УИХ-ын ээлжит бус сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард явуулахаар гишүүдийн гарыг үсгийг цуглуулж эхэлсэн тухай мэдээлэл гарсан. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Жавхлан, М.Билэгт, Х.Болорчулуун нар гарын үсгээ зурсан гэх ч гишүүдийн зарим нь дээрх асуудлаар огт мэдээлэлгүй мөн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Холбогдох хуулийн дагуу ээлжит бус сонгууль явуулах саналыг нийт гишүүдийн гуравны хоёр буюу УИХ-ын 51 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ тарах эрхзүй бүрдэнэ.
Ингээд УИХ-ыг тараах асуудлаар гишүүдийн байр суурийг тодрууллаа.
ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН: УИХ-ЫГ ТАРААХ АСУУДАЛД УЛТАЙ ХАНДАХ ЁСТОЙ
Би бодож үзнэ. Үндсэн хуулийн төслөөр ард нийтийн дунд санал асуулга явуулахад 30 тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Дараахан нь буюу хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болоход дахиад л 30 тэрбум төгрөгийн зардал гаргах уу. Энэ талаас нь авч үзвэл санал асуулгатай холбогдуулан ээлжит сонгуулийн хугацааг наашлуулж хамтад хийх боломжтой асуудал. Ер нь бол УИХ-ыг тараах асуудалд ул суурьтай хандах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
УИХ тарахыг дэмжинэ. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих эсэхийг ард нийтийн санал асуулга явуулах үед ирц хүрэхгүй байх магадлал өндөр. Тиймээс сонгуультай хамтад нь явуулбал иргэдийн ирц нэмэгдэнэ гэж харж байгаа учраас УИХ тарахыг хувь гишүүнээ хувьд дэмжиж байна. Цөөхөн хүний нэртэй бичиг ирсэн. Би гарын үсгээ зурсан. Хэн нэгний бланк дээр бус цагаан цаас л байсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.Мөнх-Оргил: УИХ ТАРВАЛ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭНЭ
Хэвлэлийнхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Над дээр бичиг оруулж ирээд гарын үсгээ зураач гэж орж ирсэн хүн алга. Үнэхээр УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байгаа бол нэг талаасаа харамсч байна. Нөгөө талаасаа буруу гэж бодож байна. УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах хууль зүйн заалтууд бий. Тухайлбал, УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй эсвэл улсын төсөв баталж чадахгүй ийм тохиолдол УИХ тарж, ээлжит бус сонгуульд болох боломжтой. Энэ тохиолдол өнөөдөр үүсээгүй байна. УИХ, Засгийн газар ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, ард нийтээс санал асуулга явуулахаар боллоо. Нөгөөтэйгүүр цаг хугацааны улс төрийн ашиг хонжоо хайж, сонгуулийг нааш, цааш нь хөдөлгөнө гэдэг нь туйлын хариуцлагагүй алхам гэж үзэж байна. 2016 оны сонгуульд бид орохдоо дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ танилцуулж дэмжлэг авсан. Үүн дээрээ суурилсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө баталсан. Хийсэн ажлаа тайлагнадаг, хийж чадаагүйгээ тайлбарладаг, хугацаандаа дүнгээ тавиулдаг ийм л байх ёстой. УИХ тарах нь нэг талаас улс төрийн тогтворгүй байдал үүсэх аюултай. Нөгөө талаас парламентын засаглалыг муухай харагдуулах алхам болно.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН: УИХ–ЫГ ТАРААХ АСУУДЛЫГ ГАРГАЖ БАЙГАА НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ БОЙКОТ
Хэвлэлээс авсан адилхан л мэдээлэлтэй байна. Миний байр суурь бол аливаа улс төрийн хүчнээс улс төрийн зорилгоор улстөрчдөд зориулж төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ыг тарааж бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө нь ээлжит бус сонгууль явуулах гэж байгаа бол энэ нь Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа гэж харж байна. Байж болшгүй зүйл. Энэ удаагийн УИХ-ын хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал. Улс нийтээрээ 10 гаруй жил ярьж, сүүлийн хоёр жилийн хугацаанд ард нийтийн дунд хэлэлцүүлэг хийж, гурван сарын хугацаанд УИХ-аар хэлэлцээд долоохон хоногийн өмнө төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж дууслаа. Дараа нь ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг гаргаж, хугацааг нь тогтоосон. Наанадаж нэг сар цаашлаад хоёр сарын хугацаанд улс эх орон, УИХ-ын хамгийн том ажил нь УИХ-аар хэлэлцэж батлах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал. Өнгөрсөн 30 жил нийгэмд бугшсан бүх буглааг тайлах дорвитой том шийдвэрүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд суусан гэж харж байгаа. Гэтэл үүнээс өмнө УИХ–ыг тараах асуудлыг гаргаж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд бойкот хийх гэж байгаа бол ойлгохгүй байна. Монгол Улс өнөөдөр Үндсэн хуульт улс орон. Бид хуулийнхаа хугацаанд сонгуулиа явуулж, хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Дараагийн УИХ-ын ээлжит сонгууль болоход багахан хугацаа үлдсэн. Гэтэл наана нь УИХ-ыг тараах асуудал гарч байгаагийн үндэслэлийг ойлгохгүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯАРВАА: ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙГАА УИХ-ЫГ ТАРААХ ГЭСЭН НЬ ЦААНАА ЗОРИЛГОТОЙ
Энэ талаар уржигдар анх сонссон. Над дээр одоогийн байдлаар гарын үсгээ зураач гэж орж ирсэн хүн байхгүй. Уржигдар энэ мэдээллийг авсан даруйдаа цөөн хэдэн гишүүнтэй утсаар ярьж лавласан. Тэдний зарим нь гарын үсгээ зурсан гэдгээ хэлсэн. Ямар үндэслэлээр вэ гэдгийг тодруулахад намын генсек болон зарим холбогдох хүмүүс янз бүрийн тайлбар хийсэн гэж хэлсэн. Тийм учраас би “Төрийг үймүүлэх ажилд намын генсек оролцож болохгүй” гэж жиргэсэн. УИХ-ыг тараах ямар үндэслэл байна вэ гэдэгт хариулт өгөх хүн олдохгүй байна. Хэвийн ажиллаж байгаа УИХ-ыг тараах гэсэн нь цаанаа зорилготой гэж бодож байна. УИХ-ын ээлжит бус сонгууль явуулна гэдэг нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэх маш өндөр эрсдэлтэй. Тийм учраас УИХ-ыг тараах асуудлыг би эрс эсэргүүцэж байна. Энэ үед намын, хувийн эрх ашиг гэдгийг мартаж, Монгол Улсын эрх ашгийг тэргүүн эхэнд бодох ёстой. Ер нь бол улс төрийн маш сөрөг үр дагавартай ийм асуудалд улстөрч хүн маш болгоомжтой хандах ёстой шүү гэдгийг би хэлж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраа огцруулж тоглож ирсэн. Одоо парламент бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тардаг болбол Монголд улс төрийн тогтворгүй байдал улам бүр нэмэгдэнэ. Шулуухан хэлэхэд энэ нь хүний хоол болох, зууш болох зам руу улам ойртоно.