АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдвээр өнөөдөр /2019.09.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уг зөвлөлийнхөн өнгөрсөн наймдугаар сард Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд болон зарим сумдад ажиллажээ. Энэ үеэрээ 640 иргэнийг судалгаанд оролцуулсан байна.
Судалгаанд оролцогсдын 91.4 хувь орон нутгийн төсвийг мэдэхгүй, 96.9 хувь Орон нутгийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн төсөв, зээл олголт буцаалтын талаар мэдэхгүй, 77.03 хувьд Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт хийгдээгүй, 90.6 хувь нь Авлигыг мэдээлэх утас байдгийг мэдэхгүй гэж хариулжээ. Мөн орон нутагт аймаг, сумын Засаг даргын тамгын газар, эмнэлэг зэрэг төрийн байгууллага хүнд сурталтай гэж хариулсан аж.
Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээнээс Монгол Улсад судалгаа хийхэд өндөр төвшний авлига газар авсан, иргэдийнх нь 81 хувь авлигыг мэдээлэх шууд утас байдаг талаар мэддэггүй гэх дүн гарсан нь дээрх судалгаатай давхацсан аж
Мөн тус зөвлөлийнхөн орон нутагт төрийн тогтолцоо данхайж байна гэсэн дүгнэлт гаргажээ. Тухайлбал, татвар, нийгмийн даатгал, халамж, бүртэл, байгаль хамгаалах зэрэг босоо тогтолцоо нь орон нутагтаа захирагддаггүй, зарим төрийн албан хаагч дээр нэг хүн ирж үйлчилгээ авдаг зэрэг нь хавсраад хийх боломжтойг харуулж байна гэж мэдээлэл танилцуулах үеэрээ онцоллоо.
Ц.ЗАЯА