“Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч оюутан болжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.11-нд нийтлэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч оюутан болжээ

“Лоолойгийн найзууд”-ын хөтлөгч Б.Ариунгуа Хууль сахиулахын их сургуульд элсэн оржээ

Хууль сахиулахын их сургуулийн цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалт өнгөрсөн долдугаар сарын 21-нд эхэлсэн. Энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд явагдах тус сургалт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Гүнжийн хоолойн аманд байрлах Хууль сахиулахын их сургуулийн хээрийн дадлага сургалтын цогцолборт батлагдсан төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Тус сургалтад өнөө жил 208 суралцагч хамрагдаад байна. Тэд цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр их сургуулийн үндсэн сонсогч болох юм. Харин энэ эрхээ олж авсан Монгол Улсын ирээдүйн хууль сахиулагчид буюу Цагдаа, Хил хамгаалах байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын боловсон хүчин болох шинэ суралцагчдын нэг нь Б.Ариунгуа юм. Түүнийг бяцхан жаалууд “Лоолойгийн найзууд”, “Гэгээн алсын одод” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь андахгүй. Тэрбээр өдгөө Хууль сахиулах их сургуулийн шинэ суралцагч бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтад хамрагдаж буй юм. Суралцагч Б.Ариунгуатай уулзаж ярилцлаа.

Суралцагч Б.Ариунгуа: Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бүхий л саад бэрхшээлийг даван туулж амжилттай суралцах болно

-Хууль сахиулахын их суруулийг сонгон суралцахаар Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтад хамрагдаад байна. Сургалт ямар санагдсан бэ?

-81 жилийн түүхтэй Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцахаар бэлтгэл сургалтдаа хамрагдаад явж байна. Бид бүхэн энэхүү бэлтгэл сургалтыг амжилттай даван туулж Хууль сахиулахын их сургуулийн сонсогч хэмээх эрхэм алдрыг хүртэх ёстой. Ер нь Монгол Улсынхаа хууль сахиулах байгууллагын төлөө зүтгэх боловсон хүчнүүд болж бэлтгэгдэхийн тулд маш их зүйлийг сурах ёстой юм билээ. Тийм учраас өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бүхий л саад бэрхшээлийг даван туулах болно.

-Өөрийг тань багаасаа телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласныг үзэгчид мэднэ. Ингэхэд өөрөө яагаад Хууль сахиулахын их сургуулийг сонгож суралцахаар болов оо?

-Тийм ээ. Би багаасаа л телевизэд ажиллаж байсан. Тухайлбал, “ТВ-9”, “ТВ-8”, “UBS” телевизэд “Лоолойгийн найзууд”, “Гэгээн алсын одод” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа. Өнгөрсөн жил Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцахаар бүртгүүлсэн боловч 16 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар хасагдсан. Тиймээс Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангид жүжигчний мэргэжлээр суралцахаар элссэн юм. Гэвч өөрийн хүсэл эрмэлзлэлийнхээ дагуу Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийг сонгон суралцаж байна. Ингээд хамтран суралцаж байгаа нийт найзууддаа сургалтаа амжилттай дүүргээд хамтдаа эрдэм мэдлэг дүүрэн ирээдүйн хууль сахиулагчид болохыг хүсэн ерөөе.

Б.БАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж