Парламентыг тарааснаар парламентаа хамгаална

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Парламентыг тарааснаар парламентаа хамгаална

Парламентыг тарааснаар парламентаа хамгаална

Г.Занданшатарын парламентыг тарааж, Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах тухай яриа Төрийн ордны гол сэдэв болжээ. Одоогоор бусад намууд ажигласан байдалтай харин МАН шахамдуухан байгаа дүр зураг харагдаж байна. Олонхын бүлгийн зарим гишүүн УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг зурсан гэх "бор шувуу" өндрөө авахын хэрээр парламентын ээлжит бус сонгуульд улстөрчид сэмхэн бэлтгээд эхэлсэн бололтой.

Гэхдээ УИХ-ын 51 гишүүний гарын үсэгтэйгээр өнөөгийн парламент бүрэн эрхээсээ долоон сарын өмнө татгалзах боломж бүрдэх юм.  УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН-ын бүлгийн гишүүд ийм санал гаргаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай.  Нэгдүгээрт, нэр хүнд нь шавартай хутгалдсан парламентын нэр хүндийг аврах. Олон нийтийн дунд УИХ-ын нэр хүнд хамгийн муу болсон. Ялангуяа Г.Занданшатарын парламентын дийлэнх нь ЖДҮ, 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон нь парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. Тиймээс ээлжит бус сонгууль явуулах нь  олигархи гишүүдээсээ салах, сонгогчид сонгосон гишүүндээ дүн тавих, улс төрөөс тэднийг цэвэрлэх боломж гэж харж байгаа аж.

Нөгөө талаар, МАН-ынхан шинэ Үндсэн хуулийг шинэ парламент "өлгийдөх" ёстой гэж үзэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ЖДҮ, 60 тэрбумынхан хийнэ гэсэн итгэл ард түмэнд төрөхгүй байгаа. Тиймээс УИХ-ыг тарааж, ард нийтийн санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулах нь парламентын тогтолцоогоо хамгаалж үлдэх арга зам гэж МАН-ынхан тооцоолж буй.  Гэхдээ энэ бол асар их эрсдэлтэй бөгөөд эр зориг гаргасан шийдвэр байх болно. 

Хоёр дахь шалтгаан нь төсвийн хэмнэлт. Ард нийтийн санал асуулга явуулахад нийтдээ 29 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гаргасан.  Үүнээс долоо сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль явуулахад мөн ийм хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна.    Тиймээс нэг сумаар хоёр туулай буудах нь улс төрийн болоод эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж МАН тооцож байгаа гэнэ. Юутай ч МАН улс төрийн эрх зориг, том реформ гаргахаар зориглож буй нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ дэмжүүлэх бодлого ард нь явагдаж байна гэж харагдаж буй.  Өөрөөр хэлбэл, ЖДҮ, 60 тэрбумынханд итгэхгүй байгаа сонгогчид УИХ-ын ээлжит бус сонгуульд оролцохдоо ард нийтийн санал асуулгыг тэднээр хийлгэх эсэхээ шийдэх арга замыг Ардын нам сонгожээ.  Сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэнээр хийлгэхээ давхар шийдэх боломж олгож байна гэсэн үг юм.

Ц.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж