"Амжилтынхаа үзүүрээс атгах урт замыг даван туулахын тулд өөрийгөө ялан дийлсэн"

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

"Амжилтынхаа үзүүрээс атгах урт замыг даван туулахын тулд өөрийгөө ялан дийлсэн"

"Амжилтынхаа үзүүрээс атгах урт замыг даван туулахын тулд өөрийгөө ялан дийлсэн"

Хөлбөмбөгийн арвин түүхтэй улсуудаас гадна алаг бөмбөгийн ид шидэд автсан олон хүн энэ спортын төлөө зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, амьдралаа зориулан ажиллаж байна. Хөлбөмбөгийн нэгэн төрөл футзал Монголд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд футзалын шүүгчид ч тив дэлхийн тавцанд гарч ажиллахаар хичээж буй. Хичээл зүтгэлийнхээ үрийг хэдийнээ хураагаад эхэлсэн Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит шүүгч Р.Жаргалсайхантай бид дараах яриаг өрнүүллээ.

Тэрбээр 08-р сард Азийн футзалын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Клубүүдийн АШТ”-д амжилттай ажиллаад ирсэн. Тун удахгүй Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг шүүн явуулах юм.

-Монгол шүүгчдээс хамгийн түрүүнд Азийн Хөлбөмбөгийн Холбоон том тэмцээнийг шүүн явуулсанд баяр хүргэе. Ямар тэмцээн шүүн явуулсан талаараа үзэгчиддээ мэдээлэл хүргэнэ үү.

-Анх удаа Азийн Хөлбөмбөгийн Холбоонд томилогдон ажилласандаа баяртай байна. 08-р сарын 07-17-ны хооронд Азийн футзалын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өөрөөр хэлбэл Азийн “Футзалын аваргуудын лиг”-т томилогдон ажилласан юм.

-Анх томилгоо аваад хэрхэн хүлээж авсан бэ? Томилгоо аваад догдолж, баярлахаас гадна бэлтгэлээ чамбай хийж эхэлсэн болов уу?

-Миний хувьд томилгоогоо 6 сарын сүүлээр авсан. Анх удаа ийм том тэмцээн шүүх болсон учраас туйлын баяртай байлаа.Мөн баярлахаас гадна том хариуцлага ирж байгааг мэдсэн. Байнгын бэлтгэлтэй байсан дээрээ нэмж талбайн тоглолтууд дээр ажиллахаа больж зөвхөн футзалдаа зориулан бэлтгэл хийж эхэлсэн дээ.

-Азийн футзалын хамгийн том тэмцээнүүдийн нэг учраас уур амьсгал, тоглогчид, шүүгчдийн ур чадвар ихээхэн өөр байсан байх. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Надад байгаа туршлага бол эх орондоо болж буй тэмцээнүүдийг шүүж олж авсан туршлага байсан. 2018 онд Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд явсан. Тэр туршлага бол мэдээж хэрэг болсон. Тивийн чанартай тэмцээн учраас өрсөлдөөн маш ширүүн, тоглогчдын тактик, арга барил тэс өөр байсан. Шүүгчдийн хувьд мөн л өөр өөрийн гэсэн арга барилтай. Тоглолтууд илүү өндөр темптэй, илүү контакттай өрнөдөг учраас алдаа өгөх түвшин нь арай дээгүүр байлаа.Өөрөөр хэлбэл манайхаас тэс өөр байсан гэсэн үг.

-Энэ тэмцээнийг шүүн явуулсны дараа яавал илүү сайжирч болох мэт санагдсан бэ?

-Олон тоглолт шүүж, туршлага хуримтлуулах хэрэгтэй санагдсан. Хэдий чинээ олон гадаадын тоглолт шүүнэ төдий чинээ хурдан туршлагажиж, чадвар сууна гэж бодогдсон доо. Яагаад ОУ-н тоглолтууд гэж байгаа вэ гэхээр тэндээс бид тоглолт удирдан явуулж сурна. Энэ нь тоглолт шүүх гэдгээс тэс өөр зүйл болохыг ойлгосон.

-Тоглогчдын хувьд шүүгчидтэй харьцах харилцаа ямар байсан бэ?

-Мэдээж дотоодын чанартай тэмцээн, олон улсын тэмцээн гэдгээрээ хоорондоо тэс өөр. Улс улсын шилдгүүд учраас ёс зүйн хувьд маш өндөр. Тоглолтын дундуур тоглогчид бүх чадлаа дайчилж байгаа ч тоглолт дуусаад маш сайхнаар өрсөлдөгчөө болон шүүгчдээ хүндэлж байсан. Би хэзээ ч эх орондоо алдсаныхаа дараа тамирчинд “Зүгээрээ,дараагийн удаа хичээгээрэй” гээд тэврүүлж үзээгүй.хэхэ

-Том том багууд, топ тоглогчдоос гадна шилдэг шүүгч нартай хамт ажилласан байх. Хамт ажилласан шилдэг шүүгчдээсээ дурдвал?

-АХБХ футзалын 41 шүүгчтэй 36 нь эрэгтэй. 36-аас жагсаагаад эхний 18-д орсныг томилоод тэмцээний өмнө шалгалт авч тэнцсэн 16-д нь тэмцээн шүүх эрх өгдөг юм билээ. Үүнээс дурдвал дүрмийн номын нүүрэнд зураг нь мөнхлөгдсөн байдаг Нурдин Букиев, Австралийн Скот Шепард гэх мэт Азийн хамгийн том том шүүгчид ирсэн байсан.

-Өөрийн чинь хувьд харьцангуй богино хугацаанд АХБХ-ны элит болж, энэ том тэмцээний ард гарлаа. Энэ мэтчилэн том тэмцээн шүүж, амжилттай ажиллахад юу шаардлагатай гэж бодож байна вэ?

-Миний хувьд богино хугацаа гэж бодохгүй байна. Бусад хүнтэй харьцуулахад богино мэт боловч энд хүрэх гэж урт зам туулсан. Бусад шүүгч нар маань англи хэлээ сайжруулж, тоглолт дээрх алдаагаа хурдан залруулж байх хэрэгтэй. Манай шүүгчдийн хувьд фитнесс, хөдөлгөөний тал дээр асуудалгүй тоглолт шүүх арга барил, англи хэлээ сайжруулчихвал гаднын ямар ч улсын шүүгчээс дутахгүй.

-Англи хэл сурахад бас их хугацаа шаардана. Та бэлтгэл сургуулилт, ажил төрлөө хэрхэн зохицуулж англи хэл сурсан бэ?

-Би дэмий өнгөрөөдөг цагаа хасаад Маршалл сургалтын төвд сурч төгссөн. Мөн би чөлөөт цагаараа, гэртээ байхдаа кино, бичлэг, влог их үздэг. Тэр бүгдийгээ англи хэл дээр үзэж, сонсож, хардаг учраас илүү хурдан тогтоодог юм бол уу гэж боддог.

-Өмнө та хэлсэн. Урт хугацаа туулсан гэж. Энэ урт замаа товчлоод нэг үгээр илэрхийлбэл.

-Өөрийгөө ялсан гэж хэлэх нь хамгийн зөв байх. Хийхэд хэцүү маш олон зүйлүүдийг өөрийгөө ялан дийлж түүнийгээ хийлгэсэн л гэж бодож байна.

-Таны дараагийн зорилго мөрөөдөл юу байна вэ?

-Шүүгч хүн бүрийн л мөрөөдөл ДАШТ Финал шүү дээ. Мэдээж,хувь хүний хувьд төлөвлөсөн олон ажил байгаа. Үүнийгээ одоохондоо нууц хэвээр хадгалъя даа.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Энэ ярилцлагын төгсгөлд өөрийн сэтгэлийн үгээ хэлж, манай ярилцлагыг жаргаана уу.

-Сэтгэгдэл маш өндөр байна. Гэхдээ бас Азийн тавцан дахь шүүгчдээс нэлээд дутмаг байгаагаа анзаарлаа. Дутмаг байна гэдэг нь бууж өгнө гэсэн үг биш. Цаашид илүү хичээх шалтгаан. Ганц өөрийгөө гэлтгүй олон залуучуудад тусалж ажиллана. Тэгэхээр илүү олон Монгол шүүгч Азийн тэмцээн шүүх хүртэл бид хичээх хэрэгтэй. Намайг, биднийг дэмжин ажилладаг МХБХ-ны нийт хамт олон, шүүгч гэр бүлдээ маш их баярлалаа.

Эх сурвалж: МХБХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж