ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Т.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд БНЭУ-ын Шинэ Дели хотод болж буй Ази, Номхон далайн орнуудын худалдаа хөнгөвчлөх форумд оролцож байна.
НҮБ-ын АНДЭЗНК, АХБ болон БНЭУ-ын Засгийн газар хамтран зохион байгуулж буй тус форум, холбогдох хэлэлцүүлэгт 35 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Манай улсын төлөөлөгчид ДХБ-ын Худалдаа хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт, Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааны ерөнхий хэлэлцээрийн ач холбогдол, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, манай улсаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулав.
Эх сурвалж: ГХЯ