Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлана
Байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг арилгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон хууль бус үйлдлийг таслан зогсоож байгаа ажлаа улам эрчимжүүлэхийг үүрэг болгов. Тухайлбал:
- Бичил уурхай эрхлэх эрх олгосон хууль бус гэрээнүүдийг цуцлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт
- Ашигт малтмал хууль бусаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийлгэхийг сайд Н.Цэрэнбат, Ц.Нямдорж, Д.Сумъяабазар болон Засаг дарга нарт
- Бичил уурхайн дүгнэлтгүй талбайд ашигт малтмал олборлож байгаа эсэхэд хяналт тавих
- Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник, тоног төхөөрөмжүүдийг талбайгаас гаргах, харуул хамгаалалт тавихыг Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга С.Баатаржав, Н.Цагаанхүү нарт
- Хууль бусаар бичил уурхай эрхлэгчдийн судалгааг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахыг сайд С.Чинзориг, Засаг дарга нарт даалгав.
Хууль бусаар бичил уурхай эрхлэгчид журам зөрчин өндөр хүчин чадалтай, эсвэл шаардлага хангахгүй техник, тоног төхөөрөмж ашигладаг, дүгнэлт гарсан талбайд бусдыг ажиллуулж, олборлолтын гэрээгээ худалддаг, шилжүүлдэг, хамгаалах хэрэгсэлгүй ажилладаг зөрчил түгээмэл байна. Мөн зөвшөөрөлгүйгээр хүдэр баяжуулах цех барьж хортой, аюултай химийн бодис ашигладаг, нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулдаг тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын танилцуулгад дурджээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Энэ нь Дөргөний усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчээс 5-6 дахин үнэтэй гэсэн үг юм.
Баруун бүсийг найдвартай эрчим хүчтэй болгож Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс зэрэг томоохон орд газрыг ашиглах, цемент, ган, мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.
Усан цахилгаан станц барихад шаардагдах 288,5 сая ам.долларын 274 саяыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг улсын төсвөөс гаргах юм.
Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна
Үр тарианы болон дотоодын гурилын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гурилын үнэ өсөх эрсдлээс сэргийлэн энэ оны ургацаас үйлдвэрүүдэд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаан буудайд олгох урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянган төгрөг байхаар тогтов. Урамшууллын хэмжээг нэмснээр гурилын үнэ тогтвортой байх бүрэн боломжтой гэж тариалан эрхлэгчид үзэж байна.
Буудайн чанар, зэргийг тогтоох төрийн мэдлийн лаборатори байгуулах, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа техник, тоног төхөөрөмж, үр, бордооны үнийн урьдчилгааг 10-20 хувь болгон бууруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт олгож байгаа зээлд тариалан эрхлэгчдийг хамруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах, ургац хураалт, борлуулалтын үед импортоор төмс, хүнсний ногоо авахыг хязгаарлах зэрэг тариаланч, ногоочдын тавьсан санал, хүсэлтийг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
2019 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар үр тарианы хураалт дөрөв, төмс, хүнсний ногооны хураалт 22 хувьтай байна.
Товч мэдээ
- Тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулах, зээлийн хугацааг бүх банкинд адил 24 хүртэл сар байхаар тогтоох чиглэлээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. 2019 оны 08 дугаар сарын байдлаар нийт тэтгэвэр авагчийн 55.7 хувь буюу 233 орчим мянган хүн 814 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэд урт хугацаатай зээлийг 18 хувийн хүүтэй, 30 хүртэл сарын хугацаатай авчээ. 54.5 мянган хүн жилийн 10 хувийн хүүтэй зээл авсан нь нийт зээлдэгчийн 23.6 хувийг эзэлж байна.
- Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 300 сая хүртэлх ам.долларын зээлээр “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих”, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтэц байгуулах, “Чойр-Сайншандын 230 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.
- Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Украин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм.
Холбоотой мэдээ