УИХ дахь эмэгтэй гишүүд мэдээлэл хийж ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн талаар танилцууллаа.
Гишүүд хэлэхдээ Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ ганцаараа өнждөг хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, тэдний эцэг, эхчүүд ажил хийх боломжтой болох гэнэ. Ингэснээр олон арван ажлын байр бий болно гэдгийг ч дуулгав. Манай улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 230 мянган хүүхэд байдгаас 80 мянга нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Тэдний дийлэнх нь гэр хорооллынх байдаг гэнэ. Нийслэлийн захын дүүргүүдэд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу, мөн дэд бүтэц байхгүйгээс цэцэрлэг барих боломжгүй. Тиймээс захын гэр хорооллын цэцэрлэгт явж чаддаггүй хүүхдүүд Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах бололцоо нээгдэж буйг онцлов.
Хуулийн дагуу Хүүхэд харах үйлчилгээгээр нэг багшид таван хүүхэд оногдоно. Хүүхэд хардаг багш 14-30 хоногийн түргэвчилсэн сургалтад хамрагдаж хүүхэд харах эрхээ олж авах гэнэ. Мөн хүүхдийн хүнсний эрүүл ахуй, хүүхэдтэй харилцах зэрэг голлох сургалтуудад хамрагдахдах бөгөөд хуулийн дагу утавигдаж буй ерөнхий шаардлага нь “18-65 насны Монгол Улсын иргэн байна. Эрүүл байна. Хүүхэдтэй харьцах чадвартай байна. Энэ бодлогыг Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан байх ёстой. Сургалтад хамрагдсан иргэд гэрчилгээ авч, хүүхэд харах зөвшөөрлийг аймаг дүүргийнхээ засаг даргаас авна. Таван хүүхдийг гэрээр болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулалт хийсэн бөгөөд багшийн цалин, хүүхдийн хоолны мөнгө зэрэг урсгал зардлыг улсаас дэмжлэг олгох”. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн өдөрт идэх ёстой хоолны хэмжээг албаны хүмүүс тогтоож өгөх аж. Энэ талаар эцэг эхчүүд хяналт тавих юм байна. Түүнчлэн хүүхдийн тоглох орчин, унтаж амрах, сурах орчинг бүгдийг л бүрдүүлсэн байх шаардлага тавьж байгаа аж. Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй газруудад мэргэжлийн байгууллагуудын мөн хорооны Засаг дарга нар, эцэг эхчүүд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаа аж. Энэ хуулийн хэрэгжилтэд зориулж 50 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамтай хамтран хүүхэд харах үйлчилгээний ажилтныг сургах хөтөлбөр, зөвшөөрөл олох журам зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгааг УИХ дахь эмэгтэй гишүүд мэдээлэв.
О.САР