын тархац байршил, нүүдлийн коридор нутаг

-Энэ газар нь Монголд төдийгүй дэлхийд ховор цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, азийн шар минж, хадны суусар зэрэг хөхтөн амьтад, алтайн хойлог, борцгор хотон, идлэг шонхор, ямаан сүүлт нугас зэрэг ховор шувууд бий боловч сүүлийн жилүүдэд тоо толгой цөөрөх хандлагатай байгаа тул зайлшгүй хамгаалах шаардлагатай. Энд мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор ургамал ургадаг.


8. ДЭВЭЛИЙН АРАЛЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ӨРГӨТГӨЛ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум

АНГИЛАЛ: Байгалийн цогцолборт газар

Цөлөрхөг хээрийн бүс дэх цэнгэг усны томоохон эх сурвалж

Ачит нуурын ус цуглуулах талбай Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү буюу Их нууруудын хотгорын цэнгэг усны эх сурвалжийн томоохон бүрдэл хэсэг болдогоороо ач холбогдолтой. Цутгал голын адаг, эсвэл эх авч урсах голын хэсэгт бага хэмжээний намагтай, эргэн тойронд нь заримдаг цөлийн ландшафт зонхилдог ба Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бүх хэв шинжийг төлөөлсөн давтагдашгүй өвөрмөц ус намгархаг орчныг үүсгэдгээрээ онцлогтой.

Ховордож буй амьтдын чухал орон байр, нүүдлийн коридор нутаг

-Амьтны хувьд янгир ямаа, цоохор ирвэс, алтайн тарвага, саарал чоно, шар үнэг, монгол тарвага, тарважи бүргэд, сар, зээрд, начин шонхор зэрэг амьтан, шувуу элбэгтэй. Зайлшгүй хамгаалах шаардлагатай амьтад бол зэгсний зэрлэг гахай, өрнийн гургуул, хар сүүлт зээр юм. Ачит нуурт алтайн сугас, монгол хадран зэрэг загас бий бөгөөд тодорхой түвшинд ашиглалт явагддаг ба хамгаалалтад авсанаар тогтвортой ашиглах механизм бүрдүүлэх ач холбогдолтой.

Монгол Улс олон улсын өмнө үүргээ биелүүлэх томоохон алхам хийнэ

-Ачит нуурын ёроолд нь хар бараан лаг шавар, нуурын захаар элс тархаж 2 м хүртэл гүехэн усанд төрөл бүрийн замаг, зэгс шигүү ургаж шувуудын хувьд таатай орчин бүрдүүлнэ. 158 зүйл шувуу бүртгэгдсэнээс 34 нь суурин, 124 нь нүүдлийн шувууд. Ийнхүү нүүдлийн шувуудын хувьд онцгой ач холбогдолтой болохыг харгалзан “Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай” Рамсарын конвенцийн жагсаалтад 2004 онд бүртгэсэн.

Хамгааллын менежментийг хамтын оролцоотойгоор хэрэгжүүлнэ

-Дэвэлийн аралын байгалийн нөөц газар нь Усан Хоолойн гол Ховд голд цутгах хүртэлх Ховд голын хөндий дагуу газрыг хамардаг. Ховордож байгаа амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2000 онд 10.3 мян. га талбайг хамруулан тусгай хамгаалалтад авсан. Хамгааллын менежментийн зорилгыг хэрэгжүүлэх, нөөцийг зохистой ашиглах, эрсдэл, доройтолд орж буй газруудыг анхаарч хамгаалах, нөхөн сэргээхэд хамрах талбай, хамгааллын статус нь шаардлага хангахгүй байгаа учраас зорилгыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд Ачит нуур орчмын газруудыг хамруулан, статусыг дээшлүүлэх шаардлагатай.


9. БАЯНХОНГОР ХАЙРХАН УУЛ

ХАРЪЯАЛАХ АЙМАГ, СУМ: БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМ

АНГИЛАЛ: ДУРСГАЛТ ГАЗАР

Баянхонгор аймгийн Галуут суманд орших "Баянхонгор хайрхан" уулыг 2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Аймгийн тахилгат" уул болгон дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж