Хүүхдийн эрх зөрчигдвөл явуулын автобусанд хандаарай

Хуучирсан мэдээ: 2019.09.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрх зөрчигдвөл явуулын автобусанд хандаарай

Хүүхдийн эрх зөрчигдвөл явуулын автобусанд хандаарай

Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ бий болжээ. Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах бөгөөд Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг бий болгож байгаагаараа ач холбогдолтой. Дээрх асуудлаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхэд хамгааллын явуулын автобус иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийлэлд автсан, эрүүл мэнд нь хохирол учирсан үед иргэд хүүхдийн тусламжийн 108 утсанд ханддаг. Энэхүү утсанд хүүхдийн эрхтэй холбоотой өдөрт 150 гаруй дуудлага ирдэг. Энэ оны найман сарын байдлаар түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдийн тоо 1000 хүрсэн байна. Энэ бол иргэдийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд тусламж хэрэгтэй хүүхдэд нэн яаралтай хариу арга хэмжээ авч буйн илрэл юм. Хүүхэд бэртэж, гэмтсэн амь насанд нь аюул учирсан нөхцөлд хүүхдийн хүмүүжил сурлага, нийгэмших төлөвших явцад нь бид кейсын араас хөөцөлдөх үү эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулах уу гэдэг нь хамгийн чухал. Хүүхэд хүчирхийлэлд өртөхгүй байх эсэх нь насанд хүрэгчид бидний хүлээсэн үүрэг юм. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдээ зодож, гар хүрч байна. Үүнийг хүмүүжлийн арга гэж үзэж байна. Дүүгээ зодсон хүүхдийг дүүгээ зодуулахгүйн тулд ахиад чи дүүгээ битгий зодоорой гээд цохиод авч байна. Энэ бол хүүхдээ хүмүүжүүлж байгаа биш хүчирхийлэл гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг олон эцэг эхчүүдэд ойлгуулах ёстой юм. Нэгэнт хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн яаж хамгаалах вэ, түргэн хугацаанд газар дээр нь тусламж үзүүлэх үйлчилгээ хэрэгтэй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “хүүхэд хамгааллын цэг” болно. Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном, гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдэлийн программ, тоглоомын булан, номын сан гээд олон зүйл бий.

Эцэг эхчүүд, хүүхдүүд, гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж буй сөрөг үзэгдлүүд, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болох юм. Энэ утгаараа хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ буюу газар дээр нь хөдөлгөөнт хэлбэрээр үйлчлэх хүүхэд хамгааллын автобустай үйлчилгээг 2019 оны есдүгээр сарын 16-наас эхэлж нээж байна. Цаашдаа улирал харгалзахгүй явуулын үйлчилгээг үргэлжлүүлнэ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-н зураг.

-108 утсанд хандсанаар автобустай үйлчилгээ тухайн хүүхдийн эрх зөрчигдсөн газар очих уу?

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ гэсэн хаягтай автобус нийслэл хотод явна. Орон нутагт микро автобуснууд явна. Хэрвээ таны хажуугаар энэхүү автобус явж байхад та манай хажуу талын хүүхэд дандаа уйлж байдаг гэх мэдээллийг өгөх боломжтой. Автобусанд мэдээлэл өгөхийг хүсвэл 6108 дугаарт холбогдоно. Гэхдээ энэ дугаар энэ сардаа багтаад ашиглалтад орох байх. Одоогоор операторуудад хүсэлт тавьсан. Түүнчлэн 108 дугаарт мэдээлэл өгөхөд автобустайгаа шууд холбогдоод газар дээр нь үйлчилгээ үзүүлнэ. Уг автобусанд хүүхэд хамгааллын зөрчлийг илрүүлсэн тохиолдолд 108 утастайгаа холбогдож, эрсдэлийн программд бүртгэх, хүүхдэд учирсан хор хохирлыг арилгах тал дээр уялдаа холбоотой байхаар зохицуулсан.

-Уг автобусанд хэчнээн хүн ажиллаж, тухайн хүүхдэд ямар туслалцаа үзүүлэх юм бол?

Бид хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үзүүлэх тендер зарласан. Тэнд дундаас "Хөөрхөн зүрхдүүдийн аян ТББ шалгарсан. Уг автобус дотор хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Автобус дотор сургалт явуулах хэсэг, ард талдаа сэтгэлзүйчийн өрөөтэй. Хүүхэд ээжтэйгээ хөтөлж яваад төөрлөө гэхэд манай автобус очиж аваад эцэг эхэд нь хүлээлгэн өгнө.

Дээр дурдсанчлан уг автобусанд сууснаар сэтгэлзүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөөг өгч холбогдох байгууллагууд руу холбон зуучлах хэлбэрээр явагдана. Үүнд зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч бас эрх зүйн мэдлэг, сургалт явуулах ажлыг хийнэ. Автобусанд найман хүн ажиллахаас гадна нийгэмд хэрэгцээтэй мэдээлэл түгээдэг зочин экспертийг автобусандаа урихаар төлөвлөсөн. Мөн хүүхдийн эрхийн улсын байцаагч нар гарсан зөрчил дутагдлыг арилгуулж, чадвартай мэргэжлийн хамт олон хүүхдэд туслалцаа үзүүлэх юм.

-Хүүхдийн эрх зөрчигдөх гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Хүмүүсийн хандлага нийгэм өөрөө хүчирхийллийг хүлээн зөвшөөрч байна. Жишээ нь аав хүүхдээ суран бүсээр ороолгож байхад энэ сахилгагүй хүүхэд юм чинь хааяа суран бүсний амтыг үзэх ёстой гэсэн хандлага ажиглагддаг. Магадгүй суран тэлээгээр нэг ороолгохдоо дараа нь ороохдоо хүүхдийн амь нас эрсэдвэл яах юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ яаж хайрлах ёстой, яаж хүмүүжүүлэх ёстой талаар ойлголттой байх хэрэгтэй. Зодож хүмжүүлэх үү, хайраар өсгөх үү гэдэг нь эцэг эхчүүдийн хандлага юм. Ээж аав нь юм чинь хүүхдээ зодох ёстой гэсэн байдлыг хүлээн зөвшөөрөл дараа нь хүүхдийн амь нас эрүүл мэндийг хохироох вий. Хүүхэд нэг удаа алдана, хоёр дах удаагаа чиглүүлээд заагаад зөвлөж өгөхөд хүүхэд гурав дах удаагаас сурдаг.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-н зураг.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж