Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замыг бүрэн хаана

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замыг бүрэн хаана

Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг дулааны төв шугамын угсралтын ажилтай холбоотойгоор есдүгээр сарын 20-ны 23.00 цагаас 22-ны өдрийн 00.00 цаг хүртэл бүрэн хаах талаар өнөөдөр /2019.09.18/ холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Энэ хугацаанд гурван цэгт зам сэтэлгээ хийж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй “Сэлбэ” дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийгдэхийг албаныхан мэдээллээ.

Хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хугацагаар бүрэн хааж байна. Нийслэл хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөрөнгөөр хэрэгжиж, Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажлыг хийх юм” гэдгийг хэлж байв.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дулааны инженер Х.Цолмонбаяр “Энэ төслийн хүрээнд хэрэгжиж буй гурван багц төслийн эхний үе шат болох Баянхошуу, Сэлбэ дэд төвийн авто зам, ус, дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Үүнд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо буюу Таван буудал, хоёр дахь байршил нь тус дүүргийн 14 дүгээр хороо буюу Зургаан буудал, гуравдугаарт 18 дугаар хороо буюу Долоон буудал гэсэн гурван байршлын авто замд сэтэлгээ хийнэ. Эхний төслийн үе шатанд Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны 9.9 км төв шугамын угсралтын ажлын явц 37.1 хувьтай явж байна. Ингэснээр 2020 онд Чингэлтэй, Сэлбэ орчмын оршин суугчдыг дулаанаар хангах боломжтой болох юм" гэсэн юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од авто замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн чиглэлд ямар өөрчлөлт орж байгааг танилцууллаа. Тэрбээр “Чингэлтэйн өргөн чөлөөгөөр хойшоо Долоон буудал руу зорчих иргэд Чингэлтэй-Хайлаастыг холбосон чулуун авто замаар дамжин зорчино. Харин Долоон буудлаас 32-ын тойрог руу зорчих тээврийн хэрэгсэл Чингэлтэй холбосон замаараа буцаж яваад, Хайлаастын уулзараараа явна. Нийтийн тээврийн маршрут ойролцоогоор нэг км орчим газар богино эргэлтэд иргэдэд үйлчилнэ” гэв.

Тэрбээр өмнө нь хийгдсэн ус, дулааны төв шугамын угсралтын ажлын хүрээнд 239 аж ахуйн нэгж зөвшөөрөл авч ажил гүйцэтгэсэн. Үүнээс  136 аж ахуй нэгжид авто зам дагуу буудах зөвшөөрөл өгснөөс 47 компанийн нөхөн сэргээлтийн ажил дутуу байгаа. Авто замын нөхөн сэргээлтийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн дуусгахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлсэн юм.

Энэ ажлын хүрээнд хоёр гэрээ байгуулагдаж, Сэлбэ дэд төвийг холбоход 7.8 сая ам.долларын хөрөнгө оруулалттай ажлыг гүйцэтгэж байгаа бол хоёр дахь гэрээгээр гурван компанийн түншлэлээр 6.4 сая ам.долларын гэрээ байгуулан ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж