Хүний итгэл найдварыг хүлээн, ажилдаа идэвх зүтгэлтэй амьдрах сайхан. Тэр тусмаа нэг байгууллагад насаараа ажиллаж, бүхий л амьдралаа зориулан гэдэг тууштай хүний зан чанар. Ийм зан чанарыг өөртөө шингээсэн нэгэн бол “Монгол эм импекс концерн”-ын Төв эмийн сангийн эрхлэгч Балдангийн Баяннэмэх. Тэрбээр Анагаах ухааны дунд сургуулийг эм зүйч мэргэжлээр улаан дипломтой төгсөж, ажлын гараагаа “Монгол эм импекс концерн”-оос эхэлж, өдгөө тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна.
-Та багаасаа л онц сурлагатай охин байсан гэж сонслоо. Яагаад чухам эм зүйч болохоор шийдсэн бэ, хэн нэгэн нөлөөлөв үү?
-Ер нь би багаасаа хичээл номд их дуртай хүүхэд байлаа. Хаана ч явсан уншиж, сонирхож, асууж явна. Арван жилийн сургуулиа онц төгсөөд мэргэжлээ сонгох болоход аав маань “Охин минь эм найруулагч болоорой, буянтай ажил шүү” гэж зөвлөсөн юм. Аавынхаа зөвлөснөөр амьдралын хамгийн чухал сонголтоо хийсэндээ хэзээ ч харамсаж байгаагүй. Дараа нь аав маань намайг хөтлөөд энэ сайхан хамт олонд оруулсан. Аав, ээждээ их баярладаг. Ер нь манай удам эмч нар ихтэй. Монгол Улсын Гавьяат эмч Б.Тогтох, Доктор, профессор Б.Рагчаа, Ц.Бундан түүний хүү зүрхний эмч Болдсайхан гээд явж өгнө. Аав маань ч бас эмч мэргэжилтэй, одоо хоёр хүүхэд маань удам залгаж, эмчээр ажиллаж байна.
-Ажил, амьдралын гараагаа зөв газар, сайхан хамт олноос эхэлнэ гэдэг нэг бодлын аз юм. Тэгээд тэр хамт олонтой насыг элээнэ гэдэг нэг ам бүл болсноос ялгаагүй байх даа?
-Тэгэлгүй яах вэ. 1986 онд Анагаах ухааны Соёлч дунд сургуулийн эм найруулагчийн ангийг төгсөөд би энэ газартаа ажилд орсон. Төгсөх жил Хэнтий аймаг руу томилох болоход аав маань охиноо яаж тийм хол явуулах вэ гээд санаа нь зовсон байх. Намайг дагуулаад “Аав нь чамайг том газарт оруулна, чи харин сайн ажилладаг юм шүү” гэж хэлж байсан саяхан мэт санагдаж байна. Түүнээс хойш “Монгол эм импекс концерн”-доо тасралтгүй 35 жил ажиллажээ. Их сайхан хүмүүсийн дунд орж ажиллаж байсандаа би өөрийгөө их азтай гэж боддог. Анх ажилд ороход Улсын эм ханган нийлүүлэх газрын дарга Г.Содномдаржаа, эм хангамж эрхэлсэн захирал Л.Хүрэлбаатар, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Цэндсүрэн, Д.Чулуунцэцэг, С.Аюурбуниа зэрэг үлгэр жишээ хүмүүс олон байлаа. Цэндсүрэн гуай бидэнд “Та нар үс гэзгээ гоё янзал, хүн гэдэг чинь үргэлж сайхан байх ёстой. Мэргэжилдээ хайртай, эмх цэгцтэй бай, өдрийн ажлыг өдөрт нь дуусгаж, ажилдаа хариуцлагатай ханд” гэж байнга сургана. Мөн одоо хамт ажиллаж байгаа гүйцэтгэх захирал Б.Болормаа байна. Маш хөдөлмөрч хүн. Б.Болормаа захирал өглөө 05.00 цагт ажилдаа ирж, орой 23.00 цагт харина. “Чиний ажиллаж буй газраас чи өөрөө үнэртэх ёстой” гэж байнга хэлдэг. Энэ л хүмүүсийн гараар орж, хүмүүжсэн учир мэргэжилдээ илүү дурлах болсон доо.
-Мэргэжил бүхэн сайхан. Тэр дундаа эм зүйч мэргэжлийн сайхан нь юундаа байдаг вэ?
-Хүн бол сэтгэлийн амьтан. Тэгэхээр энэ мэргэжил биднээс амьд харилцаа шаардана. Ялангуяа өвдөж, зовсон, сэтгэл нь хямарсан хүмүүс үйлчлүүлдэг учир тэднийг сайхан угтаж авахаас бидний ажил эхэлдэг. Ядаж эм, эмийн бүтээгдэхүүнээ ойлгомжтой тайлбарлаж, сайхан зөвлөгөө өгөхөд л тэдний өвчин бага ч гэсэн намдах шиг болдог. Хэчнээн өвдөж байлаа ч баярлалаа гээд гардаг. Дараа нь эдгэчихсэн, инээгээд ороод ирэхэд ямар сайхан гээч. Энэ чинь л бидний ажлын хамгийн сайхан нь шүү дээ.
-Та мэргэжлээрээ нэг газарт олон жил тууштай ажиллажээ. Энэ хугацаанд байнга үйлчлүүлдэг, баярласан сэтгэлээ илэрхийлж байсан тохиолдол бий юу?
-Байдаг шүү. Хэзээний танил, хамаатан ах дүү шиг л уулзана. Би шөнө утсаа ерөөсөө унтраадаггүй. Унтраачихаар унтаж чаддаггүй юм. Хэн нэгэн өвдөж зовоогүй байгаа, эм хэрэгтэй болбол яана, над руу залгаж байх вий гээд бодогдоод байдаг. Тэгээд хүн залгаад өвдлөө, эм хэрэгтэй гэвэл би шөнө байсан ч босоод л эмийн сан руугаа явдаг. Тэнд хүн өвдөж байхад би тайван унтаж болно гэж үү. Энэ чинь эм зүйч хүний ёс зүй, хандлага гэж боддог.
Манайхаар байнга үйлчлүүлдэг 350-400 орчим хүн байдаг. Өнгөрсөн жил манай байгууллагын 95 жилийн ой болсон юм. Тэгэхэд манай нэг байнгын үйлчлүүлэгч надад 95 ширхэг сарнай бэлэглэж, баярлаж явдгаа илэрхийлж билээ.
Анх удаа ийм бэлэг аваад надад ч их сайхан сэтгэгдэл төрж байлаа. Хүн хүнээ хайрлах сэтгэл гэдэг ямар гоё юм бэ, тийм ээ. Бэлэг өгөхдөө гол биш, тэр хүний амьдралд баярлах шалтгаан бий болгож, тус болсондоо би өөрөөрөө бахархсан, баярласан. Одоо ч гэсэн эмээ, өвөө нар их хөөрхөн. Эмчийн бичиг гаргахгүй ирээд тайлбарлуулдаг, зөвлөгөө авдаг. Тэдэнд удаанаар ойлгомжтой хэлж, сэтгэлээсээ ханддаг. Дараа нь баярласан шүү миний хүү гээд нэг ширхэг чихэр хүртэл бариад ирнэ. Энэ чинь сайхан шүү дээ. Хүүхэд насандаа эргээд очих мэт санагддаг. Мэдээж хүмүүсийг өвчин тусаад, дахин ирээсэй гэж хүсэхгүй. Харин тэдэнд эмийн зохистой хэрэглээг хэлж, ойлгуулж, эмчийн жорын дагуу үйлчилж, амьдралын чанарыг уртасгаж байгаа хэрэг шүү дээ.
-Өвдөж, зовсон үедээ хүмүүс ихэнхдээ эмчээс түрүүн эмийн сан барааддаг. Тиймдээ ч эмийн зохисгүй хэрэглээ их байна гэж шүүмжилдэг. Та үүнийг юу гэж үздэг вэ?
-Эм гэдэг чинь талх, хоол биш шүү дээ. Тун нь таарвал эм, хэтэрвэл хор болдог зүйл. Тиймээс эмчийн бичиж өгсний дагуу курсээр нь уух ёстой байдаг. Гэтэл иргэд яг энэ зааврын дагуу эмийг ууж хэвшээгүй байна л даа. Ялангуяа амьдрал тааруу иргэд эмийг өвчин эмчлэх бус зөвхөн намдаах байдлаар хэрэглэж байна.
Эмчийн бичиж өгсөн жорыг үзүүлээд үнийг нь асууж, мөнгөө бодно. Хүрэхгүй бол ширхэглэж авна. Бүр болохгүй бол ганц ширхэг эм аваад л гардаг. Тэр үед сэтгэл их өвдөнө.
Өнөөдөр иргэдийн амьдрал ийм л байна. Дээр нь бидний амьдарч буй нийгэм маш их бухимдалтай байна. Агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсан байна. Үүнээс үүдэлтэй янз бүрийн өвчин гарч байна шүү дээ. Энэ бүхнийг дагаад эмийн замбараагүй хэрэглээ их байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, янз бүрийн үрэвсэл, ханиаданд антибиотик шууд аваад уух жишээтэй. Үүний уршиг Монголчуудад гараад эхэлж байна шүү дээ. Антибиотикт дэндүү дасалтай болсон байна. Дээр нь эмийн зохисгүй хэрэглээ байна. Үүнийг л маш сайн анхаармаар байна. Тэгэхгүй бол сүүлийн үед янз бүрийн хорт хавдар газар авлаа шүү дээ. Залуучууд их өвдөж байна. Хүүхдүүд хүртэл төрөхийн хавдартай байна. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, манай “Монгол эм импекс концерн” хүн рүү чиглэсэн сайн үйлсийн аян, хөтөлбөр их хэрэгжүүлдэг. Жишээлбэл, “Элэгний С вирусгүй Монгол”, “Элэг бүтэн Монгол” гэх мэт хөтөлбөрийг дэмжихээс гадна архины эмчилгээ, дархлааны бэлдмэл, ходоод, хөхний хавдрын бай эмчилгээний чиглэлийн эм зэрэг сүүлийн үеийн чанартай, аюулгүй, шилдэг эм, эмийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа. Манай бүх эм, тариа баталгаатай учир иргэдэд үйлчилж байгаа бид 100 хувь сэтгэл хангалуун, айдасгүй, нүүр бардам байдаг.
-Эрүүл байх эрхэм баян гэдэг шүү дээ. Хүн ер нь ямар үед аз жаргалтай байдаг вэ?
-Одоогоос гурван жилийн өмнө би хөхний хорт хавдар тусаж, хүнд эмчилгээ хийлгэсэн. Тэр үед л би эрүүл энх, элэг бүтэн байна гэдэг чинь аз жаргал юм байна, өөр илүү ихийг хүсээд хэрэггүй гэдгийг ойлгосон. Одоо ингээд бодоход өнгөрсөн хугацаанд би маш шургуу ажилладаг байж. Өвдөх юм алга гээд өөрийгөө хаясан юм байна. Ажил, мөнгө гээд гэр бүлдээ ч олигтой цаг, зав гаргаагүй юм байна лээ. Өвдөөд эхлэхээр бодож байгаа юм л даа.
Хүний амьдрал богинохон байдаг юм байна, бид хэд наслаа ч билээ. Одоо байгаадаа сэтгэл хангалуун байж, маш их хайрлах ёстой гэдгийг ойлгосон.
Тиймээс ажил амралтаа зөв зохицуулж байгаарай гэж залуучууддаа хандаж хэлмээр байна. Аз болоход би цалингаасаа мөнгө их хуримтлуулдаг байсан. Гэрийнхэн маань намайг маш сайн асарч, халамжилсан. Дээр нь манай хамт олон надад сэтгэлийн болоод мөнгөн туслалцаа үзүүлсэн. Үүнд би маш их баярлаж явдаг. Хүн ер нь хайраар л дутаж болохгүй. Зүрхэнд хайр, сэтгэлд ухаарал байсан цагт үйлдэл бүхэн зөв байна гэж би хэлэх дуртай.
-Ийм хэцүү үед найдвартай багана мэт байж, тулаад босгох хүмүүс бол гэр бүлийнхэн байдаг шүү дээ. Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу, таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд бий юу?
-Би нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний ханийг Г.Хосбаяр гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг. Манай том охин, хүргэн хоёр маань резидент эмч. Дунд охин маань Ерөнхий боловсролын 12-р, бага хүү 9-р анги. Удахгүй дунд охин маань сургуулиа төгсөнө. Ээжийнхээ мэргэжлийг өвлөж эм зүйч болно гэж төлөвлөж байгаа. Харин бага хүү маань тогооч болно гэдэг юм. Ямар мэргэжилтэй болох нь гол биш, сайн л хүн болоосой гэж би хүсдэг. Мэдээж миний дунд охин мэргэжлийг маань өвлөвөл би маш их баярлана. Удам залгасан эм зүйч гээд ээжийнхээ насаараа ажилласан газар үргэлжлүүлэн ажиллавал сайхан аа. Удахгүй манай байгууллагын 100 жилийн ой болно. Нэгэн жаран гэдэг их хугацаа. Монголын эм, эмийн бүтээгдэхүүний үүх түүх, үйлчилгээг гэрчилнэ шүү дээ. Энэ дашрамд олон жил Монголынхоо ард иргэдэд найдвартай, шуурхай үйлчилж, хүмүүст амьдрал, цаг хугацаа бэлэглэж байдаг хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье.
-Баярлалаа. Таны амьдралд эрүүл энхийг хүсье!
Холбоотой мэдээ