МАН: У.Хүрэлсүх үү, УИХ-уу!

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

МАН: У.Хүрэлсүх үү, УИХ-уу!

МАН: У.Хүрэлсүх үү, УИХ-уу!

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг зурах эрхтэй парламентын гишүүн биш. Гэвч, парламентад 64 суудалтай эрх баригч намын дарга.  Энэ утгаараа Г.Занданшатарын парламентыг тараах хүч түүнд  хангалттай бий.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт  гологдол макеттай танилцаж, гомдсоныхоо дараа сэтгүүлчдэд хандан “Сонголтоо зөв” хийхийг уриалсан нь зүгээр ч нэг амнаасаа алдчихсан үг биш аж.  Тэр тусмаа ирэх 2020 оны зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг бодож хэлээгүй нь тодорхой болж байна.

Товчхондоо, түүний хэлсэн үгийн цаад агуулга нь УИХ-ыг тараах тухай. Энэ нь УИХ-ын дарга Г.Занданшатарын  “УИХ-ыг тарааж, Ард нийтийн санал асуулгатай нэгтгэж парламентын ээлжит сонгууль явуулахыг үгүйсгэхгүй” гэх үгнээс  харагдаж буй. МАН-ын генсек Д.Амарбаясгалан мөн УИХ-ын нэр бүхий гишүүдээс ийм асуудал гаргаж байгааг  учирлаж, намын Удирдах зөвлөл болон Бага хурлаар  хэлэлцэх байх гэжээ.
Эндээс харвал МАН-ын удирдлагуудад УИХ-ыг тараах  сонирхол байгаа нь илт. Гэхдээ, хоёр туулай хөөсөн хүн бас хоосон үлддэг жамтай.

МАН-ЫН ГЭНЭТИЙН АКЦ

У.Хүрэлсүх, УИХ хоёрын аль нэгийг авч үлдэх сонголтыг Ардын нам арваннэгдүгээр сард хийх нь.

УИХ-ыг тарааж,  Ард нийтийн санал асуулгатай зэрэгцэн парламентын сонгууль явуулснаар Ардын нам ялна гэж ямар чөтгөр нь тэдэнд шивнэчихсэнийг мэдэхгүй. Харин эсрэгээрээ МАН-д ашиггүйгээр эргэж мэднэ, мажоритари тогтолцоо нь савалгаа ихтэй.

Нэг сумаар хоёр туулай буудах нь МАН-ын гишүүдийн гэхээс номер нэгийн санаа гэж харагдаж буй.  Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг  тараах албан бичгээ экс спикер М.Энхболдод 2018 оны  аравдугаар сарын 29 -нд өөрийн биеэр гардуулж байсан. Үүний дараа 2019 оны тавдугаар сард чуулганы хуралдаанд оролцож, УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарахыг Г.Занданшатараас шаардаж байсан билээ.

 Мэдээж, жаран тэрбум, ЖДҮ-гийн хэрэг явдлаас болж ямар ч нэр нүүргүй болсон Г.Занданшатарын парламентыг тараасан тохиолдолд масс алга таших нь лав.

Олон нийтийн судалгааны төвүүдийн гаргасан судалгаагаар МАН-ын рейтинг муу, У.Хүрэлсүхийн рейтинг үргэлжилсэн “өсөлттэй” яваа.  Тиймээс У.Хүрэлсүх гурав дахь удаагаа УИХ-ын гишүүн болж мэдэх ч  хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болох боломж бас хомс. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн гол болгоомжлол энэ. Харин  энд тэндхийн популистууд, болсон болоогүй бөхчүүд, хөхчүүд, бие даагчдаас бүрдсэн ёстой л шуудайд хийсэн үхрийн эвэр шиг парламент бүрдэхийг үгүйсгэхгүй.   Сошиал ертөнцөд “давалгаалж” буй манай хар массын хандлагаас харвал ийм болгоомжлол  маш их.

Босоо рейтинг бол босоо ялна гэсэн үг бишийг  босоо С.Ганбаатараас харсан байх.  Ямартаа ч УИХ-ыг тараахад  УИХ-ын гуравны хоёр буюу 51-ээс дээш гишүүний дэмжлэг хэрэгтэй болно. Г.Занданшатарын хувьд парламентаа тараасан, төрөө нураасан гэх тодотгол түүнийг байнга дагалдана. Хэн яаж харахаас, цаашдын улс төрийн үйл явц хэрхэн өрнөхөөс хамаараад түүхэнд нэрээ хар, цагаанаар үлдээх эсэхийг шийдэх хэцүү даалгавар түүний өмнө иржээ. МАН-ын энэхүү гэнэтийн акцийн ард Ерөнхийлөгчийн гэнэдүүлсэн улс төр явж байх магадал  бүр өндөр.

  МАН-д халдашгүй эрхээсээ хугацаанаасаа өмнө татгалзах хүсэлгүй гишүүн цөөнгүй бий. УИХ тарсан тохиолдолд  ЖДҮ-гийн хэрэг явдлаараа шүүхийн хаалга татах гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нараас эхлээд нэрлэж болно.

АН-ЫН ТООЦООЛООГҮЙ УЛС ТӨР

ЖДҮчид, жаран тэрбумын парламентыг тарах шаардлагыг байнга тавьж байсан сөрөг хүчний улс төр тооцоолсноос өөрөөр эргэж мэдэхээр боллоо. С.Эрдэнийн намын хувьд ийм акцыг МАН-ын жаран тэрбумчид болоод ЖДҮчид гэнэт эхлүүлнэ чинээ  тооцоолоогүй  биз.  Товчхондоо, “айлгах” төдий  акцыг нь  МАН амилуулна чинээ төсөөлөөгүй нь лав.   Мэдээж, энэ мэдээлэл АН-д гэнэтийн цохилт болсон байх.  Тэгээд ч МАН-ын "бөлдөг"-тэй улс төрөөс  болж халдашгүй эрхээсээ долоон сарын өмнө татгалзахыг АН-ын зөвлөл хүснэ гэж үү?

Гэхдээ АН-ын айлгах төлөвлөгөөг МАН бодитоор хэрэгжүүлбэл С.Эрдэнийн намд төдийлөн ашиггүй.

Хэдийгээр мажоритари тогтолцоо сөрөг хүчинд ашигтайгаар  эргэдэг ч өнгөрсөн гурван жилд Ардчилсан нам үхээнц, сул дорой явж ирсэн, рейтинг нь МАН-аас нэг их дээрдэхгүй/Сант Маралын судалгаагаар МАН22 хувьтай, АН21 хувьтай байгаа/, дээр нь Ардчилсан намд итгэл алдарсан сонгогчдын хандлага төдийлөн өөрчлөгдөөгүй, намын дарга нь олон нийтэд нэр хүнд муутай  зэргээс  харвал арваннэгдүгээр сарын ээлжит бус сонгуулиар АН ялалт байгуулах боломж бараг байхгүй юм.

Харин ирэх он хүртэл эрх баригчдын алдаан дээр тодорхой  тоглолт хийж чадвал АН-ын хувьд “хонгилын үзүүрт гэрэл харагдах" бололцоотой.

Н.ЭНХБАЯРЫН ХҮЛЭЭЛТ ЭЦЭСЛЭГДЭХ ҮҮ?

Хэнтийн нөхөн сонгуульд өөрийгөө сойж, хүчингийн хэргээр "ширээн дээрээсээ өөрөө ойчсон" Д.Гантулгын тойргийг бүтэн жил эргэж, тойрсон  Н.Энхбаяр Цэцийн шийдвэрээс болж их санасан газар хоосон хоносон. Харин МАН-ын гэнэтийн акц, улс төрийн өрнөлийг харвал МАХН-ын дарга Н.Энхбаярт хамгийн ашигтайгаар эргэж мэдэхээр болжээ.  Үүнийг тэрбээр  мөн ч их хүлээсэн дээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэдийнэ гар барьчихсан, сүүлийн үед цоо шинэ Үндсэн хуулийг ярьж, Ерөнхийлөгчийн засаглал гэж нэлээд “сэвэх” болсноос нь харвал түүний холын шунал хэвээрээ гэлтэй. Олон нийт МАН, АН-аас залхсан, гуравдагчийн хүлээлтэн дээр уг орон зайг Н.Энхбаяр тоглолт хийх боломж харж буй нь худлаа биш.

МИХАЙЛД НЭГ БОДОЛ БИЙ

МАН-ын автор бүхий Үндсэн хуулийн өөрчлөлтийг Д.Лүндээжанцангийн хэлснээр яаж нэг “зулбуулчихгүй”  шиг ард түмний дэмжлэг авах вэ гэдэгт үнэмлэхүй олонх тархиа гашилгаж суугаа.

Ядаж байхад, Ерөнхийлөгчийн улс төрөөс айж, ард түмнээс асууна гээд ам алдчихсан байдаг.  Ард түмний дэмжлэг авч чадвал Ардын нам ирэх 2020 оны сонгуульд ялалт байгуулах боломж байна гэсэн үг.  Санал асуулга 50+1 байж дэмжигдэх ёстой. Тиймээс  МАН-ын Үндсэн хуулийн цаана МАН-ын нэр хүнд давхар явж байна гэсэн үг.

Хэрэв ард түмний дэмжлэг авч чадахгүй аваас У.Хүрэлсүхтэйгээ, УИХ-тайгаа МАН унаж мэднэ. Аль ч талаас нь харсан өнөөдөр МАН ацан шалаанд оржээ. Тэднийг улс төрийн өрөг дээр Ерөнхийлөгч тал талаас нь "шаглаж" байна. Мэдээж, МАН-ын үнэмлэхүй олонхын үнэмлэхүй олонх “бөлдөг”-тэй Михайлд нэг бодол байгаа нь нэн ойлгомжтой.  Ерөнхийлөгчийн мэхэнд гурван жил мадлуулж яваа   МАН-ын эморлын эрсдэл нь Монголын тусгаар тогтнол болчхоод байгаа нь эмгэнэлтэй.  Генералын үнэтэй байлдагч байдаггүй  шиг улсаасаа "үнэтэй" намын дарга, Ерөнхий сайд гэж байх ёсгүй юм, уг нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж